Кпопын эргэн тойронд: Jennie болон Hwasa нар ШИНЭ АМЖИЛТ тогтоожээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-10-05

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

JENNIE БОЛОН HWASA НАР ШИНЭ АМЖИЛТ ТОГТООЖЭЭ

BLACKPINK хамтлагийн дуучин Jennie болон MAMAMOO хамтлагийн дуучин Hwasa нар өөрсдийн бие даасан уран бүтээлээрээ шинэ амжилт тогтоосон байна.

БНХАУ-ын хамгийн том хөгжмийн платформ болох QQ Music платформоос Jennie болон Hwasa нар алтан гэрчилгээ хүртэж, Кпоп эмэгтэй уран бүтээлчдийн шинэ түүхийг бичжээ. Тодруулбал, дуучин Jennie наймдугаар сард "Solo" хэмээх уран бүтээлээрээ QQ Music платформоос алтан гэрчилгээ хүртсэнээр тус гэрчилгээг авсан анхны Кпоп эмэгтэй дуучин болсон байна.

Харин энэ үйл явдлаас хоёр сарын дараа дуучин Hwasa "Maria" дуугаараа алтан гэрчилгээ хүртжээ. Ийнхүү тэрээр уг гэрчилгээг авсан хоёр дахь Солонгос эмэгтэй дуучин болсон төдийгүй хамгийн богино хугацаанд авсан эмэгтэй дуучин гэдэг тодотголын эзэн болжээ.

Та бүхэнд сонирхуулан хэлэхэд QQ Music платформоос алтан гэрчилгээ авсан анхны гадаад эмэгтэй дуучин бол Taylor Swift бөгөөд үүний дараа Jennie болон Hwasa нар бичигдэж байгаа аж.

BLACKPINK ХАМТЛАГИЙН ШИНЭ ЦОМОГ “THE ALBUM”

YG энтертайнмент аравдугаар сарын 2-ны өдөр BLACKPINK хамтлагийн "The Album" цомгийг 1 сая хүн урьдчилан захиалсан гэдгийг мэдэгджээ.

"The Album" нь BLACKPINK хамтлагийн анхны бүрэн хэмжээний цомог бөгөөд энэ оны наймдугаар сарын 28-наас урьдчилсан захиалга нь эхэлсэн билээ. Ийнхүү хоёр сарын дотор 1 сая хүн захиалж, Кпоп охидын хамтлагийн дээд амжилтыг тогтоожээ.

Тус хамтлагийн шинэ цомогт багтсан "Lovesick Girls" дууг сонсож амжаагүй бол сонсоод үзээрэй.

CHANGMIN ЭНЭ САРД ХУРИМАА ХИЙНЭ

TVXQ хамтлагийн гишүүн Changmin "COVID-19" цар тахлын улмаас хуримаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан аж. Харин SM энтертайнментаас есдүгээр сарын 28-ны өдөр Changmin-ий хуримын товыг зарласан байна.

Changmin аравдугаар сарын 25-нд өөрийн гэр бүл, найз нөхдийн хүрээнд цомхон хурим хийхээр болжээ. Тэрээр энэ оны зургадугаар сард өөрийн гараар дараах захидлыг бичиж, цахим хаягтаа нийтэлсэн юм. Үүнд: 

- “Сайн байцгаана уу. TVXQ Changmin мэндчилж байна.

Шүтэн бишрэгчдэдээ хэлэхийг хүссэн зүйл байгаа учраас зориг гарган энэ захидлыг бичиж байна. Энэ бол амархан хэлчих зүйл биш учраас үг бичих бүрдээ маш их сандарч байна.

Нөгөөтээгүүр энэ гэнэтийн мэдээ намайг хайрладаг зарим шүтэн бишрэгчдийн минь урмыг хугалж, бухимдуулах вий гэхээс шаналж байна. Гэсэн хэдий ч энэ бол миний амьдралын томоохон үйл явдал учраас бусдаар биш өөрийн үгээр мэдэгдэх ёстой гэдгийг би ойлгож байна.

Дуучин болоод 17 жил өнгөрчээ. Тэр үед гэнэн, дутуу дулимаг зүйл ихтэй ахлах сургуулийн сурагч байсан бол одоо миний нас аль хэдийнэ 30 гарсан байна. Миний амьдралын бараг тэн хагас нь TVXQ хамтлагт өнгөрсөн. Эргээд харахад Yunho бид хоёр TVXQ хамтлагт юу хийх ёстойгоо мэддэггүй байсан бол шүтэн бишрэгчид минь биднийг хамгаалдаг байжээ. Та нар минь биднийг агуу хайраар хайрласан болохоор бид хоёр энэ хүртэл явж чадсан юм. Маш их баярлалаа.

Та бүхэн мэдээ уншсан бол намайг үерхэж байгааг мэдсэн байх. Бид бие биендээ итгэж, хайрладаг бөгөөд би энэ хүнтэй амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаа тул есдүгээр сард хуримаа хийхээр шийдлээ. Миний шийдвэрийг дэмжсэн хамтлагийн гишүүн Yunho болон надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгсөн агентлагийн ажилтнууддаа маш их талархаж байна.

Миний өнөөг хүртэл явсан замаас илүү ирээдүйд явах замд минь асар их үүрэг хариуцлага хүлээж байгаа гэж бодож байна. Тиймээс агшин бүрд хичээнгүйлэн амьдарч, өрхийн тэргүүний үүргээ биелүүлэх болно. Үүнийг минь хамгийн их дэмжиж, урам өгч буй хүн бол TVXQ хамтлагийн Yunho юм.

Хэдийгээр зун болж байгаа ч дэлхий дахинд хүйтэн жавартай байгаа мэт санагдаж байна. Хүн бүр өөрийн эрүүл мэнд, сэтгэл зүйдээ анхаарал тавиарай. Миний урт захидлыг уншсанд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье”.

Changmin нь 1988 онд төрсөн бөгөөд 2003 онд TVXQ хамтлагийн гишүүн болж урлагийн ертөнцөд хөл тавьжээ. TVXQ хамтлаг нь өмнөд Солонгос төдийгүй Азийн урлагийн зах зээлд нэрээ тамгалсан домогт хамтлаг бөгөөд Changmin зөвхөн дуучин төдийгүй кино урлагийн салбарт алдартай жүжигчин юм.

SORN ЖҮЖИГЧИН HYUNBIN-ИЙГ ХАРАХЫН ТУЛД СОЛОНГОСТ ИРЖ БАЙСАН

CLC хамтлагийн гишүүн Sorn жүжигчин Hyun Bin-ийг харахын тулд өмнөд Солонгос улсад ирж байсан гэжээ.

Chonnasorn Sajakul буюу Sorn нь Тайланд улсад төрсөн бөгөөд дуучин болох мөрөөдлөө биелүүлж Солонгос охидын хамтлагийн гишүүн болжээ. Тэрээр "Video Star" нэвтрүүлэгт оролцохдоо жүжигчин Hyun Bin-ий шүтэн бишрэгч гэдгээ хэлсэн байна. Sorn:

- “Би "Secret Garden" кинонд үнэхээр их дуртай. Тийм болохоор Hyun Bin-ийг харахын тулд анх удаа Солонгос руу явсан. Hyun Bin-ий зураг хаа саагүй байна гэж бодсон ч миний төсөөлснөөс өөр байсан шүү” гэжээ.

RYEOWOOK БОЛОН ARI НАР БОЛЗОЖ БАЙГАА

Super Junior хамтлагийн гишүүн Ryeowook болон TAHITI хамтлагийн гишүүн Ari нар болзож байгаа гэдгээ мэдэгджээ.

Есдүгээр сарын 29-ний өдөр, SpoTVNews сайтаас Ryeowook болон Ari нарыг саяхнаас болзож эхэлсэн гэж мэдээлжээ. Тус мэдэгдэл гарсны дараа Label Sj компаниас тус мэдэгдэл үнэн гэдгийг баталгаажуулсан байна.

Ryeowook 1987 онд төрсөн бөгөөд өмнөд Солонгосын алдарт Super Junior хамтлагийн дуучин юм. Харин түүний найз бүсгүй Ari нь 1994 онд төрсөн бөгөөд Tahiti хамтлагийн хамгийн залуу гишүүн аж.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд