ЗАХИДАЛ: Наймдугаар сарын захидлын хариу №5


ССҮТөв | YOLO.MN
2020-09-02

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Би одоо сурч байгаа мэргэжилдээ дургүй

Сайн байна уу? Би 19 настай, эрэгтэй. Би одоо 2-р курсэд орно. Гэхдээ би одоогийн сурч байгаа мэргэжилдээ дуртай биш. Сургуульдаа явахаас ч дургүй хүрдэг. Эцэг эх маань надад одоогийн энэ мэргэжлийг эзэмшүүлэх гээд байдаг. Би ирээдүйгээ өөрөөр төсөөлчихөөд байдаг. Энэ хоёр зүйл зөрөлдөөд, бухимдаад байдаг бололтой. 

Сургуульд явахаар хүүхдүүд гадуурхаад байдаг болохоор хичээлийн жил яг л хар дарсан зүүд шиг санагдаж байна. Энэ талаар эцэг эхдээ хальт цухуйлгасан боловч “наад хүүхдүүдтэйгээ үргэлж цуг амьдрахгүй юм чинь тогтвортойхон сур” гэсэн. Ингэж хэлэхийг нь бодохоор, “миний хүү удахгүй инженер болно доо” гэхийг нь сонсоод бачимдаад хэд хэдэн удаа амиа хорлох гэж үзсэн. 

Инженер болохгүй л бол эцэг эхийнхээ ачийг хариулахгүй юм шиг санагдаад, гэхдээ цаашдаа өөрийнхөө биш бусдын амьдралаар амьдрах юм шиг санагдаад байна. Яах вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхэд өөрийн хүссэн мэргэжил, хүссэн амьдралаар амьдрах бүрэн эрхтэй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Эцэг эхтэйгээ ойлголцохгүй, түүнээс болж их бухимдаж байгаа бололтой. Хүүхэд бол эцэг эхийнхээ дутуу мэдрэмжийг эсвэл хийж чадаагүй зүйлийг гүйцэлдүүлэх өмч, хэрэгсэл биш. Хүүхэд өөрийн хүссэн мэргэжил болоод өөрийн хүссэн амьдралаар амьдрах бүрэн эрхтэй. Хүүхдийнхээ сайн сайхны төлөө гэж  байгаа хэдий ч эхлээд хүүхдийнхээ бодлыг, хүсэж байгаа эсэхийг асуух хэрэгтэй байдаг. Асуугаагүйгээс болж зөрчил үүсдэг. Мэдээж эцэг эх чинь чамд муу зүйл хүсэхгүй. Энэ замаар л явах юм бол хүүгээ аз жаргалтай, амжилттай нэгэн болох байх  гэсэн итгэл үнэмшил эцэг эхэд чинь байгаа болохоор чамайг сонсохоос  илүүтэй “тэвчээрэй” гэсэн үг хэлж байгаа болов уу.

Хэрэв үнэхээр хэцүү байгаа бол өөрийн хүсэл сонирхол болоод ирээдүйн төлөвлөгөөг тэдэнд нухацтайгаар хэлээрэй. Хэлэх хэд хэдэн удаагийн оролдлого хийх хэрэгтэй болж магадгүй. Тэр үед битгий шантраарай. Захиан дээр “амиа хорлох” бодол гэсэн байна. Энэ бол яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн дохио юм. Нэг үгээр өөрт чинь удаан хугацааны турш гадагшлуулаагүй сөрөг сэтгэл хөдлөл байна гэсэн үг. Энэ мэдрэмжээ зөвөөр ил гаргахгүй бол үл ойлголцол гарсаар л байх болно. Мөн сэтгэл зүйч дээр цаг авахыг зөвлөж байна. Удаан хугацаанд стрессдсэн учир үүнийгээ эрүүлээр гадагшлуулахад туслах мэргэжлийн хүн чамд хэрэг болно гэж бодож байна. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Өөрийгөө олж чадахгүй байна

Сайн байна уу? Би өмнө нь МУИС-д л орж байвал ямар ч мэргэжлээр сурсан яахав гээд мэргэжил сонголтын талаар хэзээ ч бодож байгаагүй. Гэхдээ одоо энэ асуудал маань гэнэт л над дээр овоороод ирлээ. Уг нь би МУИС-даа тэнцсэн л дээ. Гэхдээ аль руу нь орохоо мэдэхгүй байна. 

Ээж аав маань харин намайг миний сонирхолгүй сургууль руу оруулах гээд байгаа юм. Цаашид юугаар сурахаа мэдэхгүй ч МУИС-д л ормоор байна. Бас өөрийн юунд дуртайгаа мэдэхийн тулд нэг жил өнжиж болно л доо. Гэхдээ тэгэхийг хүсэхгүй байна. Хугацаа маань тулчихсан болохоор надад хариулт хэрэгтэй байна. Би олон судалгаа бөглөж, олон ч мэргэжил сонголтын ном уншсан. Өөрийгөө олж чадахгүй байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Илүү сайн судалж үзээгүй болохоор эргэлзээтэй байгаа болов уу?

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Мэргэжлийн талаар судалгаа, ном уншиж танилцсан чинь сайн байна.  Ерөнхий мэдээлэл авсан болов ч илүү сайн судалж үзээгүй, туршиж үзээгүй болохоор эргэлзээтэй байгаа болов уу? 

Сургуулийнхаа талаар судалсан уу? МУИС эхний жилдээ суурь хичээлүүд үзсэний дараагаар мэргэжлээ сонгодог. Өөрт таалагдаж байгаа мэргэжлүүдийн суурь хичээлүүдийг сонгож судална гэсэн үг. Сонгон судалснаар шийдвэрээ гаргах чинь хялбар болох болов уу. Сургуулийнхаа сургалтын албанаас илүү ихийг тодруулж асуугаарай.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Хичээл ороход ангийнхан маань намайг хараад яах бол гэхээс айж байна

Сайн байна уу? Би 12 настай, эмэгтэй. Би их амархан жин нэмчихдэг. Хичээл орохоор ядраад, ихэнхдээ өлсчихсөн явдаг учраас туранхай байдаг байсан. Даанч цар тахал гараад хичээлдээ явахаа больсноос хойш их жин нэмсэн. Тэгээд буцаад турах гээд хичээж байдгаараа л хоолны дэглэм барьж, хэцүү дасгалууд хийж байгаа ч үр дүн алга. 

Би хааяадаа эгчийнхээ уудаг тураах эмийг нууцаар уудаг. Бас хэд хоногийн өмнө надад бага зэрэг томддог байсан дүрэмт хувцас маань багаддаг болсон байна лээ. Хичээл ороход ангийнхан маань намайг хараад яах бол гэхээс айж байна. Надад туслаач. Би яах вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Үр дүнд яарах хэрэггүй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Захиаг уншиж байх үед турах асуудлаас илүүтэй  бусдын юу гэж хэлэх бол гэсэнд илүү анхаарал өгч байгаа юм шиг санагдлаа.

Хүний бие махбод үргэлж нэг хэвийн тогтсон баримал шиг байдаггүй. Бодит байдлыг эхлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жин нэмсэн нь үнэн үү? Үнэн. Турж болох уу? Болно. Цаг хугацаа хэрэгтэй юу? Хэрэгтэй.

Үр дүнд яарах хэрэггүй. Аажмаар дасгал хөдөлгөөн ашиглаж турах нь зөв. Өөрийн чинь насанд хамаагүй эм хэрэглэх осолтой. Бусад хүмүүс намайг юу гэж бодох бол гэсэн бодолд анхаарах биш тогтмол дасгал хөдөлгөөн болон сэтгэл санааны байдалдаа анхаарлаа төвлөрүүлээрэй. Энэ бол чиний  бие болохоос биш бусад хүмүүсийн шүүмжийн бай биш юм шүү.  “Хүмүүс намайг шүүмжлэхгүй байхын төлөө” биш, “эрүүл идэвхтэй амьдралын” төлөө гэсэн хандлагаар дасгалаа хийгээрэй. Хандлагаа өөрчилсөн байхад сэтгэл санаа хамаагүй тайван болдог.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Найз байхад арай л дотно юм шиг 

Сайн байна уу? Би өөрт тохиолдсон жижиг асуудлаа хуваалцахаар шийдлээ. Би АШУҮИС-ийн 2р курсийн оюутан. 19 настай, эмэгтэй. Анх оюутан болоод сургуулийнхаа дотуур байрны 4 давхарт амьдрах болсноос хойш энэ бичих гэж байгаа зүйл маань эхэлсэн юм.

Хичээл эхлээд хэд хоног өнгөрсний дараа манай 4 давхарт нэгэн өндөр хүү орж ирсэн юм. Токиогийн дурлал гэдэг киног үзсэний дараа “гол дүрийн залуу Ири Науки шиг эмч залуутай гэрлэнэ гэж бодсон маань биеллээ олж байгаа юм байх даа” гэж бодоод бараг л анхны харцаар дурласан байх. Түүний хувцаслалт, алхаа нь маш цэгцтэй, төрчихсөн анагаахын хүн. Үргэлж чихэвчний хөгжим сонсож явдаг, их зантай болов уу гэмээр харагдсан ч сонирхлыг маань маш их татсан. 

Хэд хоногийн дараа аль ангид, аль хэсэгт сурдаг, хаанахынх гээд судалж эхлэв ээ. Цээжинд багтаагүй их догдлол байсан ч түүнийг харамлах сэтгэлээр гэх үү хэнд ч хэлээгүй нууцхан харж явсаар 1 улирлыг дуусгасан. 2-р улирал эхлээд хичээл жигдрэхээр танилцана гэсэн зорилго тавьчихсан болохоор ерөөсөө Валентинаар сэтгэлээ илчилнэ гээд хоёрдугаар сарын 14-нийг хүлээж эхэлсэн. Гэтэл тэр өдөр арван жилд нэг сургуульд сурч байсан хүү надад үерхэх санал тавиад, тэрхэн үедээ өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг жоохон мэдрээд ч гэх үү, үерхэл сонирхолтой санагдаад ч гэх үү зөвшөөрөөд үерхсэнээр оюутан болоод дурласан хүүгээ түр мартсан. Би түр зуурын шохоорхол байж дээ гэж бодоод хэнд ч хэлээгүй нууцалсан. 

Өсвөр насны үерхэл жижигхэн асуудлаас болж цэг тавигддаг нь олон байдаг шиг 2019 оны наймдугаар сард бидний үерхэл дууссан. Богино биш хугацаанд хамтдаа олон зүйлийг хийсэн болохоор санах үе их л байдаг юм билээ. Иймэрхүү байдалтай 2, 3 сарыг өнгөрөөсний дараа нөгөө оюутан болоод дурласан хүү маань Фэйсбүүкээр найзын хүсэлт явуулаад танилцаж харьцсаар одоог хүрсэн. Хүнд үед гарч ирсэн болохоор хайрламаар санагддаг юм билээ.

Гэвч бидний харилцаа ямар түвшинд байгаа, цаашдаа яах ёстойг ерөөсөө ойлгохгүй байгаа болохоор энэ захидлыг бичиж сууна. Бид хоёр 2019 оны 12-р сараас эхлээд тасралтгүй чат бичиж, холбоотой байгаа. Энэ жилийн Валентиний баяраар өмнө жил чамайг хардаг байсан гээд яг нэг жилийн өмнө түүнд бичсэн захиагаа чатаар уншуулахад "анх удаа захидал авлаа, хөөрхөн юм бээ, тэр үедээ өгөхгүй дээ" гээд их баярлах шиг санагдсан. Тэр яриа тэгэс хийгээд өнгөрсөн. 

Дараахан нь надтай нэг мэргэжлээр сурдаг эрэгтэй хүүхэдтэй энэ маань найзалдаг болж таараад тэгснээ нөгөөх нь над руу эрчимтэй чат бичдэг болсон. Найзаараа намайг шалгуулж байгаа юм болов уу гэж боддог юм. Тэр надад харж явдаг хүнийхээ талаар, бас чат бичдэг хүмүүсийнхээ талаар ярьдаг ч хэн гэдгийг нь хэлж, харуулж байгаагүй. Би өмнөх үерхэл маргааны шалтгаан болдог юм билээ гэж бодоод юугаа ч ярьдаггүй. 

Тэгээд хэд хоногийн өмнө яагаад ч юм сэтгэл догдлоод "би чамд сайн" гээд чатаар хэлсэн. Хариуд нь тэр "мэднээ" гэж хэлсэн. Би арай өөр хариу хүлээж байсан болохоор тоглоом болгоод орхисон. Гэхдээ тэгж хэлснээс хойш тэр ганц нэгхэн удаа ч гэсэн надад дуу дуулж өгч, намайг хөөрхөн гэж хэлж, зүрхтэй эможинууд хүртэл явуулдаг болсон. Энэнд нь бүүр их баярлаад хайрламаар байгаа ч “би зүгээр л түүнд сайн охидын нэг, тэрний эргэн тойронд надаас гоё охид олон байхад би юу ч биш л байх" гэх мэт зүйлүүд боддог боллоо. Энэ тохиолдолд би юу хийх ёстой юм бол? Хүлээсээр байх уу? Ямар нэгэн алхам хийх үү? Бодоод байхад бидний харилцаа үерхэхэд сэтгэл дутсан, найз байхад арай дотно юм шиг...

ЗӨВЛӨГӨӨ: Одоо түүний үйлдэл хийх ээлж

Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Чиний зүгээс хийж чадах зүйлсээ аль хэдийн хийсэн бололтой. Зүрх сэтгэлээ илчлэхээс айгаагүй нь сайн хэрэг. Чиний юу мэдэрч байгааг тэр одоо бүрэн мэдэж байна шүү дээ. Одоо түүний үйлдэл хийх ээлж юм. Тиймээс чамд одоо байгаа харилцаагаа энэ хэвээр нь үргэлжлүүлж түүний дорвитой үйлдэл хийхийг хүлээх үү эсвэл бүр энэ харилцааг дуусгах уу гэдэг сонголт байна. Чи өөрөө бодож байгаад аль нэгийг нь сонгоорой. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Гэнэт л сайн болчихсон

Сайн байна уу ? Би 14 настай. Одоо 9-р ангид орно. Би 2 жилийн өмнөөс сургуулийнхаа нэг хөвгүүнийг шохоорхох болсон юм л даа. Уг нь намайг 6 настай байхад манайх тэднийхтэй хөрш байсан болохоор найзууд байсан юм. Тэгээд намайг 8 хүрэхэд манайх нүүгээд нээх харьцахаа больчихсон. Уг нь нэг сургууль. Гэхдээ би их зожиг хүүхэд байсан болохоор шууд л гэр сургуулийн хооронд яваад бараг тааралдаагүй.

Гэтэл гэнэт яагаад ч юм зүгээр явж байгаад л сайн болчихсон. Тэгээд ямар 4, 5 жил нэг сургуульд байсан байж гэнэт сайн уу гэх эвгүй санагдаад ганц ч үг дуугарахгүй байсаар байгаад 2 жил болчихлоо. Магадгүй зүгээр л шохоорхол гэж бодоод тоохгүй байсан ч мартаж чадахгүй байна. Би хүнтэй яриа өдөхдөө дэндүү муу л даа. Тийм болохоор түүний Фэйсбүүкээр чатлах гэж оролдсон. Гэхдээ би яг яаж эхлэх ёстойгоо сайн мэдэхгүй байна. Танихгүй юм шиг байя гэсэн ч тэр таньчихвал яах вэ? Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Хүлээж суухаас илүү харилцаа тогтоох оролдлого хийх нь дээр 

Сайн байна уу захидал илгээсэнд баярлалаа. 2 жил гэдэг бол багагүй хугацаа. Энэ хугацаа чамайг маш их тэвчээртэйг чинь харуулж байна. Захидлаас харахад чи үерхэхийн тулд ямар нэгэн оролдлого хийгээгүй нь харагдаж байна.

Зарим үед хүлээж суухаас илүүтэйгээр харилцаа тогтоох оролдлого хийх нь дээр байдаг. Жишээ нь Фэйсбүүкээр чат бичих нь жирийн найзуудын хооронд ч байдаг л зүйл шүү дээ. Түүнтэй ямар нэг харилцаа тогтоож илүү сайн таньж мэдэхийг хичээгээрэй. Магадгүй чиний төсөөлснөөс өөр хүн байх ч юм билүү. Дараа нь сэтгэлээ илчлэх эсэхээ шийдэж болно шүү дээ. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Мядагдэлгэр


