Үүнийг уншаад та дахин ариун цэврийн өрөөндөө гар утсаа ОРОЛДОЖ ЧАДАХГҮЙ


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2020-10-18

Хэрэв та ариун цэврийн өрөөндөө гар утсаа авч ордог бол энэ зуршлаасаа яг одоохон салах хэрэгтэй! Reviews сайтаас мэдээлж буйгаар дийлэнх хүмүүс гар утсанд донтсон төдийгүй эцэг эхчүүдийн 17.3 хувь нь хүүхдэдээ биш гар утас оролдоход илүү их цаг зарцуулдаг нь тогтоогдсон байна. Мөн хүмүүсийн 73.4 хувь нь ариун цэврийн өрөөндөө гар утсаа авч ордог аж.

Эдгээр тоо баримт таны хувьд тийм ч чухал зүйл биш мэт санагдаж магадгүй. Гэвч бодит байдал дээр гар утас бидний эрүүл мэнд төдийгүй оюун ухаан, сэтгэх чадварт ч сөрөг нөлөө үзүүлдэг байна. Хэрвээ та цаг үргэлж гар утсаа оролддог төрлийн хүн бол яг одоо муу зуршлаасаа татгалзаарай. Учир нь гар утас:

ХОРТОЙ БАКТЕРИ ТАРААХ ЭРСДЭЛТЭЙ

Гар утасны дэлгэц суултуураас арав дахин бохир байдаг гэсэн судалгаа бий. Харин гар утсыг бохирдуулагч хүчин зүйлүүдийн нэгд ариун цэврийн өрөө багтдаг. Суултуурын тагийг хаахгүйгээр усаа татахад л вирус, нян нь 6 метр хүртэл зайд цацагддаг тул ариун цэврийн өрөөнд бактери хаа сайгүй байх боломжтой юм. Улмаар гар утасны дэлгэцэн дээрх бактериуд бидний ходоод, гэдэсний үйл ажиллагаа доголдох шалтгаан болдог байна. 

ШАМБАРАМ ӨВЧИНТЭЙ БОЛОХ ЭРСДЭЛ ӨНДӨР

Гар утсаа оролдоход нэг л мэдэхэд маш их хугацаа өнгөрчихсөн байдаг шүү дээ. Тэгвэл суултуур дээр суухдаа гар утсаа оролдвол энгийн үеийнхээс илүү удаан хугацаанд суух эрсдэлтэй учраас үүнийгээ дагаад шамбарам өвчин тусах магадлал ч ихэсдэг байна. 

Хэдийгээр ариун цэврийн өрөөнд гар утас оролдох болон шамбарам өвчний хамаарлыг судалсан нарийн судалгаа байхгүй боловч шамбарам өвчнөөр өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа шалтгаануудын нэг нь гар утас байж болох юм. 

СЭТГЭХ ЧАДВАРЫГ ХЯЗГААРЛАДАГ

Adrian Ward, Kristen Duke зэрэг эрдэмтэд хамтран “Ухаалаг утас болон хүний танин мэдэхүйн хамаарал”-ын талаар судалгаа хийсэн бөгөөд гар утас нь бидний сэтгэн бодох, төвлөрөх чадварыг хязгаарладаг болохыг тогтоожээ. Тиймээс та бүхэн байн байн гар утсаа шалгахаас зайлсхийж, гар утсаа унтрааж өөртөө цаг гаргаж байгаарай. 

ААРЦАГ, НУРУУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХ МАГАДЛАЛТАЙ

Та саяны гарчгийг уншаад гар утас, аарцаг, нуруу зэрэг нь хоорондоо ямар хамааралтай юм бол гэж бодож магад. Бид суултуур дээр суунгаа утсаа оролдоход нуруу маань маш ихээр бөгтийдөг. Энэ нь цаашлаад хүзүү, нуруу болон гэдэс давсаг гэх мэт аарцаг хавийн эрхтнүүдэд их хэмжээний ачаалал өгдөг байна. 

ГАР УТАС БОЛ ЕРДӨӨ Л ХЭРЭГЛЭЭ

Гар утас биднийг дэлхий ертөнцтэй холбодог ачтан боловч нөгөө талаараа маш ихээр донтуулдаг. 2018 онд Их Британи улсын 18-34 насны 500.000 гаруй хүмүүсийн дунд ухаалаг гар утасны хэрэглээний талаар судалгаа явуулжээ. Судалгааны үр дүн маш олон хүнийг цочирдуулсан байдаг. 

Тодруулбал, судалгаанд оролцогчдоос “Гар утсаа алдахын оронд юугаа золиослох вэ?” гэж асуужээ. Судалгаанд оролцсон 10.000 хүн тутмын нэг нь гар утсаа алдсанаас нэг хуруунаасаа татгалзсан нь дээр гэж хариулсан гэнэ. Үүгээр ч зогсохгүй судалгаанд оролцогсдын 23 хувь нь үнэрлэх, амтлах, сонсох, хүртэх, харах гэсэн таван мэдрэхүйнхээ нэгийг нь золиосолж чадна гэжээ. 

Эх сурвалж: Bright Side

#Эрүүл мэнд #Зөвлөгөө