Өсвөр насны хүүхдүүд НОЙРНЫ АСУУДЛАА хэрхэн шийдвэрлэх вэ?


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2020-09-29

Шөнийн турш сайн унтаж амрах талаар ярихад ихэнх хүмүүс үүнийг “амархан” зүйл гэж хүлээж авдаг. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ буюу хүмүүс орой унтах гээд орондоо орсон ч хэдэн цаг, цаашлаад шөнийн турш унтаж чадахгүй хэвтэх нь элбэг байдаг. Үүнийг хэвийн зүйл үү гэвэл мэдээж ҮГҮЙ ЭЭ.

ӨСВӨР НАСНЫХАН ХОНОГТ 8-10 ЦАГ УНТАХЫГ ЗӨВЛӨДӨГ

Анх 2015 онд Katherine M. Keyes, Julie Maslowsky, John Schulenberg зэрэг эрдэмтэд 1991-2012 онд төрсөн хүүхдүүдийн нойрны хэв маягийг судалсан байна. Уг судалгаагаар амьжиргааны түвшин доогуур, сургуульдаа гадуурхагдсан, хотын захад амьдардаг хүүхдүүд дунджаас бага цаг унтаж байгааг тогтоожээ. Мөн ихэнх охид дунджаас бага цаг унтдаг байв. 

Ингэж бага цаг унтах нь зөвхөн бие махбод төдийгүй оюун ухаан, сэтгэл зүйд ч асар ихээр нөлөөлдөг аж. Тийм ч учраас өнөөгийн нийгэмд шөнийн турш сайтар унтаж амрах нь юу юунаас илүү чухал болж байна. Бид орой эрт унтвал өглөө эрт босож чадна гэж боддог ч бодит байдал дээр орондоо эрт ороод хүссэн цагтаа унтаж чаддаггүй нь нууц биш юм. 

Харин Teen Vogue сайтаас өсвөр насныхан унтахаасаа өмнө дараах дадлыг хэрэгжүүлж чадвал шөнийн турш сайтар амарч чадна хэмээн зөвлөсөн байна.

1. ҮНЭРЛЭХ МЭДРЭМЖЭЭ АШИГЛАХ

Унтлагын өрөөнөөс тань ямар нэгэн хурц үнэр үнэртвэл унтаж чадахгүй байх вий гэж санаа зовох хэрэггүй. Учир нь эфирийн тос, лаванда цэцгийн үнэртэн зэрэг нь таатай мэдрэмж төрүүлж тархийг тайвшруулдаг гэж үздэг тул эдгээр үнэртнүүдээс сонгон агаар чийгшүүлэгч рүүгээ 1-3 дуслыг хийгээд л орондоо ороорой. Дэрнийхээ доор лаванда цэцгийн үнэртэй үнэртүүлэгч тавьсан ч болох юм. Харин үнэртэй лаа сонгохгүй байхыг зөвлөсөн байна. 

2. ДЭЛГЭЦ ҮЗЭХ ЦАГАА БАГАСГАХ

Аливаа электрон төхөөрөмжөөс ялгардаг дэлгэцийн цэнхэр гэрэл буюу хиймэл гэрэлтүүлэг нь бидний нойрыг сэрээж, цаашлаад нойрны хэмнэлийг алдагдуулдаг байна. Дийлэнх эмч нар орой унтахаас дор хаяж хоёр цагийн өмнө зурагт, гар утас, таблет, компьютер зэрэг цахим төхөөрөмжүүдээ ашиглахгүй байхыг зөвлөдөг билээ. 

Өглөө хичээл, ажилдаа явахад бэлдэх зүйлсээ орой зурагт үзэж, гар утсаа оролдох цагтаа бэлдчихвэл амар шүү дээ. 

3. ЦАГИЙН ХУВААРЬ БАРИМТЛАХ

Бидний бие махбод цагийн хуваарьт дасан зохицсон байдаг. Хэрвээ бид тогтмол унтдаг цагаасаа 2 цагаар оройтож унтвал маргааш нь мөн л 2 цагаар оройтож сэрнэ. 

Өсвөр насныхны биологийн цаг өөрчлөгдсөнөөр шөнө унтсанаас өдөр унтсан нь тэдний хувьд илүү хялбар болжээ. Ийнхүү шөнийн турш сэрүүн байж өдөр нь нь унтсаар зуршил болдог. Хэдий тийм ч бид тодорхой хуваарийг баримталж чадвал тогтмол цагт унтах дадалтай болж чадна.

4. ДУУ ЧИМЭЭ

Зарим дуу чимээ таныг бат бөх унтахад тусалдаг. Хэдийгээр унтахад саад болж буй мэт боловч гадаад орчны чимээг дарахад тусалдаг аж. Мөн ус дуслах, суултуурын ус татах чимээ зэрэг нь хэвийн зүйл бөгөөд ийм чимээнд унтах нь тийм ч муу зүйл биш аж. Нойрны мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар зарим нойр хүрэхгүй тохиолдолд YouTube, Calm зэрэг апликейшнээр байгалийн чимээ сонсох нь үр дүнтэй байдаг байна. 

Эх сурвалж: Teen Vogue

#Нойр #Амралт #Эрүүл мэнд