Жүжигчин Николас Кэйжийн тоглохоос татгалзсан АЛДАРТАЙ дүрүүд


Нэрт жүжигчин Николас Кэйж 39 жилийн карьертаа 110 гаруй дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн байдаг. Гайхалтай биш гэж үү? Бүхэл бүтэн 110 кино шүү дээ. Өөрийгөө кино урлагт бүрэн зориулсан гэдэг нь үүнээс л бэлхэн харагдана. 

Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ Холливуудын алдарт жүжигчин Николас Кэйжийн тоглохоос татгалзсан алдартай дүрүүдийг танилцуулж байна. 

Холливудын чанга эр Николас Кэйжийн жүжигчний замнал 1982 онд “Fast Times at Ridgemont High” кинонд туслах дүр бүтээснээр эхэлж байжээ. Тэрээр хүчирхэг, хөгжилтэй, хорон санаатай, цайлган гээд энэ хорвоод байж болох бүхий л төрлийн зан чанарыг агуулсан дүрүүдийг үзэгч бидэнд гайхалтайгаар харуулж чадсан билээ. 

АРАГОРН (THE LORD OF THE RINGS)

Түүний тоглохоос татгалзсан хамгийн том дүр бол Гондорын хааны залгамжлагч Арагорны дүр яах аргагүй мөн. Тэрээр бүх цаг үеийн хамгийн шилдэг франчайзуудын нэг “The Lord of the Rings” киноны уг дүрд тоглохоос татгалзсан шалтгаанаа гэр бүлийнхнээсээ удаан хугацааны туршид хол байхыг хүсээгүйтэй холбон тайлбарласан байдаг. Учир нь тус киноны гурван ангийн зураг авалт 1999 оны аравдугаар сараас 2000 оны арван хоёрдугаар сар хүртэл Шинэ Зеланд улсад үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан юм. Ингээд түүний оронд жүжигчин Вигго Мортенсен Арагорны дүрд тоглосон билээ. 

ШРЕК (SHREK)

Шрекийн дүрд дуу оруулж байсан жүжигчин Крис Фарлей хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас киногоо дуусгаж чадалгүй нас барсан тул кино багийнхан намгийн мангаст дуу оруулах дараагийн жүжигчинг хайж эхэлжээ. “DreamWorks” анимэйшн студийн ерөнхийлөгч Жеффри Катценберг тус дүрд жүжигчин Николас Кэйжээр дуу оруулуулах хүсэлтэй байсан ч жүжигчин маань мөн л татгалзсан б. 

Олон хүмүүс түүнийг царай муутай мангасын дүрд дуу оруулахыг хүсээгүй учраас саналыг хүлээн аваагүй гэж үздэг бөгөөд хожим нь Кэйж “Daily Mail” сонинд өгсөн ярилцлагадаа, “Одоо бодоход би тэр саналыг хүлээж авах ёстой байсан юм” гэж хэлсэн байдаг. 

ХАРРИ ДЮНН (DUMB AND DUMBER)

Ах дүү Фарреллийн зохиолыг нь бичиж, найруулсан “Dumb And Dumber” инээдмийн киноны Харри Дюнний дүрээр Николас Кэйжийн татгалзсан дүрүүд үргэлжилж байна. Тэрээр энэхүү дүрд тоглохыг маш их хүсэж байсан боловч эцэст нь “Leaving Las Vegas” кинонд тоглохоор шийджээ. Энэ нь ч түүний хувьд зөв сонголт болсон бөгөөд тус киноны Бен Сандерсоны дүрээр Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн билээ. Харин Харри Дюнний дүрд Жефф Дэниэлс тоглон тус киног франчайз болтол нь өргөжүүлж чадсан юм.

РЭНДИ РОБИНСОН (THE WRESTLER)

Найруулагч Даррен Аронофскигийн найруулсан “The Wrestler” кино үзэгч бидэнд спортын ертөнцийг тэс өөр өнцгөөс харуулж чадсан бүтээл болсон. Карьерын оргил үеэ өнгөрөөсөн "The Ram" буюу ямаа хочит ахмад тамирчин Рэнди Робинсон дахин нэг удаа алдрын оргилд хүрэхээр хөдөлмөрлөж буйг харуулах тус киноны Рэнди Робинсоны дүрд тоглох санал Николас Кэйжд ирсэн бөгөөд жүжигчин маань ч эхэндээ зөвшөөрсөн байна.

Гэвч тэрбээр мэргэжлийн бөхийнх шиг биетэй болоход хангалттай цаг байхгүй гэж үзсэний улмаас тус төслөөс гарсан аж. Харин зарим сэтгүүлчид найруулагч Даррен Аронофскигийн анхны сонголт болох жүжигчин Микки Рурк тус дүрд тоглохыг зөвшөөрсөн учраас Кэйжийг тоглохоос татгалзсан гэж үздэг байна.

ЖОЭЛ БАРИШ (ETERNAL SUNSHINE OF THE SPOTLESS MIND)

Найруулагч Мишель Гондри хайрын мөн чанарыг өгүүлэх энэхүү киноны Жоэл Баришийн дүрд Николас Кэйжийг тоглуулах санал тавьж байсан юм. 1995 онд гарсан “Leaving Las Vegas” кинонд тоглосноос хойш бараг бүх л найруулагчид Николас Кэйжд дүрээ санал болгож байсан бөгөөд Кэйж хэт их ачааллын улмаас энэхүү киноноос яах ч аргагүй татгалзжээ.

Эх сурвалж: Screen Rant

#Кино #Дүр #Николас Кэйж