Кпопын эргэн тойронд: MAMAMOO хамтлаг гэрээний хугацаагаа СУНГАХ уу?


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-09-28

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

MAMAMOO ХАМТЛАГ ГЭРЭЭГЭЭ СУНГАХ УУ?

Өнөө цагийн Кпоп хөгжмийн томоохон төлөөлөгчдийн нэг болох MAMAMOO хамтлагийн энтертайнменттайгаа байгуулсан гэрээний хугацаа ирэх онд дуусах билээ. Тус хамтлаг анх 2014 онд 7 жилийн гэрээтэйгээ нэгдэж байсан ба ирэх жил буюу 2021 онд гэрээгээ сунгах эсэх нь олны анхаарлыг ихэд татаж байгаа юм.

Тэгвэл MAMAMOO хамтлагийн Solar болон Moon Byun зэрэг гишүүд "V Live" платформоор шууд дамжуулалт хийн шүтэн бишрэгчдийнхээ асуултад хариулт өгөх үеэрээ гэрээгээ сунгах эсэх тал дээр ч мөн хариулт өгчээ. 

Тус хамтлагийн нэгэн шүтэн бишрэгчээс “Та нар гэрээгээ сунгахгүй юм уу?” гэсэн асуулт ирэхэд Solar, “Бидний гэрээний хугацаа ирэх жил дуусна” гэхэд Moon Byul, “Долоон жил үнэхээр хурдан өнгөрсөн байна” гэжээ. Харин Solar үргэлжлүүлэн, “Ирээдүйд юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Энэ бол бидний амьдралыг шийдэх асуудал учраас гишүүд хамтдаа байж, энэ талаар илүү нухацтай ярилцах ёстой байх. Ирэх жил гэхэд бидний хариулт тодорхой болно гэж бодож байна.

Гэхдээ бидэнд хамтлагаараа хийх ёстой олон зүйл байгаа. Миний бодлоор зөвхөн гэрээний талаар бодох нь үнэтэй цагаа дэмий үрж байгаа юм шиг санагдаж байна. Гэрээнд санаа зовохын оронд шүтэн бишрэгчидтэйгээ дурсамж дүүрэн цаг хугацааг өнгөрүүлмээр байна” гэжээ.

TWICE ХАМТЛАГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

Энэ жил TWICE хамтлаг байгуулагдсаны 5 жилийн ой тохиож байгаа билээ. Тэгвэл энэ оны зургадугаар сарын 1-нд "More&More" хэмээх цомгоо гаргасан тус хамтлаг ирэх сарын 26-ны өдөр дахин шинэ цомог гаргахаар болжээ. 

KWON MINA “WOORI ACTORS” ЭНТЕРТАЙНМЕНТТАЙ ХИЙСЭН ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛЖЭЭ

Есдүгээр сарын 26-ны өдөр Woori Actors энтертайнментаас Kwon Mina-тай хийсэн гэрээгээ цуцалсан талаар мэдэгдэл хийлээ. 

Тус энтертайнментаас дараах мэдэгдлийг хийжээ. Үүнд:

- “Манай компани энэ сарын эхээр Kwon Mina-тай хийсэн онцгой гэрээгээ дуусгавар болгосон. Уран бүтээлч маань хэсэг хугацаанд амарч биеэ тэнхрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул бидний зүгээс түүний шийдвэрийг хүндэтгэхээр шийдлээ”

JUNG YONG HWA ШҮТЭН БИШРЭГЧДЭЭСЭЭ БЭЛЭГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ

Дуучин Jung Yong Hwa цаашид шүтэн бишрэгчдээсээ бэлэг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдлээ.

Есдүгээр сарын 21-ний өдөр CNBLUE хамтлагийн гишүүн Jung Yong Hwa дараах мэдэгдлийг хийсэн байна. Үүнд:

- “Сайн байцгаана уу, Jung Yong Hwa мэндчилж байна.

Би шүтэн бишрэгчдээсээ маш их хэмжээний бэлэг хүлээж авдаг. Гэсэн хэдий ч өнөөдрөөс эхлэн та бүхний дэмжлэг болон чин сэтгэлийг л хүлээж авахаар шийдлээ. Энэ бүх материаллаг эд зүйл надаас илүү та бүхэнд хэрэгтэй гэж бодож байна. Надад бэлэг өгөхийн оронд намайг чанга дуугаар дэмжээрэй. Харин миний зүгээс та бүхэндээ илүү том бэлэг барихыг хичээх болно.

Бүгдэд нь баярлалаа. Эрүүл энх байгаарай”

KIM HYUN JOONG АРАВДУГААР САРД ОНЛАЙН ТОГЛОЛТ ХИЙНЭ

Дуучин Kim Hyun Joong ирэх сард “A Bell Of Blessing” нэртэй онлайн тоглолт зохион байгуулахаар болжээ. 

Дуучин Kim Hyun Joong "COVID-19" цар тахлын улмаас өөрийн бие даасан тоглолтоо онлайнаар зохион байгуулахаар болсон аж. Түүний “A Bell Of Blessing” тоглолт аравдугаар сарын 17-нд болох бөгөөд дэлхийн 100 орчим оронд цацагдах юм байна.

YURI ШИНЭ ЦОМОГ ГАРГАНА

Girl’s Generation хамтлагийн гишүүн Yuri өөрийн YouTube хаягаараа шууд дамжуулалт хийх үеэрээ шүтэн бишрэгчдэдээ олон таатай мэдээ дуулгажээ.

Тэрээр шинэ цомог гаргахаар бэлдэж байсан ч цомгийн ажил одоогийн нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Түүний шинэхэн цомогт Girl’s Generation хамтлагийн нэгэн гишүүн хамтарсан бөгөөд шүтэн бишрэгчдээ тийм ч удаан хүлээлгэхгүй гэж амлажээ.

Kwon Yu-ri (тайзны нэр: Yuri) нь 1989 онд төрсөн бөгөөд 2007 онд Girl’s Generation хамтлагийн гишүүн болсноор урлагийн ертөнцөд хөл тавьсан байна. Тэрээр дуу хөгжмөөс гадна кино урлагт хүч үзэж "Fashion King" (2012), "Local Hero" (2016), "Gogh, The Starry Night" (2016), "Innocent Defendant" (2017) зэрэг олон ангит кинонд дүр бүтээжээ.

Эх сурвалж: Allkpop

#Кпопын эргэн тойронд