Хичээлээс гадуурх үйл ажиллагаа хэр чухал вэ?


YOLO.mn | YOLO.MN
2020-09-15

Ихэнх сурагчид хичээлээс гадуурх үйл ажиллагаа тийм ч чухал биш гэсэн түгээмэл ойлголттой байдаг. Гэвч сурагчид хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор өсөн дэвжиж, өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой билээ. Зөвхөн ном уншиж, сайн дүн авч, шалгалтаа давах нь чухал гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэй.

Учир нь хичээлээс гадуурх төрөл бүрийн үйл ажиллагаануудад тогтмол оролцсоноор оюун санаа болоод бие бялдрыг хөгжүүлээд зогсохгүй, олон эерэг өөрчлөлтүүд авчирдаг байна. Ингээд уншигч, хүүхэд залуустаа зориулан хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсоноор ямар эерэг өөрчлөлтүүд бий болох талаар зөвлөгөөг хүргэж байна. Тиймээс одооноос эхлэн "би чадахгүй" гэсэн ойлголтоосоо салан шинэ зүйлс туршаад үзээрэй.

ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДАВУУ ТАЛУУД:

ЦАГ ТӨЛӨВЛӨЛТ ХИЙЖ СУРНА

Хичээлээс гадуур ямар нэгэн үйл ажиллагаанд хамрагддаг сурагч илүү өндөр оноо авах хандлагатай байдаг байна. Учир нь цагаа зөв зохицуулж, төлөвлөж сурдаг ба өөртөө итгэх итгэл нэмэгдэж, өөрийгөө бусдад илэрхийлэх чадвар сайжирдаг ажээ. Цаг төлөвлөлт зөвхөн сурагч байхад ашиглах зүйл биш бөгөөд нэгэнтээ сурсан байхад насан туршдаа ашиглах маш том эрдэм билээ. Хичээлээс гадуур ямарваа нэгэн үйл ажиллагаанд оролцдог бол хийх зүйлсээ төлөвлөн зохицуулж биеэ даах чадвар нь сайжирдаг. Ингэснээр хийж байгаа бүхэн үр дүнтэй болж эхэлдэг. Тухайлбал, шалгалт өгч байхад хариултаа цагт нь амжиж бөглөх, шалгах гэх мэтээр цагаа зөв хуваарилж сурдаг байна.

ШИНЭ ЧАДВАРУУД ЭЗЭМШИНЭ

Багаар ажиллах, үйл ажиллагаа зохион байгуулах, баг удирдах гэх мэт сурагч ахуйд хэрэгтэй олон олон чадваруудыг эзэмшдэг. Спорт эсвэл өөр ямар нэгэн клуб дугуйланд хамрагддаг хүүхдүүд хамрагддаггүй хүүхдүүдийг бодвол манлайлах чадвар болон бусадтай харилцах чадвар өндөртэй болдог аж.

ОРОЛЦОО НЭМЭГДЭНЭ

Ямар нэгэн оролцож байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж, илүү их хийхийг эрмэлздэг болох ба энэ нь мэдлэг хуримтлуулж, шинийг сурах нэгэн алхам болдог байна. Мөн шинэ хүмүүстэй танилцах, харилцах зэргээр өөрийнхөө хүрээллийг тэлж, ирээдүйд өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг олж авч чаддаг.

ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛНЭ

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь маш олон чадварууд эзэмшихэд тусалдаг ба академик мэдлэгтэй дүйцэхүйц чухал юм. Гэхдээ хичээлээс гадуур ямарваа нэгэн сонгон, секц, дугуйланд хамрагдаж байгаа гээд хичээлээ хэзээ ч орхигдуулж болохгүй. Аль алийг нь хослуулснаар өөртөө тавьсан зорилгодоо хүрч чадна. Хэрэв өөрийгөө дайчилж чадвал тун удахгүй өөрөөрөө бахархах үе ирнэ шүү. Амжилт!

Эх сурвалж: Yourstory

Н.Бүрэнжаргал

#Амжилт #Хичээлээс гадуурх үйл ажиллагаа