СУРВАЛЖИЛГА: Тэгш эрхийн төлөөх "Цэнхэр тэнгэрийн цаана" кино наадам


ЛГБТИК+ бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжааны талаарх зөв ойлголт, мэдээллийг кино урлагаар дамжуулан нийгэмд түгээх зорилготой "Цэнхэр тэнгэрийн цаана" богино хэмжээний кино наадам шилдэг бүтээлүүдээ тодрууллаа. Энэхүү кино наадам нь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн хүрээнд зохиогддог гэдгээрээ онцлог юм. 

Кино наадмын зорилго:

  • Монгол дахь ЛГБТИК+ бэлгийн чиг болон хүйсийн баримжаа, илэрхийллийн талаарх зөв ойлголт, мэдээллийг кино урлагаар дамжуулан нийгэмд түгээх
  • Кино уран бүтээлчдийг хүний эрхийн төлөө дуу хоолойгоо уран бүтээлээрээ дамжуулан хүргэх боломжийг дэмжих
  • Монголын ЛГБТИК сэдэвт богино хэмжээний кино бүтээлийн сан үүсгэх

Өнгөрсөн онд зохион байгуулагдсан наадамд нийт дөрвөн бүтээл ирсэн бол энэ жилийн хувьд 27 бүтээл өрсөлдсөнөөс 14 бүтээлийг нь кино театрын дэлгэцнээ толилуулжээ. Цугласан хүмүүс кино театрын босгыг давсан цагаас хойш хөл хорионы дэглэмийг баримтлан гараа ариутгаж маскаа зүүцгээж байлаа. 


“ЛГБТ Төв”-ийн гүйцэтгэх захирал, уралдааны шүүгч Э.Энхмаа:

- “Энэ удаагийн кино наадамд 27 бүтээл ирсэн нь бидний хувьд маш том амжилт юм. Мөн өнөөдөр 300 гаруй залуус цуглаж ЛГБТИК хүмүүсийн талаар зөв ойлголт, мэдээлэлтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүд чанарын өндөр түвшинд байсан учраас шилдгийг тодруулахад амаргүй байлаа. 


“ЛГБТ Төв”-ийн эрхзүйн хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэбүрэн: 

-“Кино наадам амжилттай зохион байгуулагдсанд баяртай байна. Энэ удаагийн уралдаанд бид хэд хэдэн ерөнхий шалгууруудыг тавьсан. Тухайлбал, 5-10 минутын хугацаатай, зохиогчийн эрхийн зөрчилгүй, ЛГБТИК олон нийтийн талаар зөв мэдээлэл өгсөн байх гэх мэт. Харамсалтай нь эдгээр шалгуурыг хангаж чадаагүй 10 гаруй бүтээл кино театрын дэлгэцнээ гарах боломжгүй болсон юм. Түрүүлсэн бүтээл бүх шүүгчдээс жигд үнэлгээг авч, Монголын уран бүтээлийн онцлогийг илүү харуулж, Улаанбаатар хотод очсон мэт сэтгэгдлийг төрүүлсэн гэдгийг шүүгчид дурдаж байсан. Мөн ЛГБТИК нь эмзэг сэдэв болохоор уран бүтээлд тоглох жүжигчид ховор байдаг. Харин энэ киногоор дамжуулан янз бүрийн насны, ямар ч биеийн галбиртай хүмүүсийг харуулж чадсан учраас шилдгээр тодорлоо. ЛГБТ Төв бүтээлийг өмчлөх эрхгүй учраас “Hovis” энтертайментаас зөвшөөрөл авч өөрсдийн сошиал хуудсанд байршуулан олон нийтэд түгээх болно.”


ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ЭЗЭД: “HOVIS” ЭНТЕРТАЙНМЕНТ “БИ Ч ЭРХТЭЙ”

“Hovis” энтертайментын найруулагч Б.Үгбаяр:

- “Манай энтертайнмент кино наадмын уралдаанд анх удаа шилдгээр шалгарлаа. Сэтгэл маш өндөр байна. Бид өмнө нь богино хэмжээний кино бүтээлээр “Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам”-д оролцож шилдэг 14 бүтээлийн нэгээр шалгарч байсан туршлагатай. 

"Би ч эрхтэй" киноны зураг авалтыг 12 цагийн турш хийсэн. Хамгийн чухал нь ЛГБТИК хүмүүсийг судалж, маш удаан ярилцсаны эцэст зохиол, дүрийн санаагаа гаргаж, уран бүтээлээ олон нийтэд хүргэж чадлаа. Энэхүү бүтээлээрээ өнөөгийн нийгэмд хэнээс ч хараат бус, зөвхөн өөрийнхөөрөө байх хэрэгтэйг харуулахыг зорьсон. Нэн ялангуяа эрэгтэй хүмүүст үр удмаа залгуулахаас эхлээд олон асуудал тулгардаг учраас тэднийг гэр бүлийнхэн болон найз нөхдөд нь ойлгуулах үүднээс ажиллалаа". 

Тус бүтээлийг үзэх бол ЭНД дарна уу. 

"ЛГБТ Төв"-ийн хамт олон кино наадмаас гадна манга, комик бүтээх уралдааныг зарласан билээ. Уралдаанд шилдгээр шалгарсан бүтээлүүд:


“ЛГБТ Төв”-ийн залуучуудын хөтөлбөрийн менежер Б.Хулан:

- “Манга, комик бүтээх уралдаан өдгөө гурав дахь жилдээ зарлагдаж байна. Энэ жилийн хувьд нийт 34 бүтээл хүлээн авснаас шилдэг гурван байрыг тодруулсан. Ерөнхийдөө маш өнгөлөг, гоё түүхүүд ирсэн. Энэхүү уралдаанд маань олон авьяаслаг уран бүтээлч, сонирхогч залуус бүтээлээ ирүүлсэнд их баяртай байна. 

Шилдэг гурван бүтээлийг энэ сарын дундуур олон нийтэд толилуулахаар төлөвлөж байгаа. Монголын ЛГБТИК хүмүүсийн түүхүүдийг олон нийтэд уншуулахыг тэсэн ядан хүлээж байна”.


Кино наадамд оролцсон хүн бүр ЛГБТИК+ бэлгийн чиг болон хүйсийн баримжааны тухай үндсэн ойлголт, мэдээлэлтэй болсон гэдэгт бүрэн итгэлтэй байна. Та эрх тэгш байдлыг эрхэмлэдэг, энэ талаар илүү ихийг судлах хүсэлтэй бол ЭНД дарж "ЛГБТ Төв"-ийн албан ёсны Фэйсбүүк хуудсаар зочлоорой. 

#LGBT #Хайр #Тэгш эрх