5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

"Би эрэгтэй хүүхэдтэй ЯРИХ нь битгий хэл ЭГЦЭЛЖ ХАРЖ ч чаддаггүй"


Сондор | YOLO.MN
2016-09-02

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: БИ ТҮҮНИЙГ МАРТАЖ ШИНЭ ХАРИЛЦАА ҮҮСГЭСЭН НЬ ДЭЭР ҮҮ?

Найз охиндоо зориулж зураг зурж байхыг нь хараад уурламаар байсан ч харин ч эсрэгээрээ өхөөрдмөөр харагдсан. Хөвгүүдэд ийм тал байдаг байх нь ээ гэж.
19 настай Ж...

Сайн байна уу! Намайг Ж гэдэг. Би 19 настай. Их сургуулийн 3-р курсийн оюутан. Хэдийгээр ийм насан дээр хайр дурлалын тал дээр гарамгай биш юм аа гэхэд ядаж хэд хэдэн удаа болзоонд яваад үзчихсэн баймаар нас. Гэтэл би гэдэг хүн өдий болтол болзож байгаагүй ээ. Том хүн гэгдэх үедээ өсвөр насны охин шиг яах учраа олохгүй л захидал бичиж сууна. Энэ явдлыг ойлгоно гэж найдъя.

Би дунд сургуульд байхдаа нэг хөвгүүнтэй үерхэж байгаад таагүй байдлаар салчихсан. Тэрнээс хойш эрэгтэй хүн гэдэг ойлголт хөндий явсан. Миний шүтэн биширдэг одууд дийлэнх нь эрэгтэй ч энэ ердөө компьютерийн цаадах амьдрал. Гэтэл би бодит амьдрал дээр эрэгтэй хүнтэй ярих нь битгий хэл харж ч чаддаггүй. Эмэгтэй хүний хэт их төсөөллөөр ч гэх үү. Би анх их сургуульд орох эхний өдөр л нэг хөвгүүнд татагдсан, араас даган явсаар сургуулийн их танхимд орж, захирал багшийн нээлтийн үг хэлэхэд нь дэргэд зогсон сонсож, дахиад л дагасаар нэг мэдэхэд нэг анги болохоо мэдсэн. Мэдчихээд ямар их баярласан гээч.

Манай ангийн охидууд, нөгөө ангийн охидууд ч гэлтгүй бүгд л түүнд анхаарал хандуулж, бас зарим нь илт түүний өмнө сээтэгнэдэг. Тэр үнэхээр нэг ч удаа тэдний үйлдэлд хариу үзүүлээгүйд би талархдаг. Тэр яг кино зохиол дээр гардаг шиг сагсны спортоор сургуулийн шилдэг тоглогч болсон нь бүр ч илүү охидын анхаарлын төвд орсон. Ингэж явсаар хоёрдугаар курсээ төгслөө. Бид хээрийн дадлагад гарахаар болов. Би энэ үед их ичмээр эрээ цээргүй гэмээр өөрийн зүгээс бяцхан гэж хэлж болохуйц хинт буюу би чамд сайн гэх дохиог хангалттай өгсөн. Тэр над дээр хүрч ирэхэд нь би золтой л ухаан алдчихаагүй. Гэтэл зүгээр л нэг юм асуучихаад яваад өгсөн. Тэгтэл би гэдэг хүн энэ дотор дайн болж байгаа юм чинь. Зуны турш мөрөөдсөөр...

3-р курсэд ороход тэр аль хэдийн найз охинтой болчихсон байлаа. Би өөрийгөө хуурах гэж их хичээсэн. Найз охин, охид байна уу бүгд л солигдоно гэж… Гэтэл үгүй юм байна аа ч гэж бодох болсон тэр найз охиндоо үнэхээр хайртай гэх алхмуудыг их хийдэг. Найз охиндоо зориулж зураг зурж байхыг нь хараад уурламаар байсан ч харин ч эсрэгээрээ өхөөрдмөөр харагдсан. Хөвгүүдэд ийм тал байдаг байх нь ээ гэж. Найзаасаа асуулаа. Нэг жил гаран үерхсэн гэхээр их дотно ер нь бидний насныхан эхнээсээ л нөхөртэй болоод хүүхэдтэй ч болж байна, төгсөх курс болохоор бараг тэд гэрлэж ч магадгүй гэх бодлууд сүүлийн үед их бодогдох болов. Тэр найз охиноо сонгох болов уу?

