Өнгөрсөн долоо хоногт Инстаграмд: Dua Lipa, Conan Gray, BTS...


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-08-17

Өдөр бүр шинэ содон зургууд нийтлэгддэг Инстаграм хуудсанд заримдаа юмс хэтэрхий хурдан болоод өнгөрчихдөг юм шиг санагддаг уу? "Хотод хулгай удаан болдог гэж хэнээс сонсоо вэ?" гэдэг шиг Инстаграмд ч үйл явдлууд хурдан болж өнгөрдөг болоод багагүй хугацаа өнгөржээ. 

Тиймээс гүйлгээд байхад дуусаж өгдөггүй Инстаграм хуудсаас тань бултчихсан байж магадгүй гэсэн үүднээс өнгөрсөн долоо хоногийн онцлох долоон Инстаграм постыг багцлан хүргэж байна. 

ДУУЧИН MILEY CYRUS-ИЙН ШИНЭХЭН УРАН БҮТЭЭЛ

Олон ч залуусын өсвөр насны дурсамжийн томоохон хэсэг болсон хайр татам жүжигчнээс дүр төрхөө огцом өөрчилж, олны анхаарлыг татаад амжсан дуучин, жүжигчин Miley Cyrus өнгөрсөн долоо хоногт шинэхэн уран бүтээлээ олны хүртээл болгожээ. Нэлээд хэдэн жилийн өмнөх мэдрэмжийг төрүүлэм “Midnight Sky” хэмээх дууныхаа клипийг дуучин бүсгүй маань өөрөө найруулсан байна.

ЖҮЖИГЧИН THE ROCK БОЛОН ТҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭНТ ОХИН

“Fast & Furious”, “Jumanji”, “Baywatch” болон “The Scorpion King” зэрэг кинонд тоглосон дүрээрээ бидний сэтгэлд хоногшсон жүжигчин Dwayne Johnson буюу "The Rock" том охиныхоо төрсөн өдөрт зориулан нэгэн нандин зургаа хуваалцжээ. Энэ нь 17 жилийн өмнө буюу 2003 онд олны хүртээл болсон “Run Down” киноны үеэрх хөрөг аж.

Сонирхуулан хэлэхэд жүжигчин Dwayne Johnson энэ сард "Forbes" сэтгүүлээс гаргасан 100 алдартны жагсаалтын хамгийн өндөр орлоготой жүжигчнээр шалгарсан билээ.

ХАМГИЙН ОЛОН ЛАЯК АВСАН СОЛОНГОС ЭРЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын алдарт хөвгүүдийн хамтлаг “BTS” өөрсдийн шинэ уран бүтээлийн тийсер зургуудыг цацсан билээ. Тэгвэл тус хамтлагийн гишүүн Kim Tae-hyung-ийн тийсер зураг ганцхан өдрийн дотор 4.6 сая гаруй лаяктай болсноор Инстаграм хуудсанд хамгийн олон лаяк цуглуулсан Солонгос эрэгтэй уран бүтээлчийн зургаар тодоржээ. Үүгээр ч зогсохгүй түүний өчигдөрхөн Твиттер хуудсандаа нийтэлсэн зураг нь 9 цаг 54 минутын дотор 2 сая лаяк авснаар Твиттерийн түүхэнд уг амжилтад хамгийн хурдан хүрсэн уран бүтээлч болжээ.

BTS хамтлагийн анхны англи хэл дээрх “Dynamite” уран бүтээл нь энэ сарын 21-нд цацагдах юм. 

DUA LIPA, MADONNA БОЛОН MISSY ELLIOTT

Өчигдөрхөн 62 насных нь төрсөн өдөр тохиосон домогт дуучин Madonna болон 1990-ээд оноос хойш өнөөдрийг хүртэл хип хоп ертөнцөд нэрээ тасралтгүй гялалзуулсаар ирсэн цөөн эмэгтэй реппэрүүдийн нэг Missy Elliot нарыг хоёр ч удаагийн Гремми шагналын эзэн Dua Lipa-тай хамтарна хэмээн төсөөлж байв уу?

Хэнийх нь ч санаанд ороогүй ч бүгдэд нь хэрэгтэй байсан уг хамтрал залуу дуучин Dua Lipa-гийн “Levitating” дууны ремикс хувилбар дээр биеллээ олжээ.

Энэхүү уран бүтээл нь дуучин Dua Lipa-гийн хоёр дахь бүрэн хэмжээний "Future Nostalgia" цомгийн нэг хэсэг билээ. Хэдийгээр дуучин Madonna уг клипэнд өөрийн биеэр тоглоогүй ч загвар өмсөгч Anwar Hadid найз бүсгүйнхээ шинэхэн клипийг чимжээ. 

ФАНТАСТИК ПРОДАКШНЫ ШИНЭ УРАН БҮТЭЭЛИЙН БЭЛТГЭЛ

Энэ сарын эхээр эхэлсэн ч одоог хүртэл эрчээ алдаагүй "өрсөлдөгч"-ийн тухай трэндэд "Фантастик" продакшны авьяаслаг жүжигчид ийнхүү нэгджээ. Тус продакшны найруулагч, жүжигчин Б. Тамир өнгөрсөн тавдугаар сард “Маш Нууц III: Халх Гол” киноныхоо зохиолыг бичиж дууссанаа Инстаграм хуудсаараа дамжуулан хуваалцсан. Тэгвэл киноных нь бэлтгэл ажил ч эрчээ бүрэн авч буйг уг зургаас харж болох аж. 

CONAN GRAY "V" СЭТГҮҮЛД

Өсвөр насны Youtuber-ээс залуусын хайртай уран бүтээлч болсон дуучин Conan Gray-ийг бид “Crush Culture”, “Heather”, “Maniac” зэрэг уран бүтээлүүдээр нь мэднэ. Тэгвэл залуу дуучин маань өнгөрсөн долоо хоногт "V" сэтгүүлийн зураг авалтад оролцсон зургаа хуваалцжээ. 

Хэдхэн долоо хоногийн өмнө банзалтай зургаа ч хуваалцаад амжсан дуучин маань "хувцас загварт жендэр байдаггүй" гэдэгт итгэдэг хүмүүсийн нэг. Хэн нэгний нийгэмд тавьсан шалгуурыг биш, өөрийн дуртай хувцас загварыг сонгодог дуучин залуу маань уншигч танд ч мөн шүүгээнээсээ хүссэн хувцсаа шүүрэн авах урим зоригийг өгнө гэж найдъя. 

DAVID BECKHAM 15 ЖИЛИЙН ДАРАА

Цагтаа “Manchester United”, “Real Madrid” зэрэг багуудад гэрэлтэж явсан Английн алдарт хөлбөмбөгийн тоглогч David Beckham 15 жилийн өмнөх хөргөө ахин бүтээжээ. 

Түүний 30 настай үеийн төрхөн дээр хэд хэдэн шивээс болон сахал нэмэгдсэн ч тэрээр шүтэн бишрэгчдийнхээ хувьд одоо хэр нь "хамгийн халуухан залуу" хэвээр. Түүний эхнэр Victoria Beckham ч мөн энэхүү зурганд "Миний харсан хамгийн гайхалтай пост байлаа" гэх сэтгэгдлийг үлдээгээд амжжээ. 

Өнгөрсөн долоо хоногийн онцлох постууд та бүхэнд таалагдсан хэмээн найдъя. Уншигч та бүхэн шинэ долоо хоногоо эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй!

#Өнгөрсөн долоо хоног Инстаграмд