Millie Bobby Brown жүжигчин болох МӨРӨӨДЛӨӨ ОРХИХ гэж байсан гэв


Миау | YOLO.MN
2020-10-06

"Netflix" кино компанийн хамгийн амжилттай яваа уран бүтээлүүдийн нэг бол "Stranger Things" цуврал яах аргагүй мөн. Нийт гурван бүлэг бүхий энэхүү цуврал  тайз дэлгэцийн шилдгүүдийг шалгаруулдаг "Emmy" шагнал гардуулах ёслолд нийт 31 удаа нэр дэвшсэн байдаг. Тэгвэл тус цувралын гол дүрийн Eleven охины дүрийг бүтээсэн жүжигчин Millie Bobby Brown "The Tonight Show with Jimmy Fallon" нэвтрүүлэгт оролцох үеэрээ жүжигчин болох мөрөөдлөө орхих гэж байсан түүхээсээ хуваалцсаныг хүргэж байна. 

Алдарт комедиан Jimmy Fallon-ий хөтлөн явуулдаг "The Tonight Show" нэвтрүүлгийн аравдугаар сарын 2-ны дугаарт "Stranger Things" цувралын од, жүжигчин Milly Bobby Brown оролцсон билээ. Тэрээр: 

- "Кино урлагийн салбарт бид 24/7 буюу цаг үргэлж татгалзсан хариу авдаг. Өөрөөр хэлбэл чи ганцхан удаа "тийм" гэсэн үгийг сонсохын тулд олон, бүр маш олон "үгүй" гэсэн хариултыг сонсох шаардлагатай болдог гэсэн үг.

Би "Stranger Things" цувралд тоглохоосоо өмнө зар сурталчилгаа, ер нь юм юмны сонгон шалгаруулалтад оролцож байсан. Ингээд "Game of Thrones" цувралын сүүлийн гурван бүлэгт гардаг Lyanna Mormont-ийн дүрийн сонгон шалгаруулалтад оролцоход дахиад л татгалзсан хариу авсан юм. Тухайн үедээ Lyanna-гийн дүрд тоглохыг чин сэтгэлээсээ хүсэж байсан болоод ч тэр үү, татгалзсан хариу авчихаад "Хмм, үнэхээр хэцүү юм байна" гэж бодож байж билээ. 

Гэхдээ "Netflix" кино компани намайг мөрөөдлөө орхих гэж байхад минь болиулж тусалсан. Миний хамгийн сүүлд оролцсон сонгон шалгаруулалтуудын нэг бол "Netflix"-ийн "Montauk" /"Stranger Things" цувралын анхны нэр/ байсан юм. Шалгаруулалтад нь оролцсоноос хоёр сарын дараа кино багийнхан бидэндтэй Skype-аар ярилцлага хийсэн. Ингээд л үлдсэн түүхийг та нар мэднэ дээ. Тиймээс "Stranger Things" бол надад энэ бүгдийг хийх урам өгсөн бүтээл яахын аргагүй мөн".

Дараах бичлэгээс түүний ярилцлагыг хүлээн аваарай. 

Харин одоо жүжигчин Millie Bobby Brown дөнгөж 16 настай хэдий ч "Emmy" шагнал гардуулах ёслолын хоёр ч төрөлд нэр дэвшээд амжсан, өөрийн гэсэн гоо сайхны брэндтэй нэгэн. 2018 онд тэр "Time" сэтгүүлээс гаргасан "Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эрхэм" жагсаалтад багтаж байсан билээ. 

Магадгүй тэр аль эрт буугаад өгчихсөн бол, аль эсвэл "Game of Thrones" цувралын Lyanna Mormont-ийн дүрийн сонгон шалгаруулалтад тэнцээд, тус дүрийг бүтээсэн бол одоогийн энэхүү амжилтад хүрэхгүй байсан ч юм билүү? Тиймээс залуус та бүхэн маань ч гэсэн зөв цаг, зөв нөхцөл байдал ирэх хүртэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцээрэй. Амжилт!

Эх сурвалж: Insider, Cosmopolitan

#Stranger Things #Netflix #Millie Bobby Brown