“The Kissing Booth” киноны талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-09-25

Бид өмнөх дугаартаа “Strong Woman Do Bong Soon” цувралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаа өсвөр үеийнхний дунд алдартай байдаг инээдмийн романтик кино “The Kissing Booth”-ыг онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 6/10

Киноны үнэлгээ /RottenTomatoes/: 17%

Эхний анги цацагдсан огноо: 2018 оны тавдугаар сарын 11

Нийт ангийн тоо: 2

Үйл явдал: Elle Evans бол ахлах сургуулийн охин. Тэрээр анхны үнсэлтээ сургуулийнхаа хамгийн халуухан, царайлаг залуу болох Noah Flynn-д өгч, түүнтэй болзож эхэлнэ. Гэвч түүний хамгийн сайн найз Lee Flynn буюу Noah Flynn-ы дүүд энэ харилцаа тийм ч таатай санагдсангүй.

15 НАСТАЙ ОХИНЫ ЗОХИОЛ

Киноны зохиолч Beth Reekles ердөө 15 настай байхдаа “The Kissing Booth” киноны зохиолыг туурвисан гэвэл та итгэх үү? Тэрээр “Wattpadd” хэмээх өгүүллэг, зохиолын алдартай аппликейшн дээр ижил нэрт зохиолоо анх бичиж байсан бөгөөд тухайн үедээ маш олон хүн уншиж, эцэст нь кино болсон түүхтэй.

ӨМНӨД АФРИКТ ХИЙГДСЭН ЗУРАГ АВАЛТ

Киноны үйл явдал Los Angeles хотноо өрнөдөг ч яг үнэндээ бодит зураг авалт Өмнөд Африкт хийгдсэн гэнэ. Тус улсын “Cape Town”-д ихэнх хэсгийн зураг авалт хийгдсэн ба үзэсгэлэнтэй, дулаахан уур амьсгалтай гэдгээрээ алдартай аж.

ГЭНЭТИЙН БЭЛЭГ

Киноны зохиолч шүтэн бишрэгчдэдээ нэгэн гэнэтийн бэлгийг барьсан аж. Тэрээр Noah Flynn их сургуульд элсэхээсээ өмнө Elle Evans болон Lee Flynn нар зуныг хэрхэн өнгөрүүлсэн тухай өгүүлэх “The Beach House” хэмээх богино зохиолыг  өөрийн “Wattpadd” хуудаснаа үнэгүй байршуулсан аж. Та ч мөн ЭНД дарж тус өгүүллэгийг унших боломжтой шүү.

JACOB ELORDI ЯГ ҮНЭНДЭЭ МОТОЦИКЛ УНАЖ ЧАДДАГГҮЙ БАЙВ

Царайлаг залуу Noah Flynn-ы дүрийг мотоциклгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэвч тус дүрийг бүтээсэн Jacob Elordi өмнө нь мотоцикл огт унаж чаддаггүй байсан ба кинонд тоглохын тулд унаж сурсан гэнэ. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Кинонд тоглож байх үедээ мотоцикл унаж сурах үнэхээр сонирхолтой байсан. Ойрын үед мотоциклд үнэхээр дурлаж байгаа шүү. Ээжээ та энэ ярицлагийг үзэж байвал би яг одоо мотоцикл авахаар явлаа” хэмээжээ.

ХАМГИЙН ОЛОН ҮЗЭГЧТЭЙ КИНО

Кино цацагдсан дариудаа “Netflix” хуудасны хамгийн олон үзэгчтэй кино жагсаалтад шууд орж ирсэн гэнэ. Хэдий киноны эхний анги цацагдаад 2 жил өнгөрсөн хэдий ч одоо хүртэл тэрхүү жагсаалтад багтсаар байгаа аж.

JOEY KING-Д ЗОРИУЛСАН ДҮР

Жүжигчин бүсгүй Joey King нь Elle-гийн дүрийг бүтээхийн тулд нэг ч сонгон шалгаруулалтад оролцоогүй. Кино багийнхан шууд түүнд энэ дүрийг санал болгож байсан бөгөөд тэрээр тухайн үед үнэхээр балмагдаж байжээ. Joey King тухайн үеэ дурсахдаа “Тухайн үед би зохиолыг уншиж үзчихээд “Хэзээ шалгаруулалтад орж болох вэ” гээд асууж байсан. Гэтэл тэд “Шалгаруулалтад орох шаардлага байхгүй ээ. Бид чамд энэ дүрийг санал болгож байна” гэсэн. Амьдралын минь хэзээ ч мартагдахааргүй мөчүүдийн нэг” хэмээжээ.

БОДИТ АМЬДРАЛ ДЭЭРХ ҮЕРХЭЛ

Noah болон Elle-гийн дүрийг бүтээсэн хоёр жүжигчид маань бодит амьдрал дээрээ үерхэж байсан билээ. Тухайн үед тэднийг бүгд маш тохирсон хосууд гэдэг байсан ч Joey King болон Jacob Elordi нар удалгүй салсан юм. Хэдий салсан ч жүжигчид маань киноны хоёрдугаар анги дээр дахин хамтран тоглосон билээ.

ГУРАВДУГААР АНГИ

Энэхүү киноны шүтэн бишрэгчдэд дуулгах сайхан мэдээтэй. Киноны үргэлжлэл анги буюу гуравдугаар анги 2021 онд гарах нь албан ёсоор батлагдсан билээ. Жүжигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй ба хэд, хэдэн туслах дүрүүд нэмэгдэх магадлалтай гэнэ. Одоо бид хүлээх л үлдлээ.

#Бидний мэдэхгүй баримтууд #The Kissing Booth