“PLAY STATION 5” арван нэгдүгээр сард худалдаалагдаж эхэлнэ


YOLO.mn | YOLO.MN
2020-09-22

Японы электрон бараа үйлдвэрлэгч “SONY” корпорац энэ оны арван нэгдүгээр сарын 12-ноос эхлэн “PLAY STATION” тоглоомын шинэ хувилбар болох “PLAY STATION 5”-ийг худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Тус тоглоомыг худалдан авахаар төлөвлөж буй хүмүүст хэлэхэд урьдчилан захиалгыг есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн өгөх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.

Өмнөх загваруудын урьдчилан захиалгаас энэ жилийн загварын урьдчилан захиалга илүү өвөрмөцөөр төлөвлөгдсөн аж. Энэ нь урьдчилан захиалгыг албан ёсны дэлгүүр, сайтад өгч болохоос гадна “сонгогдсон жижиглэн худалдаа эрхлэгч”-дээр дамжуулан захиалга өгөх боломжтой болсон явдал юм. Арван нэгдүгээр сарын 12-ны өдөр худалдаанд гарах уг тоглоом нь АНУ, Канад, Мексик, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос гэх улсуудад эхлээд зарагдах юм. Харин арван нэгдүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн олон улсад худалдаалагдах аж. Гэвч БНХАУ-ын зах зээлд худалдаалагдах огноо нь одоог хүртэл зарлагдаагүй байгаа юм.

“PLAY STATION 5” тоглоом нь “PLAY STATION 5”, “PLAY STATION 5 DIGITAL” гэсэн хоёр загварын сонголттойгоор худалдаанд гарна. Үнийн хувьд  “PLAY STATION 5” загвар 499.99 ам.долларын үнэтэй бол  “DIGITAL” загвар нь 399.99 ам.долларын үнэтэй байх аж. “PLAY STATION 5”болон “PLAY STATION 5 DIGITAL” загваруудын онцлох ялгаатай зүйл нь дискний хөтөч /DISK DRIVER/ буюу “диск уншигч” юм. “PLAY STATION 5” болох энгийн загвар нь диск уншигчтай бол “DIGITAL” загвар нь диск унших боломжгүй, өөрийн “Hard Disk” буюу өөрт байх багтаамжид тулгуурлан тоглоомуудыг суулгах боломжтой. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрд байх “PLAY STATION” тоглоом сонирхогчдын хувьд илүү хямд үнээр дэвшилтэт, сүүлийн үеийн хувилбарыг худалдан авах боломж олгож байгаагаараа бусдаас онцлог юм.

Мөн “PLAY STATION 5” тоглоомын худалдаанд гарах өдөр “Microsoft” корпорацын “X BOX” тоглоомын шинэ хувилбарын худалдаанд гарах өдөртэй бараг зэрэгцэж гарч байгаа аж. “X BOX” тоглоомын шинэ загварууд болох “XBOX SERIES X” “X BOX SERIES S” нь  арван нэгдүгээр сарын 10-ны өдөр худалдаалагдаж эхлэх юм.

О.Батдорж

Эх сурвалж: IGN, Theverge

#Play station 5 #Game