АСУУДАЛ: Ичсэндээ ч тэр үү шууд л гараад явсан

Сайн байна уу? Би нэг залууд сайн болсон юм. Би ажил хийдэг, тэр бас ажил хийдэг болохоор түүнтэй нэг өдөр өнжөөд таардаг. Эмэгтэй хүн өөрөө бодоод, харсаар байгаад дурладаг гэдэг шиг би түүнд сэтгэлтэй гэдгээ мэдэрсэн. Тэр залуу үйлчилгээний байгууллагад ажилладаг болохоор надад түүнийг харахын тулд үйлчлүүлэх тийм ч хэцүү байсангүй. Өдөр хоног өнгөрсөөр бид бие биенээ зүс мэдэх төдий мэддэг болсон. Гэхдээ би түүнтэй танилцахыг үнэхээр их хүссэн учраас өнөөх эмэгтэй хүний бардам занг үл тоон түүнд захидал өгсөн. 

Маш олон хоног бодсон, захидлаа хэрхэн өгөх талаар төлөвлөгөө зохиож амжилттай биелүүлсэн. Тэсэлгүй захидал өгсөн өдрийнхөө дараа бараг 5 хоноод ажил дээр нь найзтайгаа яваад орлоо. Гэвч тэр байсангүй ажлын газрынх нь хоёр хүн ажлаа хийж байв. Би ч дотроо уулзах ёстой хүмүүс учирдаг, дараа таарах байх гэж бодон сэтгэл гонсойн сууж, найзыгаа юм аваад ирэхийг гуйлаа. Найз маань үйлчлүүлэх хооронд ажлын газрынх нь нэг хүн цаашаа ороод өгөв. Нээх юм бодоогүй сууж байтал өнөөх дурлалт залуу маань гараад ирлээ. Би гэдэг хүн холоос хараад шууд л зүрх түг түг цохилж, сэтгэлээ илчилсэндээ ичсэндээ ч тэр үү шууд л гараад явсан. 

Сүүлд бодоход ажлын газрынх нь хүн түүнийг дуудаж гаргаж ирсэн юм байна лээ. Түүнийг гарч ирэхэд зүгээр найзыгаа хүлээж зогсоод байдаг байж уу ядаж надад нэг юм хэлэх байсан байхдаа гэж бодоод жоохон харамссан. Хамгийн гол нь тэр надад хариу өгсөнгүй, захидал өгсөн өдрөөс хойш хоёр долоо хоног өнгөрч байна. Уул нь надад хариу өгөхөд ойлгомжтойгоор дугаараа бичээд үлдээсэн. Яагаад тэр хүн маань хариу өгөхгүй байгаа юм болоо? Энэ тал дээр зөвлөгөө өгч болох уу?

ЗӨВЛӨГӨӨ: Тэднээс ямар нэгэн хариу шаардах эрхгүй

Сайн уу? Эмэгтэй хүн гэж биеэ барилгүй сэтгэлээ илчилсэнд баяр хүргэе. Чи тун зоригтой юм. Бид нар хүссэн хүндээ дурлах эрхтэй, бас сэтгэлээ илчлэх эрхтэй. Харин тэднээс ямар нэг хариу шаардах эрхгүй.

Чиний зүгээс хийж чадахаа зүйлсээ хангалттай хийжээ. Одоо түүнд бодох, чамд хариу өгөх хугацаа өгөөрэй. Хэрвээ тэр чамайг жаахан ч гэсэн хүндэлдэг, соёлтой хүн бол чамд ямар нэгэн хариу өгөх болно. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Тэр охинтой найз байх үнэхээр хэцүү байсан

Сайн байна уу? Би одоо 15 настай, эмэгтэй. Надад үнэндээ ямар ч найз байдаггүй... Бага байхад анги дундаа нийтэч, олон найз нөхөдтэй, жирийн нэг охин байсан. Томрох тусам сошиал орчноос холдож 2, 3 найзтай л болсон. 

6-р ангид нэг охин шилжиж ирсэн юм. Би анхны сэтгэгдлээр “би энэ охинтой яасан ч найз болохгүй” гэж өөртөө хэлсэн. Харин эсрэгээр бид хоёр сайн найзууд болсон. Тэр үед 3 охинтой нийлдэг байсан ч шилжиж ирсэн охин илүү сэтгэлд ойр. Яг л байнга найз байсан юм шиг. Тиймээс өөрийн мэдэлгүй тэр гуравтай найзлахаа больчихсон. 

Яг үнэндээ тэр охинтой найз байх үнэхээр хэцүү байсан. Ерөнхийдөө тэр бараг од гэмээр байсан. Маш олон танилтай. Гадуур явж байхад зөндөө хүнтэй таарна. Тэрэнд тал засдаг зөндөө хүүхдүүд байсан, одоо ч гэсэн. Бид хоёрын нөхөрлөлд байнга л тэрний талаар байдаг байсан. Би зүгээр л нэг сүүдэр шиг... 

Гэхдээ тэр нэг явдал болох хүртэл бид хоёр огт муудалцдаггүй байлаа. Тэнэг сонсогдох ч бид хоёр нэг бандид сайн болчихсон ч тэр банди нь манай найзад талтай. Би тэр бандид сайнаа хэлтэл “ийм найз байдаггүй юм” гээд намайг загнаад сургуулиар нэг намайг найз залууг нь булаасан гээд хэлчихсэн. Ингээд би огт найзгүй болчихсон. 

Гэтэл яаж ч юм явж байгаад ангийнхаа дөрвөн охинтой нийлсэн. Үнэндээ бидний нөхөрлөл toxic байлаа. Тавуулаа нийлдэг байж хоёр хоёроороо нөгөө хэдээ муулдаг. Эцэст нь тэд бас л надтай нийлэхээ больсон. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч би бүгдээс нь уучлалт гуйсан. Гэтэл нэг нь “чи бид нарыг ойлгодоггүй, нэг тийм...” гэж хэлсэн. Надад үнэндээ хэлэх үг олдоогүй. 

Одоо хичээл эхэлнэ. Эд нар бүгд манай ангийнх. Надад ямар ч найз байхгүй болохоор юу хийхээ мэдэхгүй байна. Хичээлийн сүүлийн нэг сар надад там шиг л байсан. Өдрийн хоолоо ганцаараа иднэ. Би дахиад ийм баймааргүй байна. Би яах вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Өсвөр насанд найзуудтайгаа муудалцах нь хэвийн

Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Өсвөр насанд найзуудтайгаа муудалцах, үл ойлголцох хэвийн зүйл. Гол нь яг юунаас болж, ямар шалтгаанаар үл ойлголцоод байгааг бодож олохыг хичээгээрэй. Чиний зүгээс ямар нэг алдаа гаргаад байна уу? Хэрвээ яаж ч бодоод алдаа олдохгүй байвал чи тэдэнтэй заавал найзлах албагүй. Хүн өөрөө өөрийгөө хүндэлж, үнэ цэнтэй байх хэрэгтэй.

Ганцаараа байхаас айсандаа хэн нэгэнтэй найзалбал тэр түр зуурын л нөхөрлөл болох байх. Тиймээс энэ хугацааг өөртөө зориулж, өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө ойлгодог болох, хүчтэй болохдоо зориулж болох юм. Бас ангийнхантайгаа эелдэг харилцаатай хэвээрээ байгаарай. Бүгд чиний сайн найз юм шиг сэтгэлээр ханддаг байгаарай. Бүх зүйл сайхан болно гэж итгэж байна.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Би тэдний дургүйг хүргэхээр зүйлс хийгээгүй л юмсан

Сайн байна уу? Би 15настай, эмэгтэй. Би хоёр жилийн өмнө одоогийн ангидаа шилжиж ирсэн. Гэвч одоо хүртэл хүүхдүүд надтай дотно байдаггүй. Харин ч эсрэгээрээ надад дургүй хүүхдүүд зөндөө. Намайг ангийн дарга боллоо гээд муулж, ангийн хөвгүүд надтай дотно болбол муулж, миний тухай худал цуурхал тарааж, бусад ангийнханд хүртэл намайг хөгийн амьтан болгож харагдуулсан. Би тэдний дургүйг хүргэхээр зүйл хийгээгүй л юмсан. 

Дахиад шилжье гэж бодсон ч харьяа сургуульдаа л байх ёстой болохоор үнэхээр яах учраа олохгүй юм. Хичээлээ сайн хийгээд багш нартаа сайн харагдвал болно гэж бодсон ч тийм биш юм билээ. Иймэрхүү байвал сургууль руугаа явах ч хүсэл алга.

ЗӨВЛӨГӨӨ: Ямар ч буруу зүйл хийгээгүй байж уучлалт гуйх нь утгагүй

Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Шинэ ангид шилжиж ирэх тийм ч амар байдаггүй. Дасан зохицоход их хүч, хугацаа зарцуулах хэрэгтэй болдог. Чиний хэлснээр одоо байгаа ангиасаа шилжих боломжгүй бол нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, яаж энэ нөхцөлдөө стресс багатай, өөртөө эвтэйхнээр сурч төгсөх вэ гэдэгт төвлөрөх нь үр дүнтэй болов уу.

Чи ямар ч буруу зүйл хийгээгүй байж ангийнхнаасаа уучлал гуйх нь утгагүй юм. Гэхдээ би та нарт “дуртай”, та нартай найз баймаар байна гэдгээ үг, үйлдлээрээ илэрхийлж байгаарай. Бас бүх хүүхэд чамд дургүй биш шүү дээ. Хэдхэн хүүхдээр нийт анги, сургуулиа төсөөлөх хэрэггүй. Эсрэгээрээ тэд бүгд чиний хамгийн сайн найзууд гэж төсөөлж, тийм сэтгэлээр харилцаж байвал чамд тустай байх болно. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Мэргэжлээ сонгоод тэр мэргэжлээрээ илүү сайн суралцах

Сайн байна уу? Би эмэгтэй, 14 настай. Энэ жил 9-р ангид орно. Би дөрвөн жилийн дараа сургуулиа төгсөнө. Яг ямар мэргэжилтэй хүн болохоо шийдэж чадахгүй байна. Миний хувьд гурван мэргэжил сонгосон ч алийг нь сонгохоо мэдэхгүй эргэлзсээр л байна. 

Хамгийн эхэнд сонгосон мэргэжил маань жүжигчин. Би уран зохиолын дугуйланд явдаг. Хэд хэдэн удаа жүжигчилсэн тоглолтод тоглож байсан. Үзсэн хүмүүс эерэг сэтгэгдэлтэй байсан болохоор ч тэр үү энэ тал дээр өөрийгөө авьяастай гэж боддог. Дараа нь сонгосон мэргэжил маань сэтгэл судлаач. Найзуудынхаа асуудлыг сонсож зөвлөгөө өгдөг. Хүний сэтгэл зүйг судалж эхлээд сар гаран болж байна. Хүмүүсийн аливаа нөхцөл байдалд үзүүлж буй хариу үйлдэл надад их сонирхолтой санагддаг. Сүүлд сонгосон мэргэжил маань дуучин. Би багаасаа л дуучин болохыг хүсдэг байсан ч хэнд ч хэлдэггүй байсан. Одоо ч гэсэн хүсдэг ч эргэлзсээр л байгаа. Саяхан байгуулагдсан  энтертайнментийн шалгаруулалтад орж үздэг ч юм уу гэж бодож байгаа. Гэхдээ өмнө нь тэмцээнд орж байгаагүй. Хэний ч өмнө дуулж байгаагүй. Надад үнэхээр авьяас байгаа болов уу? Би чадах болов уу гэж санаа зовж бас эргэлзэж байна. 

Миний одоогийн зорилго мэргэжлээ сонгоод тэр чиглэлээрээ илүү сайн суралцах. Мөрөөдөл, сонирхол, хийж чаддаг зүйл  надад аль нь илүү чухал болохыг сайн мэдэхгүй л байна.

ЗӨВЛӨГӨӨ: Үйлдэл хийдэг байх нь л чухал

Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Мэргэжил сонголтондоо одооноос санаа тавьж, өөрийгөө бэлдэж байгаад чинь баярлаж байна. Гэхдээ үүнийг хэт хүндээр хүлээж авч стрессдэх хэрэггүй шүү. Чамд хангалттай хугацаа байгаа учир аль алийг нь оролдоод, өөрийгөө сориод үзээрэй. Жишээ нь чи дуулах авьяастай эсэхдээ эргэлзэж байгаа бол очоод шалгуулахад л болно.

Гол нь бодоод л суугаад байх биш үйлдэл хийдэг байх чухал юм шүү. Магадгүй ирэх нэг жилийг хүссэн мэргэжлүүдээ нарийвчлан судлах, турших жил болгож болох юм. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter