"Бидний ҮЕРХЛИЙГ гэрийнхэн маань ЗӨВШӨӨРӨХГҮЙ юм"


Сондор | YOLO.MN
2016-08-31

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Бидний үерхэл гэр бүлийн дургүйцлээс болж төгсгөл болчихлоо

Манай гэр бүлээс дургүйцэж бид үерхэхээ больсон. Гэхдээ бид бие биедээ хайртай. Би одоо хүртэл түүнийгээ санаж байна.

Сайн байна уу? Намайг Ж... гэдэг. Би энэ жил дунд сургуулиа төгссөн. Шинэхэн оюутан байна. Би 12-р ангидаа нөгөө ангийнхаа бандид сайн болсон. Би ер нь хүнд дасахдаа их хурдан болохоор маш хурдан түүнд дасч хайртай болсон. Түүний үерхсэн охинд ихэд дургүй болж, би түүнийхээ араас их гүйсэн. Тэгээд эцэст нь бид хоёр үерхсэн. Гэвч манай гэр бүлээс дургүйцэж бид үерхэхээ больсон. Гэхдээ бид бие биедээ хайртай. Би одоо хүртэл түүнийгээ санаж байна. Та энэ талаар зөвлөөч? Баярлалаа smiley

Зөвлөгөө: Саад тотгор бүхэнд сайн ярилцаж, хамтын шийдвэр гаргаж байгаарай

...Ийм үед л аав ээжүүд хажууд чинь байгаа хүнд итгэж, чамайг хориглохоо болих болно

Сайн уу, юуны өмнө чи яагаад эцэг эхийгээ та хоёрын үерхлийг хориглож байгааг мэдэх хэрэгтэй. Эцэг эхийн чинь нүдэнд чи байнга оройтоод, хичээлдээ муудаад, тэднийхээ үгийг ч авахаа болиол эхэлбэл мэдээж хэрэг үерхэж буй хүнд чинь бурууг өгч, салгахыг хүсэх нь зүйн хэрэг.

Тийм ч учраас хориглоод байгаа шалтгааныг нь нарийн тодруулж, тэр нь хэр үнэн болохыг нь тайлбарлаж хэлээрэй. Зөвхөн тайлбар тавиад л зогсохгүй үерхэл нь бүтэмжтэй сайн байгаагаа батлан харуулж, та хоёр бие биедээ дэм болж, бие биенээ сайн байхад чиглүүлж, сайн зүйл байж чадна гэдгээ батлан харуулах хэрэгтэй. Ийм үед л аав ээжүүд хажууд чинь байгаа хүнд итгэж, чамайг хориглохоо болих болно.

Гэхдээ үерхэл нөхөрлөл гэдэг бие биедээ сайн, хайртай байгаад л болчихдог эд биш учраас урдаа тулгарах зөндөө олон даваа, саад тотгор бүхэнд сайн ярилцаж, хамтын шийдвэр гаргаж байгаарай. Ингэх нь асуудлыг зөв шийдвэрлэхэд тустайгаас гадна харилцаа холбоо бат бөх үргэлжлэхэд тустай.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers #ЭцэгЭх