Кпопын эргэн тойронд: “Hwasa бол Кпоп ертөнцийн Beyonce”


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-09-07

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

HWASA БОЛ КПОП ЕРТӨНЦИЙН BEYONCE

Дуучин Hyolyn MAMAMOO хамтлагийн гишүүн Hwasa-г Кпоп ертөнцийн Beyonce гэжээ.

Есдүгээр сарын 4-ний өдөр, дуучин Hyolyn "Kim Shin Young’s Noon Song Of Hope" нэвтрүүлэгт оролцож өөрийн эрүүл мэнд, хэтийн төлөвлөгөөнийхөө тухай ярьсан байна. Мөн Kim Shin Young түүнийг "Өмнөд Солонгосын Beyonce" гэж дуудсан бөгөөд Кпоп дуучдаас дараагийн Beyonce-гийн талаар асуужээ. Харин Hyolyn MAMAMOO хамтлагийн Hwasa-г нэрлэсэн байна. Ташрамд дурдахад, MAMAMOO хамтлагийн гишүүн Hwasa өмнөд Солонгосын шилдэг эмэгтэй оддоос бүрдсэн хамтлагийн гишүүнээр сонгогдоод байгаа юм. Тус хамтлаг нь хэсэг хугацаанд үйл ажиллагаа явуулах боловч аль хэдийн солонгосчуудын анхаарлыг татаж, хүлээлт үүсгээд байгаа аж.

HA:TFELT ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

Wonder Girls хамтлагийн гишүүн Yeeun буюу HA:TFELT тун удахгүй шинэ уран бүтээл гаргахаар болжээ.

HA:TFELT цахим хуудсаараа дамжуулан есдүгээр сарын 10-нд “La Luna” хэмээх шинэ уран бүтээл гаргахаа мэдэгдсэн байна. Тэрээр таван сарын өмнө “1719” хэмээх бүрэн хэмжээний цомог гаргаж, шүтэн бишрэгчдээ баярлуулсан билээ.

AKMU SUHYUN АНХНЫ БИЕ ДААСАН УРАН БҮТЭЭЛЭЭ ХИЙНЭ

AKMU хамтлагийн гишүүн Suhyun анхны бие даасан уран бүтээлээ гаргаж, соло дуучны карьераа эхлүүлэхээр болжээ.

Allkpop сайтын мэдээлснээр, Suhyun энэ оны намар бие даасан уран бүтээлээ гаргана гэжээ. Мөн YG энтертайнментаас AKMU хамтлагийг энэ ондоо багтаан шинэ цомог гаргана хэмээн мэдэгдэж байсан юм.

BLACKPINK ХАМТЛАГ КПОПЫН ТҮҮХЭН РЕКОРДЫГ ЭВДЛЭЭ

BLACKPINK хамтлагийн “THE ALBUM” цомог долоо хоногийн дотор 800,000 урьдчилсан захиалга авсан байна.

“THE ALBUM” аравдугаар сарын 2-ны өдрөөс худалдаанд гарах бөгөөд уг цомогт багтсан дууны жагсаалт тодорхойгүй байгаа аж. Харин тус цомгийн урьдчилсан захиалга нь 21 жил цомгийн борлуулалтаараа тэргүүлж байсан S.E.S хамтлагийн рекордыг  эвджээ. S.E.S хамтлаг 21 жилийн өмнө асар богино хугацаанд 730,000 цомог борлуулж шилдэг борлуулалттай Кпоп охидын хамтлагаар нэрлэгдсэн юм. 

GOT7 ХАМТЛАГИЙН ГИШҮҮН MARK ‘CHINA UNICOM’ БРЭНДИЙН НҮҮР ЦАРАЙ БОЛЛОО

БНХАУ-ын үүрэн холбооны томоохон брэнд болох ‘China Unicom’ компанийн шинэ нүүр царайгаар GOT7 хамтлагийн гишүүн Mark сонгогджээ.

Тэрээр энэ онд хятад хэлээр “The Words I Never Told You” хэмээх уран бүтээл гаргасан бөгөөд БНХАУ-д нэр хүндтэй Кпоп оддын нэг юм.

Эх сурвалж: Allkpop 

 

#Кпопын эргэн тойронд