Apple компани хоёр шинэ цаг, хоёр шинэ iPad-ийн загвараа танилцууллаа


YOLO.mn | YOLO.MN
2020-09-16

Apple  компани  Apple Watch бугуйн цагны шинэ загваруудаа өнгөрсөн шөнө танилцууллаа. Харин 2012 оноос хойш анх удаа намрын танилцуулга дээрээ iPhone утасны шинэ загварыг зарласангүй.  Тус компани iPhone 12 загварыг аравдугаар сард танилцуулах төлөвтэй байгаа аж. Үүний шалтгааныг ажиглагчид коронавирусийн улмаас нийлүүлэлтэд асуудал гарсан гэж үзэж байна.

Apple Watch Series 6 загвар нь өмнөх жилийн загвараас 20 хувиар хурдан ажилладаг шинэ процессортой болжээ. Шинэ загвар нь цусан дахь хүчилтөрөгчийн түвшинг хэмждэг мэдрэгчтэй юм байна. Түүнчлэн энэхүү цаганд далайн түвшнээс дээш хэдий хэмжээний өндөрт байгааг хэмждэг альтиметр суулгажээ.

Цусан дахь хүчилтөрөгчийн түвшинг хэмждэг мэдрэгчтэй, далайн түвшнээс дээш хэдий хэмжээний өндөрт байгааг хэмждэг альтиметр суулгажээ.

Мөн нойрны үргэлжлэх хугацаа болон чанарын хэмжигчтэй бөгөөд коронавирусийн цар тахалтай холбогдуулан 20 секунд хүртэл хугацаанд гараа угааж байгаа эсэхийг хэмждэг хэмжигчтэй болсон байна.

Apple  компани мөн Apple Watch SE загварын цагаа танилцууллаа. Энэхүү загвар нь хуучин Series 3 загварыг орлохуйц хямд үнэтэй бөгөөд 40 болон 44 мм-ийн дэлгэц, S5  процессортой юм байна. Энэ загварт хүчилтөрөгч хэмжигч байхгүй ч Apple Watch Series 6-гаас хямд үнэтэй аж.

Apple Watch Series 6 нь 399 доллар, Apple Watch SE нь 279 долларын үнэтэй. Түүнчлэн эдгээр цагуудад цэнэглэгч дагалдуулахгүй ба энэ нь байгаль орчиндоо ээлтэй шийдэл болсон гэжээ. Хэрвээ та цэнэглэгчтэй бол дахиж авах шаардлагагүй,  цэнэглэгчгүй бол нэмж авах хэрэгтэй болж байна.

Мөн цагнуудыг хөх, алтлаг, хар саарал болон улаан өнгөтэйгөөр гаргажээ. 

Apple Watch цаг нь тус компанийн хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн аж. 2019 онд тус компанид 24,5 тэрбум долларын орлого оруулсан нь хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өндөр үзүүлэлт гэнэ. 

ШИНЭ iPAD  ЗАГВАРУУД

Apple хямд үнэтэй iPad 8 болон дундаж үнэтэй iPad Air загваруудаа танилцууллаа. 

iPad 8 нь өмнөх загвараасаа 40 хувиар хурдан ажилладаг A12 Bionic процессор, 10,5 инчийн диагоналийн дэлгэцтэй. Мөн шинэчилсэн батарей нь бүтэн хоногийн турш цэнэгээ барьдаг бөгөөд Apple Pencil  болон зөөврийн кийборд дэмждэг байна. 

Apple Pencil болон Smart Keyboard дэмждэг бөгөөд гараар бичсэн текстийг таньдаг болжээ

iPad Air 10.9 инчийн диагоналийн дэлгэцтэй, 30 хувиар хурдан ажилладаг А14 Bionic процессортой. Мөн Apple Pencil болон Smart Keyboard дэмждэг бөгөөд гараар бичсэн текстийг таньдаг болжээ. Өөрөөр хэлбэл тэмдэглэлээ таблетын үзгээр бичихэд тоон хэлбэрт оруулдаг болсон байна. 

iPad Air-ийн видео танилцуулга

iPad 8  329 доллар,  iPad Air 599 долларын үнэтэй. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор байгууллагууд алсын зайгаар ажилладаг болсонтой холбоотойгоор таблетын борлуулалт нэмэгджээ. Энэ оны санхүүгийн гуравдугаар улиралд 6,6 тэрбум долларын орлогыг Apple  таблетын борлуулалтаасаа олсон байна.

APPLE FITNESS+, APPLE ONE  ҮЙЛЧИЛГЭЭ

Apple компани Fitness+ шинэ үйлчилгээгээ нэвтрүүллээ. Энэ нь төрөл бүрийн дасгалуудыг нэгтгэсэн видео сан юм байна. Бүжиг, йог, хүчний дасгалууд, амьсгалын дасгалуудыг багтаасан уг санг Apple Watch  загварт зориулан бий болгожээ. iPhone, iPad, Apple TV-гээр дасгалаа хийх явцдаа Apple Watch нь таны хөдөлгөөн болон зүрхний цохилтыг хэмжих юм. 

Мөн тус компани Apple One үйлчилгээгээ танилцуулав. Хэрэглэгчид сард 14,95 доллараар Apple Music, Apple TV+, Apple Arcade болон 500 гигабайтын iCloud-д нэвтэрч үйлчилгээ авах боломжтой юм. 

Мөн зургаа хүртэлх тооны гэр бүлийн гишүүдээ хамруулан сард 19,95 долларын багцын үйлчилгээнд хамрагдах боломжтой.

#Apple #Шинэ бүтээгдэхүүн