Англи хэлээр ЦЭЭЖ БИЧИГ хийж сурцгаая!


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2020-08-22

Англи хэлээр цээж бичиг хийж хэвшсэнээр сонсох, бичих, унших ур чадварууд нэмэгддэг билээ. 

ЯАГААД ЦЭЭЖ БИЧИГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Цээж бичиг хийх нь аль ч хэлийг сайжруулах хамгийн хялбар бөгөөд энгийн арга билээ. Энэхүү аргыг ашиглахад ямар нэгэн дүрэм журам баримтлах шаардлагагүй бөгөөд сонссон зүйлээ бичихэд л хангалттай юм. 

Сурч буй хэл дээрээ цээж бичиг хийснээр юун түрүүнд үгийн сан нэмэгдэж дүрмийн мэдлэг батаждаг. Ингээд долоо хоногтоо ганцхан удаа цээж бичих хийхэд л хэдэн сарын дараа хэлний ур чадвар тань илт мэдэгдэхүйц сайжирсан байх болно. Харин өдөр бүр 10-30 минутын турш цээж бичиг хийвэл маш богино хугацаанд хэлний дөрвөн ур чадвар /унших, сонсох, бичих, ярих/ тань нэмэгдэх болно. 

Гэхдээ цээж бичгээ хийж эхлэхээсээ өмнө өөрийнхөө хэлний түвшинд тохирсон эхийг сонгож авах нь чухал юм шүү. Ингээд дараах эх сурвалжуудыг уншиж үзээд өөрт таалагдсан сайт руугаа зочилж, цээж бичгээ хийгээрэй. /Сайтын нэрэн дээр дарахад тухайн сайт руу шууд үсрэх болно./

TOLEARNENGLISH:

Энэ бол анх удаа англи хэлээр цээж бичиг хийх гэж буй хүмүүст зориулагдсан сайт юм. Хэрвээ таны хэлний мэдлэг тийм ч сайн биш бол уг сайтаар зочилж өөрийн түвшинд таарсан богино аудио бичлэгүүдийг сонсоорой.

LISTEN AND WRITE:

Уг сайтаар англи хэлний түвшнөө тогтоож болдог бөгөөд цээж бичиг хийх олон төрлийн горимтой тул яг өөртөө тохирсон арга барилыг сонгон ашиглах боломжтой. Мөн цээж бичгээ хийсний дараа текстээ уншиж, алдаагаа өөрөө олох шаардлагагүй. Сайтын "correction mode" хэсэгт хандан бичсэн текстээ оруулснаар алдааг тань автоматаар шалгаж өгөх болно. 

Мөн "full" горимыг нь тохируулаад аудио сонсонгоо сайт дээрээ цээж бичгээ бичиж болдог. Үгийг буруу бичвэл алдаа зааж, дараагийн үгийг бичих боломжгүй болдог гэдгээрээ онцлог. 

AGENDA WEB:

Уг сайтад дөрвөн түвшний цээж бичиг байна. Үүнд: 

  • Нэгдүгээр түвшин: Аудиог сонсоод өгүүлбэр бичих эсвэл хоосон зайд үг нөхөж бичих даалгаврууд байна. 
  • Хоёрдугаар түвшин: Мөн л өгүүлбэр сонсоод бичнэ. Өмнөхөөсөө ялгаатай нь өгүүлбэрийн хэмжээ арай урт байх бөгөөд сайн сонсож чадаагүй бол удаашруулж сонсох боломжтой.
  • Гуравдугаар түвшин: Хүндэвтэр үгийн сан бүхий урт өгүүлбэрүүдээр цээж бичиг хийхээс гадна аудиог удаашруулан сонсох боломжгүй байна. 
  • Дөрөвдүгээр түвшин: Уг түвшинд урт өгүүлбэр болон бидний харилцан ярианд төдийлөн хэрэглэгддэггүй үгс орж ирдэг.

FLUENTU:

Нэгэн хэвийн хэмнэлтэй яриа сонсоод цээж бичиг хийхээс залхаж байна уу? Тэгвэл киноны хэсэг, зар сурталчилгаа, зурагтын мэдээ сонсоод цээж бичиг хийгээрэй. Энэ нь дан ганц сонирхолтой байгаад зогсохгүй бидний өдөр тутмын амьдралд тохиолддог харилцан яриа, мэдээ мэдээллийг зөв сонсож сурахад туслах болно. 

DICTATIONSONLINE:

Энэ сайтад бидний өдөр тутамдаа ашигладаг өгүүлбэрүүдээс эхлээд алдартай зохиолууд дээр дурдагддаг ишлэлүүд ч байдаг. Цээжээр бичих сэдвээ сонгосны дараа тухайн өгүүлбэрийг нийт хоёр удаа сонсоно. Өгүүлбэрийг эхний удаад удаанаар хэлэх тул хаана цэг, таслал бичихээ тооцоолоорой. 

EZ-DICTATION:

Зөвхөн сайтаас санал болгосон сэдвийн дагуу цээж бичиг хийх нь хангалтгүй санагдаж байна уу? Заримдаа уйтгартай санагдаж ч магадгүй юм! Хэрвээ тийм бол та уг сайтаас сонирхсон сэдвийнхээ хүрээнд цээж бичиг хийх боломжтой. Техник технологи, урлаг, спорт гээд өөрийн дуртай сэдвээ сонгож, шинэ соргог сэдвүүдээр цээж бичиг хийгээрэй.

BREAKING NEWS ENGLISH:

Англи хэлээр мэдээ, мэдээлэл сонсох нь үгийн санг нэмэгдүүлж сонсох чадварыг сайжруулахаас гадна дүрмийн мэдлэгээ тэлэх сайхан боломж. Тийм ч учраас англи хэл сурахын тулд англи хэл дээрх мэдээ, мэдээлэл сонс гэж зөвлөдөг шүү дээ. Харин тухайн сонссон мэдээгээ цээжээр бичих нь таны англи хэлний дөрвөн чадварыг нэгэн зэрэг сайжруулахад туслах болно.

LEARN AMERICAN ENGLISH ONLINE:

Хэрвээ та англи хэлээр цээж бичиг хийх 3 сарын, цаашлаад 1 жилийн төлөвлөгөө гаргасан бол энэ сайтыг сонгоорой. Уг сайтад зургаан түвшний цээж бичиг байдаг бөгөөд түвшин тус бүр аудио бичлэгтэй. Бичлэг бүр нь 10 өгүүлбэртэй учраас нэг өдөр эсвэл долоо хоногт 10 өгүүлбэрээ бичих боломжтой. Мэдээж бичиж дуусаад хариултаа шалгаж, алдаагаа хянаж болно.

TEACHER JOE:

Өгүүлбэр биш үг сонсож цээжээр бичихийг илүүд үзэж байна уу? Тийм бол энэ сайт танд тусална. Англи хэлний анхан, дунд, ахисан түвшний суралцагчдад зориулсан уг сайтад хөнгөнөөс хүнд рүү шилжсэн үгс байдаг. Үгээ огт бичиж чадахгүй бол "X" тавихад л хангалттай.

ENGLISH EXPRESSIONS:

Та сонсох зүйлийнхээ утгыг ойлгосон гэдэгтээ хэр итгэлтэй байдаг вэ? Англиар сонсоод цээж бичиг хийсэн ч утгыг нь нэг л ойлгохгүй байвал энэ сайт танд тусална. Бичсэн үгийнхээ утгыг тайлж сурахаас гадна дасгалууд нь амархнаас хүнд рүү шилжсэн байдаг.

MYPROFE:

Энэ бол англи хэлийг бие даан суралцаж буй хүмүүст урам зориг өгөх гайхалтай сайт. Та өөрийн түвшинд тохирсон цээж бичгээ сонгох бөгөөд сонсох явцдаа зогсоож, дахин сонсож ч болно. Мэдээж хэрэг бичиж дуусаад хариугаа шалгах хэсэг бий.

LISTEN A MINUTE:

Хэтэрхий олон минут үргэлжилсэн цээж бичиг сонсох хэцүү байна уу? Тийм бол "Listen A Minute" сайт руу зочлоод үзээрэй. Энд байгаа цээж бичгүүд нь нэг минутаас хэтрэхгүй учраас таныг огтхон ч залхаахгүй.

Эх сурвалж: FluentU

#Англи хэл #Цээж бичиг