Алдартай уран зургуудын нууц: “Арнольфинийхний хөрөг” дээрх хос хэн бэ?


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-10-18

"АРНОЛЬФИНИЙХНИЙ ХӨРӨГ"

Огноо: 1434

Хэрэглүүр: Тосон будаг, самбар

Хэмжээ: 82.2*60 см

Байршил: Их Британи, Лондоны Үндэсний галерей

Умардын дахин сэргэлтийн үеийн хамгийн аугаа зураачдын нэг Ян Ван Эйк тосон будгаар нарийн чимхлүүр зурдгаараа алдартай байлаа. Түүний “Арнольфинийхний хөрөг”-т чинээлэг хос тохилог тансаг өрөөнд хамтдаа зогсох ба ард нь байрлах толинд тэдний болон өөр хоёр хүний дүрс харагдана. Зураг дээрх хос хэн болох нь олон жилийн турш нууц байсан юм. Тэднийг Брюггэд амьдарч байсан Итали худалдаачин Жованни ди Арриго Арнольфини ба түүний эхнэр гэж үзсэн тул уг зургийг “Арнольфинийхний хурим” гэж нэрлэжээ. Гэвч хамгийн сонирхолтой нь хос залуус зургийн ханан дээрх 1434 оноос нэлээд хэдэн жилийн өмнө гэрлэсэн нь ил болсон юм. Тиймээс одоо уг зурагт Жованнигийн авга эхнэртэйгээ хамт байна гэж үздэг болжээ. Цонхоор тусах гэрэлд гар гараасаа барин зогсох хосууд, мөн толинд тусах хоёр хүн яг хэн болох нь одоо ч олны сонирхлыг татдаг билээ.

Зургийн нууцыг тайлах нь:

Энэ зургийг анх харсан хэн ч Арнольфинийн эхнэрийг бие давхар байна гэж боддог. Цүдийсэн гэдэс нь түүнийг үнэхээр бие давхар харагдуулна. Гэсэн ч тэр зүгээр л даашинзынхаа хормойг дээш нугалан барьсан байж ч болох юм. Загварлаг фламанд байшингийнх нь дотор тал тавилгаар дүүрэн байх ба зогсож буй хос хоёулаа гоёмсог хээнцэр хувцастай байна. Тэдний бие сунасан мэт урт байгаа нь хувцаслалтыг нь тодруулж, баян чинээлэг байдал, зиндааг нь тодотгоно. Элэгдсэн модон шалны ширхэглэг, гялгар гадаргуу маш бодитой харагдах бөгөөд ширээ болон цонхны тавцан дээр байгаа амтат жүрж яг л шинэхэн агаад бодит мэт.

Нэлмэгэр том малгай өмссөн Арнольфини тухайн үеийн нийгмийн чинээлэг байдал, зэрэг зиндааг илэрхийлнэ. Харц доош чиглэсэн нь нухацтай байдлыг илтгэх хэдий ч эхнэр рүүгээ гараа чиглүүлсэн байдал нь уян зөөлөн ажээ. Нарны туяанд гэрэлтэж буй Арнольфинийн эхнэр цацган хүрээтэй, нарийн даавуун толгойн өмсгөл зүүсэн байна. Эхнэр нөхөр хоёрын царайг хоёуланг нь дөрөвний гурваар үзүүлсэн нь тэдний дүрийг илүү бодитой харуулах аж.

Маргад ногоон даашинзны хуйлаасыг нарийн зурсан нь бөс даавууны чанар, хүнд жинг мэдрүүлнэ. Бөс нь тухайн цаг үед туйлын үнэтэй байсан хамба хилэн ажээ. Ханцуйн дээрх нарийн чимэглэл, ухлаадас тансаг, чинээлэг байдлыг илтгэж байна.

Орны багана дээр, лууны хажууд Гэгээн Маргарэтын сийлбэр сийлжээ. Харин зүүн талд нь унжих шүүр гэрийн эзэгтэй нарын сахиусан тэнгэр Гэгээн Марта юм. Мөн Гэгээн Маргарэт нь хүүхэд төрөлтийн ивээгч тэнгэр тул өмнө дурдсан жирэмсэн гэх үзэл баримтлалыг дэмжиж байна.

Зургийн зүүн доод буланд Арнольфиний модны хээ, шавар болсон модон ултай гутал харагдана. Харин эхнэрийнх нь гоёмсог улаан шаахай толин доор байх аж.

Гоёмсог гуулин лааны суурь дээр ганц ширхэг лаа асаатай байна. Ганц дөл нь бүхнийг харагч Бурханы мэлмийг бэлгэддэг. Мөн залбирлын эрх, толийг тойрсон Христийн шаналлын зургууд нь хосыг Христ итгэл үнэмшилтэйг бат илтгэнэ. Христийн цовдлуулах хүртэлх үйл явдлыг дүрсэлсэн арван зургаар хүрээлсэн толинд дөрвөн хүний тусгал харагдаж байна. Хоёр нь хосууд бол гурав дахь нь зураач өөрөө байж болох юм. Харин дөрөв дэх хүн хэн болох нь оньсого хэвээр байна. Түүнчлэн ханан дээр 1434 хэмээгээд латинаар “Ян ван Эйк энд байсан” гэж бичжээ.

#Уран зураг #Түүх