BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie-гийн ШҮҮМЖЛЭЛ дагуулсан хувцас


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2020-10-09

Өмнөд Солонгосын охидын алдарт BLACKPINK хамтлаг аравдугаар сарын 2-ны өдөр “Lovesick Girls” уран бүтээлээрээ эргэн ирсэн. Дуу цацагдсан даруйдаа олон орны "iTunes" хөгжмийн чартыг тэргүүлэхээс эхлээд олон олон амжилтуудыг дагуулсаар байгаа билээ. Тэгвэл хамтлагийн гишүүн Jennie-гийн тус дууны клип дээр өмссөн хувцас багагүй шүүмжлэл дагуулаад байна. 

“Lovesick Girls” дууны албан ёсны клипэнд Jennie сувилагчийн "маш бариу" хувцас өмсөн "No could help me when I'm lovesick" хэмээн үглэдэг хэсэг гардаг. Jennie хамтлагтаа реппэрийн үүрэг гүйцэтгэдэг ч сүүлийн хэд хэдэн уран бүтээлүүдэд түүний реп хэсэг огт багтаагүй учир шүтэн бишрэгчид ийнхүү эргэн ирсэнд нь ихэд баяртай байсан юм. Гэвч нөгөө талаасаа энэ хэсэг маш их хэмжээний шүүмж дагуулж байгаа бөгөөд Өмнөд Солонгос Улсын эрүүл мэндийн салбарын ажилчдын нэгдлийн зүгээс Jennie-гийн өмссөн хувцас хэтэрхий ил, задгай төдийгүй сувилагч гэх мэргэжлийг олон нийтэд андуу ташаа байдлаар хүргэж байна гэж үзэж байгаа аж. 

Энэ үйл явдалтай холбогдуулан BLACKPINK хамтлагийн харьяалагддаг YG энтертайнментийн зүгээс дараах мэдэгдлийг хийсэн юм. Үүнд:

- "Бид энэхүү дүрэмт хувцсаар олон нийтэд ямар нэгэн буруу сэтгэгдэл төрүүлэхийг зориогүй билээ. Тус хэсгийг клипнээс хасах ба аль болох богино хугацаанд клипний шинэчлэгдсэн хувилбарыг та бүхэндээ хүргэх болно" хэмээжээ. 

Тэгвэл Өмнөд Солонгос Улсын эрүүл мэндийн салбарын ажилчдын нэгдэл YG энтертайнментийн хариу мэдэгдэлд:

- "Бидний хүсэлтийг хүлээн авч тус хэсгийг устгах болсонд талархаж байна. Манай нэгдлийн 440'000 гаруй сувилагчид цааш цаашдаа Өмнөд Солонгос улсын нэрийг дэлхийд таниулж яваа BLACKPINK хамтлагийг үргэлжлүүлэн дэмжих болно" хэмээн хариулжээ.

Харин шүтэн бишрэгчдийн зүгээс, "маш жижигхэн асуудлыг дэвэргэж байна", "америк дуучдын клипийг үзвэл бүх хэсгийг нь шүүмжлэх юм байна л даа", "Jennie-д ямар ч буруу байхгүй" гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлж байгаа юм. 

Эх сурвалж: Koreaboo

#Blackpink #Jennie