Эсвэл залуу хүний зам урт гэдэг шиг зүгээр л түүний найз охин нь амьдралд нь ороод гарч явах хүн үү? гэдгийг би үнэхээр их мэдэхийг хүсч байна. Магадгүй би тэрнийг сэтгэлээсээ явуулж өөр шинэ танилтай харилцаа үүсгэсэн нь дээр үү? Тийм бол яаж? Би чинь их аймхай бас ярилцаж ч чадахгүй шүү дээ? Би яах вэ? надад туслаач, зөвлөгөө өгөөч?

Хэрвээ энэ мэдээлэл нийтлэгдвэл над руу хариу бичнэ үү!

Баярлалаа

ЗӨВЛӨГӨӨ: ӨӨРЧЛӨЛТ ЗААВАЛ БИЙ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭХ ХЭРЭГТЭЙ

Харилцаж буй хүн чинь алдаа гаргахыг чинь хянах гэж биш юу ярихыг чинь сонсох зорилготойг санаад биеэ барилгүй яриагаа өрнүүлэх хэрэгтэй.
Сэтгэл судлаач И.Тогтуун

Сайн байна уу?

Тэдний гэрлэх, гэрлэхгүйг хэн ч тааж мэдэхгүй. Тиймээс бусад хүмүүсийн талаар хий хоосон таамаглал төрүүлж цагаа үрж байхаар өөр чамайг хайрлах хэн нэгнийг олж, бусадтай харилцаа үүсгэж эхлэх нь дээр. Гэхдээ энэ том асуудал биш харин чамд тулгараад байгаа асуудал нь хэрхэн эсрэг хүйсийн хүнтэй харилцаа холбоо тогтоох  айдсаасаа салах вэ гэдэгт байгаа гэж ойлголоо. Үүний тулд хамгийн эхэнд өөрийн харилцах чадвараа 1-10 хүртэл үнэлээд үзээрэй. Хэрэв нилээн доогуур байгаа бол алхам алхмаар, бага багаар дээшлэх хэрэгтэй. Хүн бүрт төрөхдөө бусадтай харилцах, нийгэмших, ойлголцох хэрэгцээ мөн чадваруудтай төрдөг ч зарим чадваруудаа хөгжүүлэх хэрэгтэй байдаг учир хичээж байгаа цагт ямар нэг хэмжээгээр өөрчлөлт, өсөлт, хөгжил заавал бий болох болно гэдэгт ИТГЭХ хэрэгтэй.

Дараа нь өөрийн хүсэж буй өөрчлөлтүүдийг багаас нь эхлэн сайжрах хүртэл нь жагсаан бич. Жишээ нь,
1. Эсрэг хүйсийн хүний хажууд ярихгүй ч гэсэн сандралгүй байх
2. Ойр зуурын, богино ч хамаагүй “Цаг хэд болж байна?” гэх мэтчлэн яриа өрнүүлэх. (Хэрэв чамд хариулбал эелдэгээр талархлаа илэрхийлэх хэрэгтэй.)
3. Өөрөө эхэлж яриа эхлүүлж, ямар ч сэдвээр хамаагүй яриа өрнүүлэх гэх мэтчилэн бага багаар ахиц гарах байдлаар гарах үр дүнгүүдээ эрэмбэлээд шат шатаар ахих нь хэт том, хүрэшгүй зүйл төсөөлөөд түүнээсээ айгаад, шаналаад, мохоод суухаас хамаагүй үр дүнтэй.

Харин ярих чадварын хувьд эхний үед алдаа гаргахаас бүү айгаарай. Харилцаж буй хүн чинь алдаа гаргахыг чинь хянах гэж биш юу ярихыг чинь сонсох зорилготойг санаад биеэ барилгүй яриагаа өрнүүлэх хэрэгтэй. Алдаан дээрээсээ, олон удаагийн давталтаар суралцахаас биш гэнэт нэг өдөр сайн яриад сурчихна гэж байхгүйг санаарай.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 
 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers