5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

ЗАХИДАЛ: Наймдугаар сарын захидлын хариу №6


ССҮТөв | YOLO.MN
2020-09-07

АСУУДАЛ: Би олон нийтэд тавигдсан танилцуулга бичлэгээсээ ичээд байна

Сайн байна уу? Би 15 настай, эмэгтэй. Надад маш олон асуудал байна. Би саяхан нэг дугуйланд явсан юм л даа. Гэтэл нэг сар ч явж амжаагүй байхад танилцуулга бичлэг хийх болсон юм. Дараа нь тэр танилцуулга бичлэгээ Фэйсбүүк хуудсандаа тавьчихсан байсан. Би уг нь гэртээ байхдаа хөөрхөн байдаг ч гадуур гарахаар хацар маань улайгаад царай муутай болчихдог. Тэр бичлэг дээр улаан хацартай бас камераас болоод миний нүүр бүдүүн, муухай гарчихсан. Бас маш онигор нүдтэй гарчихсан байсан. Би уг нь амьдрал нэрээ том нүдтэй, цагаан хацартай, нарийхан нүүрний хэлбэртэй. Магадгүй камераас л болсон байх. Би одоо тэрнээсээ ичээд, маш хэцүү байна. Багшдаа хэлээд устгуулж болох ч яг юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй. Зурвас бичиж болно л доо. Гэхдээ багш минь надаас дараа нь анги дээр очихоор ахиад л асууна. Бас "ичээд байгаа юм уу?" гэж хэлэх байх. Би яг яах вэ?

 

 
 
 

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө бусдаас түрүүлж бүү шүүмжил, бусад хүмүүсийн юу гэж бодох тэр хүмүүсийн л асуудал

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийгөө хөгжүүлэх зорилгоор дугуйланд явсан нь мундаг байна. Үргэлж давтагддаг хэвшмэл амьдралаасаа гарч шинэ зүйл хийж байгаа чинь их сайшаалтай санагдаж байна. Энэ бол чамаас гарч байгаа нэгээхэн зориг юм. Чи үүнийг өөрөө ч анзаараагүй болов уу. Амьдралынхаа хэмнэлийг өөрчлөх үед биднээс “зориг” шаардагдаж байдаг. Өөрчлөлт бий болох үед тодорхой хэмжээгээр “тавгүйтэл” дагалддаг. Өмнө нь чи ямар нэгэн зүйлд зориулж тэр бүр бичлэг хийж байгаагүй болов уу? Бичлэг хийнэ гэдэг нь өөрөө шинэ зүйл туршиж үзэж байгаагийн илрэл юм. Байнга бичлэг хийж байгаагүй болохоор өөрийгөө хараад тухгүй санагдсан байх. Гэвч энэ зөвхөн өөрийн чинь л бодол болов уу? Бусдаас түрүүлж өөрийгөө шүүмжлэх хэрэггүй ээ. Өөрийн чинь царайг хараад бусад хүмүүс юу гэж бодох нь мөн тэр хүмүүсийн л асуудал. Бусдын бодлыг та яаж ч чадахгүй. Захиан дээр бусдын бодлоос илүүтэй таны өөрийн бодол чинь зонхилсон байна шүү дээ. Бусдын бодлыг өөрчилж чадахгүй ч өөрийн бодлыг бол өөрчлөх боломжтой. Ямар үйл явдал болсонд биш, харин тухайн үйл явдлыг “яаж хүлээж авсанд” хамаг асуудал байдаг. Өнгөрсөнд ямар ч үйл явдал тохиолдсон байж болно. Харин тухайн үйл явдалд бид өөрсдөө ямар утга учир оноосноос хамаарч одоогийн сэтгэл санааны байдал маань шийдэгдэж байдаг. Үйл явдал өөрөөс чинь бүрэн хамаарахгүй байж болно. Харин ямар хандлага гаргах нь өөрөөс чинь хамаарах боломжтой. Тиймээс өөрийгөө хэт шүүмжлэхийн оронд би даалгавраа амжилттай биелүүлсэн. Дараа дараагийн удаа илүү сайжирна гэсэн хандлагаар хандаарай. Хэрвээ үнэхээр чамд таагүй байгаа бол багштайгаа тусдаа уулзаад үнэнээ хэлээд, устгуулах хүсэлтэй байгаагаа хэлээрэй. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Амьдралын боломжгүйгээсээ болоод мөрөөдлөө биелүүлж чадахгүй байна

Сайн байна уу? Би эмэгтэй, 15 настай. Би саяхнаас маш том мөрөөдөлтэй болсон. Яагаад заавал боловсрол эзэмшсэнийхээ дараа амжилтад хүрнэ гэж? Яагаад заавал том хүн болсныхоо дараа гэж? Мэдээж би боловсрол эзэмшинэ. Гэхдээ бүр багаасаа, хүүхэд байхаасаа амжилтад хүрэхийг хүсэж байна. Тэгээд л өөрийн сонирхсон дугуйланд явж эхэлсэн. Одоо 10 сард төгсөнө. Би одооны хүүхдүүдэд атаархаж байна. Жишээ нь, Том хамтлаг, Мичидмаа нар өөрийгөө хөгжүүлж байгаа. Зөөлөнсий болон бусад дугуйланд хамт явдаг хүүхдүүд үүнээс гадна ахиад 2, 3 дугуйланд зэрэг явдаг. Гэтэл манайх амьдралын боломжгүй, хүндхэн амьдралтай. 12-р сараас өмнө би од болохыг хүсэж байна. Учир нь нэг тоглолт болно. Хэрвээ мөнгөтэй байвал ээжтэйгээ явж очоод, мөнгөө өгөөд өөрийн гэсэн дуугаа хийлгүүлж чадна. Гэвч амьдралын боломж муутай. Ээж минь намайг дагуулж яваад байж чадахгүй. Өвчтэй, хөл муутай юм л даа. YouТube суваг ч ажиллуулж болно. Гэвч төхөөрөмжийн мөнгө хэрэгтэй болно. Би яг яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Одоо өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглаж, авьяас чадвараа аажмаар хөгжүүлээрэй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Амжилтад хүрэх амбицтай байгаа чинь сайн байна. Гэвч нөгөө талаар хэт яараад өөртөө хэт ачаа үүрэх гээд байгаа юм биш биз? Хэт өөртөө том шалгуур тавих нь эргүүлээд биднийг хэцүү байдалд оруулж байдаг.

- “Ингэвэл, тэгвэл” тийм боломжтой байсан бол гэсэн бодлуудаасаа эхний ээлжид салахыг оролдоорой. Хохирогчийн дүрд оруулж бодсон бодлууд маань угтаа бидний үйл хөдлөлийг маань хязгаарлаж байдаг.

- Одоо байгаа өөрийн нөөц бололцоог бага багаар ашиглаж, өөрийн авьяас чадварыг чадах чинээгээрээ гаргахад болно.

Өөрт чинь одоо ямар нөөц бололцоо байна гэдгээ сайн ажиглаарай. Өөрийгөө бусадтай харьцуулах үед ихэвчлэн бусад хүмүүс гоё харагдаад “би л хөөрхийлөлтэй” байгаа юм шиг санагддаг. Гэвч энэ тийм биш юм. Хүн болгонд өөрийн нөөц бололцоо гэж байдаг. Одоо байгаа нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөөд, түүнийг яаж өөрчлөх вэ? Гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээрэй.

 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Өөрийгөө огтхон ч ойлгохгүй байна, яавал аз жаргалтай болдгоо ч мартсан

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Асуухыг хүссэн хэд хэдэн асуулт байна. Ойлгож хариулж өгч байгаад үнэхээр их баярлалаа. Ер нь ойрд уур уцаар, бухимдал нэмэгдэж, юунд ч амархан гомддог болоод, сэтгэл зүй их тогтворгүй болоод байна. Учир нь гэвэл аав ээж хоёр байнга хэрэлдэж, саяхан шинэ дүүтэй болоод эгчийн үүрэг хариуцлага ч нэмэгдээд, ээжийгээ аль болох зовоохгүйг хичээгээд, гэр орны ажил, хоол унд гээд дүүгээ ч их харж байгаа. Тэрнээс болоод гэрээсээ ч гарахгүй. Гарахыг ч хүсдэггүй болсон. Нэг л тусгаарлагдсан юм шиг санагдаад байгаа. Мэдээж хичээл ороод, дүү ч томорвол энэ нь тогтворжоод илүү дээр болох ч хурдхан шиг л эргээд хэвэндээ орохыг хүссэн ч нэг л чадахгүй ч юм шиг. Бас угийн л нэг их нийтэч, хүмүүстэй сайн харилцаад байдаггүй, үзэл бодлоо ч олигтойхон илэрхийлж чаддаггүй, өөртөө ч итгэх итгэл ч байхгүй. Өөрийгөө хэзээ ч хангалттай гэж бодож байгаагүй. Өөрчлөгдөж, ямар нэг байдлаар илүү дээрдмээр байна. Хэдэн сарын өмнөөс нэг бандитай чаталж эхэлсэн. Надад яаж ийм хүн таарсан юм гэмээр сайн хүн. Намайг ч ойлгодог. Аль болох их тусалж, маш их магтдаг. Гэхдээ яаж ч бодсон би тэрний боддог шиг сайн, мундаг хүн биш. Гэхдээ таалагдах гэж худлаа жүжиглээгүй болохоор яг буруутай гэж хэлэхгүй. Муу тал бараг байхгүй юм шиг л боддог. Жинхэнэ намайг хараад урам нь хугарч хаяад явах ч юм шиг. Нэг тийм бодол төрөөд өөрөөсөө албаар түлхээд байгаа. Энийгээ ч ойлгохгүй сүүлдээ залхаж байна. Жинхэнэ хайр биш өөр хүн таарч болно гэх бодлууд эргэлдээд байгаа. Яавал дээр вэ? Өөрөө ч мэдэхгүй байна. Бас одоо хүртэл мэргэжил, яг юу хүсдэгээ мэдэхгүй байна. Яавал аз жаргалтай болдгоо ч мартсан. Гэрийнхэнтэйгээ, найзуудтайгаа ярилцсан ч шийдэлд хүрээгүй. Өөрөөс минь өөр хүн ямар миний өмнөөс хийх биш, бусдын хэлснийг бодохоор нэг л хүсэл төрөхгүй ч...

Яг яавал энэ бүгдийг шийдэж, илүү дээр амьдарч чадах юм бол? Хариулж өгвөл үнэхээр их баярлана.

 

ЗӨВЛӨГӨӨ: Нэг асуудал дээрээ төвлөрөн, хандлагаа өөрчил

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Олон асуудал тулгараад байгаа үед эхлээд нэг асуудал дээрээ төвлөрөөд дараа нь дараагийн асуудал руугаа анхаарлаа төвлөрүүлбэл зүгээр байдаг. Сөрөг бодол давамгайлаад эхлэх үед бидний үйл хөдлөл ч мөн адил идэвхгүй болж олон зүйлсийг сөргөөр харж эхэлдэг. Магадгүй энэ зүйл өөрт чинь тохиолдож байгаа бололтой. Олон асуудал гараад байна гэдэг маань сөрөг бодол их болж байгаагийн илрэл юм. Амьдралаа өөрчлөхийн тулд эхлээд өөрийн хандлагаа өөрчлөх хэрэгтэй байдаг. Энэ мэдээж тийм амар зүйл биш. Бид амьдралдаа тохиолдсон үйлдэл, үйл явдал болгонд өөрийн зүгээс үнэлэлт өгч байдаг. Ямар үйл явдал болсон нь чухал биш тухайн үйл явдлыг хэрхэн үнэлсэндээ байдаг. Жишээ нь “өөрт чинь сайн хүн таарсан” гэж захиан дээр дурдсан байна. Үйл явдал сөрөг гэхээсээ эерэг үйл явдал байна. Харин чи энэ үйл явдлыг өөрийн зүгээс “боломжгүй” гэж үнэлсэн байна. Өөрийн чинь үнэлэлт сөрөг байхад цааш үргэлжлэх харилцаа эерэг байх уу? Тиймээс ‘намайг хүрээлж буй хүрээлэл таагүй’ гэж харахаас илүүтэй хүрээлэл дотор байгаа би ямар хандлагатай байна вэ? Гэдгээ анхаараарай. Чамд амжилт хүсье.

 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Ээж маань надад итгэдэггүй 

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Ээж минь гэр бүлийнхэндээ их анхаардаг, бас их хайртай. Хүүхдүүдээ ч буруу зүйл рүү татагдахгүй байгаасай гэж их хүсдэг. Гэхдээ энэ байдал нь том болох тусам улам хүндрээд байх шиг санагддаг боллоо. Найзуудтайгаа нэг өдөр төрсөн өдөр тэмдэглэх юм уу, ямар нэг байдлаар гараад ирэхэд "та нар юу хийсэн, муу юм хийсэн үү" эсвэл "эрэгтэй хүүхэд байсан уу" гэх мэтийн асуултууд маш их асуудаг. Уг нь өөрийнх нь хүмүүжүүлсэн хүүхэд байтал огт надад итгэдэггүй. Найзуудыг минь ч гэсэн сайн мэддэг байж муу зүйл рүү уруу татна гэж бодоод байдаг нь надад үнэхээр дарамт болдог боллоо. Би өөрөө ч юу зөв, юу бурууг ялгаж чадахаар хүмүүжилтэй байтал. Дүү минь эрэгтэй л дээ. Найзындаа хононо, найзуудтайгаа хамт байж болно. "Би яагаад болдоггүй юм бэ" гэхээр чи эмэгтэй шүү дээ л гэдэг. Бүр зусланд амрахаар явахад минь “чи амьдралдаа харамсахаар зүйл хийв дээ” гэсэн. Энэ бол ээжийн надад анхааруулж хэлж байсан үгнүүдээс хамгийн муухай нь байсан. Анхааруулж болно гэхдээ ингэж хэлнэ гэж үнэхээр бодоогүй. Сүүлдээ гарч орж ирэхдээ гэм хийгээд орж ирж байгаа юм шиг мэдрэгдээд гадагшаа гарахаас ч жийрхэх шиг. Яавал намайг ойлгож, надад итгэдэг болох юм бол? Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Ээждээ өөрийн мэдрэмжээ хуваалцаарай

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Нийгмийн харилцаанд гарч болох аливаа эрсдэлээс хүүхдээ хамгаалах нь эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг. Заримдаа эцэг эхчүүд хүүхдэдээ санаа зовсондоо хэт хориглох тохиолдол байдаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сайн сайхны төлөө л санаа тавьж хэлж байна гэж боддог. Тиймээс ээждээ чамд ингэж хэлж сануулж байгаа нь ямар санагддаг талаар хэлэх хэрэгтэй. Ээждээ хэлэхгүй болохоор ээж нь хэрхэн зөв чиглүүлэг өгөх вэ? Гэдгээ мэдэхгүй байж болох юм. Эцэг эх маань төгс нэгэн бас биш шүү дээ. Яг энэ захиан дээрх шигээ ээждээ өөрт төрж байгаа мэдрэмжээ хуваалцахыг хичээгээрэй. Эсвэл энэ захидлаа ээждээ зориулж бичээд өгч болно шүү. Мөн ээжээсээ сонсоно гэж төсөөлөөгүй зүйлсээ сонссон болохоор их гомдсон байх. Сүүлд хэлсэн үг нь чамд хүнд туссан талаар мөн хэлж болно шүү. Ярилцахдаа эсвэл захидал бичихдээ “Таныг надад итгээсэй гэж хүсэж байна” гэдгээ илэрхийлээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Мэргэжлээрээ сурахын тулд юу хийх ёстой вэ?

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Одоо 12-р ангид орох гэж байгаа ч мэргэжлээ одоо ч өөртөө итгэлтэйгээр сонгож чадахгүй байгаа. Гэхдээ би оёдлын машиныхаа ард суугаад өөр хаана ч байхгүй загвартай хувцас хийж байхдаа үнэхээр аз жаргалтай байдаг. Би хувцас загварт үнэхээр хайртай. Бас өөрт олдсон жижиг том гэлтгүй загвартай холбоотой мэдээллүүдийг уншдаг. Тэгээд энэ мэргэжлээр цаашаа явахыг хүсдэг болж эхэлсэн. Гэхдээ ямар хичээлүүдийг судалж ямар хичээлээр шалгалт өгөх, юундаа сайн байх гэх мэтчилэн зүйлс дээр минь зөвлөгөө өгөх хүн хэрэгтэй байгаа юм л даа. Надад зөвлөгөө өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Суралцах чиглэлийнхээ дагуу судалгаа хийж, мэдээлэл цуглуул

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг болох мэргэжил сонголтын талаар санаа тавьж өөрийнхөө хэмжээнд эрэл хайгуул хийж, тусламж хүсэж байгаад баяртай байна. Мэргэжил сонгоход түлхэц болдог чухал хүчин зүйлийн нэг бол сонирхол. Чиний хувьд өөрийн сонирхдог зүйлээ аль хэдийн олчихсон байгаа нь сайн хэрэг. Бичсэн захидлыг чинь уншаад хувцасны дизайнер болохыг хүсэж байгаа гэж ойлголоо. Энэ чиглэлээр суралцахын тулд ЭЕШ-аас гадна ур чадварын шалгалт өгдөг. Үүнд зохиомж, хар зураг, уран зураг, бие даасан ажлууд зэрэг багтана. Тиймээс одооноос үүнд бэлдэж, өөрийн хүссэн загварынхаа зохиомж, хар болон уран дүрслэлийг гаргаж олон төрлийн бүтээл хийж, бүтээлийн сангаа төрөлжүүлэх хэрэгтэй болов уу. Мөн илүү нарийн мэдээллийг интернетээс эсвэл багш нараасаа асууж лавлаарай. Үүнээс гадна Монголд хувцас дизайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн дизайнертай уулзаж, тэдний туршлагаас хуваалцаж, дизайнер болохын тулд юуг анхаарах ёстой ямар ямар ур чадваруудыг эзэмших ёстой талаар нарийн мэдээлэл, зөвлөмж авахыг хичээгээрэй. Мөн аль их сургуульд энэ мэргэжлээр суралцах боломжтой талаар интернетээс мэдээлэл хайж, өөрийн биеэр очиж уулзан дээд курсийн ах эгч нараасаа бодит мэдээллийг аваарай. Чамд амжилт хүсье!

 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Мядагдэлгэр


АСУУДАЛ: Түүний талаар сайн мэдэхгүй ч, байнга бодогдоод байна

Сайн байна уу? Би 14 настай, эмэгтэй. Би нэг хөвгүүнд сайн болсон юм л даа. Тэгээд би маш хол шилжсэн болохоор харилцах боломжгүй. Бас найз охинтой эсэхийг нь ч мэдэхгүй. Тэгээд байнга бодогдоод үнэхээр хэцүү байна. Яг яах ёстойгоо мэддэггүй ээ. Зүгээр мартъя гэхээр бодогдоод салахгүй юм. Энд ирэхээсээ өмнө нэг л удаа ярилцаж байсан. Би яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Холбогдох боломжуудыг хайж, сэтгэл зүйн бэлтгэлтэй бай

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Тэр хөвгүүний утасны дугаар эсвэл фейсбүүк хаягийг нь мэдэх боломж байгаа юу? Найз нөхдөөрөө дамжуулан түүнтэй холбогдох ямар нэгэн боломжийг эрэлхийлж болох юм. Хэрвээ чи үнэхээр түүнтэй дахин харилцахыг хүсэж байвал тодорхой хэмжээнд хичээл зүтгэл гаргаарай. Мэдээж үүний үр дүнд заавал амжилттай байх албагүй бөгөөд тэр хөвгүүн аль хэдийн найз охинтой болсон ч байхыг үгүйсгэхгүй. Тиймээс тэр хөвгүүн ямар ч хариу үйлдэл үзүүлсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байна гэдэг нь эерэг эсвэл сөрөг ямар ч хүлээлт тавихгүй байхыг хэлнэ. Мөн цаг хугацааны аясаар бүхий л юмс хувьсан өөрчлөгдөж байдаг. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Мядагдэлгэр


АСУУДАЛ: Ээжийгээ яаж миний төлөө явсныг бодохоор л нулимс гараад байх юм

Сайн байна уу? Би дөнгөж өнөөдөр 9-р ангид орох хүүхдүүдээс шалгалт аваад төлбөргүй элсүүлдэг Кембрижийн хөтөлбөртэй сургуульд шалгалт өгөөд заасан оноонд нь хүрэхэд хэдхэн оноо дутаад хасагдчихсан юм аа. Харин энэ бүх зүйлд дан ганц би биш ээж минь хүртэл өөрөө шалгалт өгөх гэж байгаа юм шиг л байсан. Бүртгэл нь дуусах өдөр би эмнэлгээс гарах болж таарсан. Сар гаруй хугацаанд эмнэлгээр явж онош олдохгүй өвчнөөр өвдөж ээжийгээ маш их зовоосон. Эм тариа хоол унднаас авахуулаад байгаа бүх зүйлээ надад зориулсан. Бүртгэлийн хураамж нь 40 мянган төгрөг. Харин ээжийгээ яаж олсныг мэдэхгүй ч ээж төлөөд л надад итгэж шалгалтад оруулсан. Орой ажлаа тараад 12 гэж унтсан хүнийг өглөөний 8 цагт босгож хамт сургууль руу явсан. Харин намайг орсны дараа ээж удахгүй гараад ирэх байх, намайг буцах замаа мэдэхгүй гээд Дүнжингарав дотор өдөржингөө байсан гэж надад хэлсэн. Харин ингэж их надад итгэсэн ээжийнхээ сэтгэл рүү нь би ус цацчихлаа. Уг нь бол тэр сургуульд шалгалт өгнө гэж 6 сарын өмнөөс ярьсан байсан ч би өөрийнхөө буруугаас л шалгалтдаа бэлдээгүй. Хэрвээ жоохон л хичээгээд бэлдсэн бол тэнцэх байсан гэж ээж хэлсэн. Надад одоо үнэхээр хэцүү байна. Ээжийгээ яаж миний төлөө явсныг бодохоор л нулимс гараад байх юм. Харин одоо надад ямар ч өөртөө итгэх итгэл алга. Үеийнхээ хүүхдүүд дунд өөрийгөө үнэхээр доод түвшнийх юм байна гэдгийг л ойлгож авлаа. Өөр сургуульд шалгалт өгье гэсэн ч төлбөртэй байх юм. Харин ээж аав минь надад бас хоёр дүүд маань форм авч өгөхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж байна. Том болоод ээжийгээ жаргаахыг хүсдэг. Яг юу хийхээ үнэхээр мэдэхгүй юм. Шалгалтынхаа өмнөх өдөр нь шалгалтдаа бэлдэнэ гэж ээжээрээ ном хүртэл авахуулдаг би үнэхээр тэнэг юм. Би тэр үед яг юу бодож байсан юм бол оо? Одоо зүгээр л би байхгүй бол ээж минь ингэж зовохгүй байсан даа гэх бодол л төрж байна. Яаж ээжийгээ ингэж зовоохгүй байх вэ? Би яг юу хийвэл ээж минь баярлаж сэтгэл санаа нь сэргэх бол?

 

ЗӨВЛӨГӨӨ: Хэдий чи шалгалтдаа тэнцээгүй ч ээж нь чамд хайртай хэвээрээ

Сайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Ээжийнхээ итгэлийг алдсан юм шиг санагдаж шалгалтдаа тэнцээгүй дээ ихээр гэмшиж байгаа бололтой. Өнгөрсөн хугацаанд сурсан, бэлдсэн зүйлс үр дүнгүй болсон мэт санагдаж байгаа ч үнэндээ энэ хугацаанд чи өөрийгөө маш их хөгжүүлсэн байгаа. Хэдий чи шалгалтдаа тэнцээгүй ч ээж нь чамд хайртай хэвээрээ бөгөөд өөр ямар боломж байгааг хайгаад явж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хүсвэл ээжтэйгээ энэ талаар ярилцаад үзээрэй. Чамд ямар мэдрэмж төрж байгаа талаар мөн ээжийнхээ итгэлийг алдсан юм шиг санагдаж байгаа талаараа ярилцаад үзээрэй. Хүн бүр алддаг. Өөртөө алдахыг зөвшөөрөөрэй. Огт алдахгүй байвал чи өөрийгөө сорихгүй байна гэсэн үг. Алдаж байж бид өөрийгөө яаж хөгжүүлэх хэрэгтэй вэ гэдгээ мэдэж авдаг. Том алдаа бол том багш юм. Хамгийн гол нь алдаанаасаа суралцах нь л чухал байдаг. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ хэрэгцээг хангах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй. Ээждээ санаа зовж байгаа нь нөгөө талаараа эцэг эхээ хайрлах сэтгэлтэй, ажил хөдөлмөрийг үнэлдэг ухаантай охин гэдгийг чинь харуулж байна. Амжилт хүсье!
.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Мядагдэлгэр

 


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter