Спортын ертөнцөд: Хүсэн хүлээсэн ПЛЭЙОФФ эхэллээ


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-08-22

Спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэх "Спортын ертөнцөд" цуврал нийтлэлийн энэ долоо хоногийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.

ХҮСЭН ХҮЛЭЭСЭН ПЛЭЙОФФ ЭХЭЛЛЭЭ!

Дэлхийн хамгийн шилдэг сагсан бөмбөгийн холбоо NBA-ийн 2019-2020 оны улирлын плэйофф тоглолтууд эхэллээ. Таван сар гаруйн хугацаанд тоглолтуудаа цуцлаад байсан лиг маань ийнхүү сүүлийн шатандаа орлоо. Улирлын төгсгөлд Плэйоффт орох Дорнод бүсийн 8 баг бүрдээд байсан бол Портланд Трэйл Блэйзерс болон Мемфис Гриззлэс багууд Өрнөд бүсийн 8-аар гарахын төлөө нэмэлт тоглолт хийсэн билээ. 

Манай цагаар наймдугаар сарын 16-нд болсон тус тоглолтод Дамиан Лиллардаар удирдуулсан Портланд Трэйл Блэйзерс баг Мемфис Гриззлэсийг 126:122-ийн харьцаатайгаар буулган авч плэйоффт орох эрхээ авсан сүүлчийн баг болсон юм.

Ийнхүү 2020 оны плэйофф Өрнөд бүсийн дөрөв болон тавдугаар байрт бичигдсэн Денвер Наггетс, Юта Жазз багуудын хоорондын тоглолтоор эхэлсэн. Нэмэлт цаг сунгасан ширүүхэн тоглолтын эцэст Денвер Наггетс өрсөлдөгчөө 135:125-ийн харьцаатайгаар буулган авч, цувралыг 1:0 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ. Тус тоглолтод Денвер Наггетс багаас Жамал Муррей 36 оноо, 9 оновчтой дамжуулалт хийсэн бол төвийн тоглогч Никола Йокич 29 оноо, 10 самбартайгаар дабл дабл гүйцэтгэжээ.

Харин өрсөлдөгч Юта Жазз багийн лидер Донаван Мичелл 57 оноо авснаар плэйоффийн түүхэнд Майкл Жорданы араас хамгийн залуудаа 50-иас дээш оноо авсан тоглогч боллоо.

АВАРГУУДЫН ЛИГИЙН ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТОД ОРОЛЦОХ БАГУУД ТОДОРЛОО

“Аваргуудын лиг”-ийн 2019-2020 оны улирлын шөвгийн 8-ын тоглолтууд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Энэ шат зарим багуудын хувьд хар дарсан зүүд шиг өнгөрсөн бол зарим багуудын хувьд өөрсдийгөө дэлхий дахинд батлан харуулах боломж байсан юм.

Шөвгийн 8-ын эхний тоглолт Португаль улсын Лиссабон хотын “Estadio da Luz” цэнгэлдэх хүрээлэнд Парис Сен-Жермен болон Италийн Аталанта клубүүдийн хооронд болж, ПСЖ клуб өрсөлдөгчөө 2:1-ийн харьцаатайгаар буулган авч дараагийн шатанд шалгарлаа. Тэд тоглолтын 90 дэх минут хүртэл 1:0-ээр хожигдож байсан ч гайхамшигтай эргэн ирэлтийг хийж чадсан юм.  

Наймдугаар сарын 14-ний шөнө шөвгийн 8-ын хоёр дахь тоглолт Атлетико Мадрид болон РБ Лейпциг багуудын хооронд явагдсан. Гал гарсан энэхүү тоглолт байгуулагдаад ердөө 11 жил болоод буй Германы РБ Лейпциг клубын ялалтаар өндөрлөж, дараагийн шатанд Францын аваргуудтай учраа таарахаар боллоо.

Шөвгийн 8-ын хамгийн оргил тоглолтоор аваргуудын лигт тус, тус 5 удаа түрүүлсэн Барселона болон Байерн Мюнхен клубүүдийн тоглолт нэрлэгдэж байсан юм. Гэвч тоглолт тэс өөр дүр зургаар явагдаж Германы аваргууд 8:2-оор илт илүүрхэн дараагийн шатанд орох эрхээ авлаа.

“Аваргуудын лиг”-ийн 2019-2020 оны улирлын шөвгийн 8-ын сүүлчийн тоглолт Пеп Гуардилогоор удирдуулсан Манчестер Сити болон Францын Лион клубүүдийн хооронд явагдсан. Тоглолтын 24 дэх минутад Лион клубийн жигүүрийн тоглогч Максвел Корне тоглолтын салхийг хагалж, багтаа тэргүүллийг авчирсан. Харин 69 дэх минутад Манчестер Сити клубын супер од Кевин Де Брюне гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн. Гэвч тоглолтын 79 болон 87 дэх минутад сэлгээгээр орж ирсэн довтлогч Мусса Дэмбеле хоёр гоол хийснээр Лион клуб 3:1-ээр Английн клубыг хожиж, хагас шигшээ тоглолтод оролцохоор болсон юм.

Ийнхүү Лион клуб 2009-2010 оны улирлаас хойш анх удаагаа хагас шигшээд ирж чадлаа. Тэд тухайн жилдээ одоогийн өрсөлдөгч Байерн Мюнхен клубт хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялагдаж байсан юм. Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтууд манай цагаар наймдугаар сарын 19 болон 20-ны шөнийн 03:00 цагт эхлэх билээ.

СТИПЕ МИОЧИЧ АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛЛАА

Өнгөрсөн долоо хоногийн ням гараг холимог тулааны “UFC” холбооны “UFC 252” тулааны үдэш болж өнгөрлөө. АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагдсан уг тулааны үдшийн оргил нь “UFC” холбооны хүнд жингийн аварга Стипе Миочич болон өмнөх аварга Даниел Кормьер нарын хоорондох тулаан байсан юм. Таван үе үргэлжилсэн ширүүн тулааны эцэст Стипе Миочич 49–46, 49–46, 48–47 гэсэн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авч аваргын бүсээ амжилттай хамгааллаа.

Стипе Миочич “UFC” холбооны хүнд жингийн аваргын бүсээ эргүүлэн авснаас хойш анх удаагаа бүсээ хамгаалж байгаа нь энэ юм. Харин түүний өрсөлдөгч Даниел Кормьер энэхүү тулааны дараа их спортоосоо зодог тайлж буйгаа мэдэгдсэн билээ.

Өдгөө 41 настай Америк тулаанч маань карьертаа нийт 26 тулаан хийсэн бөгөөд 22 тулаанд ялалт байгуулж, хүнд болон хагас хүнд жингийн аваргын бүсүүдийг тус бүр нэг удаа хүртэж байсан билээ. Ийнхүү нэгэн домогт тулаанчийн эрин үе дууслаа.

ИСПАНИЙН ГРАН ПРИ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Наймдугаар сарын 16-ны өдөр “Формула 1”-ийн 2020 оны улирлын зургаа дахь Гран при тэмцээн Испани улсын “Circuit de Barcelona-Catalunya” авто тойруулгад болж өнгөрлөө. Нийт 66 тойрог уралдсаны эцэст Мерседес багийн нисгэгч, дэлхийн зургаан удаагийн аварга Льюис Хамилтон түрүүллээ. Тэрбээр уралдааны замаа 1 цаг 31 минут 45 секундэд дуусгасан юм. Ийнхүү тэрээр 156 дахь удаагаа шагналын тавцанд зогсохоор болсон бөгөөд дэлхийн долоон удаагийн аварга, алдарт Михайл Шумахерын 155 удаа шагналын тавцанд зогссон рекордыг эвдэж байна.

Льюис Хамилтон долдугаар сард явагдсан Унгарын Гран прид түрүүлснээр Михайл Шумахерын нэг Гран прид хамгийн олон түрүүлсэн гэх рекорыг мөн эвдээд байсан юм. Хэрэв тэр 2020 оны “Формула 1”-ийн дэлхийн аваргаар тодорвол мөн л Михайл Шумахертай тэнцэж, “Формула 1”-т хамгийн олон удаа түрүүлсэн эрхэм болох билээ.

Одоогийн байдлаар Льюис Хамилтон 132 оноотойгоор нисгэгчдийн хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байгаа бөгөөд түүний ард 98 оноотойгоор Ред Булл багийн нисгэгч Макс Верстаппен удаалж байна.

Эх сурвалж: BBC, Skysports, ESPN

#Спортын ертөнцөд