Кпопын эргэн тойронд: MINA гомдол гаргахгүй, GIANT PINK хуримаа хийнэ...


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-08-17

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

KWON MINA ХАМТЛАГИЙН ГИШҮҮДИЙНХЭЭ ЭСРЭГ ГОМДОЛ ГАРГАХГҮЙ

Өнгөрсөн сард AOA хамтлагийн гишүүн асан, дуучин Kwon Mina хамтлагийнхаа гишүүдэд дээрэлхүүлдэг байсан нь ил болж Кпоп ертөнцөд ихээхэн шуугиан тарьсан билээ.

Тэрээр наймдугаар сарын 8-ны өдөр амиа хорлох оролдлого хийсэн нь олон хүний санааг зовоосон. Мөн Инстаграмдаа Shin Jimin, Kim Seolhyun гэх хамтлагийнхаа гишүүдийг "сайхан амьдраарай" хэмээн бичсэн байсан билээ. Ийнхүү хүмүүс тус гишүүдийг Kwon Mina-г дээрэлхэж байсанд нь буруутгахын сацуу AOA хамтлагийг тарахыг шаардаж байгаа юм.

Тус үйл явдлын дараа Kwon Mina эмнэлэгт хүргэгдэж, 3 хоногийн дараа эмнэлгээс гарчээ. Хүмүүс түүнийг FNC энтертайнмент болон AOA хамтлагийн гишүүдийг шүүхэд өгнө хэмээн таамаглаж байсан ч тэрээр цагдаагийн мөрдөн байцаалтаас татгалзсан аж. Тэрээр: 

- “Маш олон хүмүүс намайг дэмжиж надад санаа зовсон боловч би дахиад л урмыг нь хугалчихлаа. Намайг үнэхээр уучлаарай. Надаас болж шаналсан хүмүүс, миний зургийг харсан хүмүүсээс дахин нэг удаа уучлалт гуйя. FNC гэр бүлийнхэн маань намайг ухаан ортол шөнөжин миний дэргэд байсан гэж сонссон. Би өнөөдөр Han Sung Ho /FNC энтертайнментийн захирал/ захиралтай уулзсан. Яг үнэндээ би FNC болон AOA хамтлагтаа хайртай байсан. Өнөөдөр захирлын ярихыг сонсоод түүний чин сэтгэлийг ойлгосон. Надад санаа зовсон гэр бүл, шүтэн бишрэгчид болон AOA хамтлагийн шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйя. Би эдгэрэхийн тулд илүү их хичээж, дахин тийм явдал гаргахгүй байх болно. Намайг үнэхээр уучлаарай” хэмээжээ. 

Мөн Woori энтертайнментаас дараах мэдэгдлийг хийжээ. Үүнд: 

- “Бид байдлыг хурцатгахыг хүсэхгүй байгаа учраас цагдаагийн мөрдөн байцаалтаас татгалзсан. Мөн цаашид ч ямар нэгэн байдлаар хариу өгөх төлөвлөгөө алга" 

Мөн Kwon Mina-г арван жилийн турш дээрэлхэж байсан хамтлагийнх нь гишүүн Shin Jimin буруугаа хүлээж хамтлагаасаа гарсан билээ. Тэрээр өөрийн албан ёсны Youtube суваг дээрх бүх бичлэгээ устгасан ба Инстаграм хаягаараа дамжуулан олон нийтээс уучлалт гуйжээ. 

GIANT PINK ИРЭХ САРД ХУРИМАА ХИЙНЭ

"Unpretty Rapstar" нэвтрүүлгийн ялагч, реппэр Giant Pink ирэх есдүгээр сард хуримаа хийхээр болжээ.

Түүний нөхөр нь бизнес эрхлэгч бөгөөд есдүгээр сарын 13-ны өдөр гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд хуримаа хийх аж.

BTS V ИНСТАГРАМД ШИНЭ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО

BTS хамтлагийн гишүүн V буюу Kim Taehyung Инстаграм хуудсанд шинэ дээд амжилт тогтоожээ.

BTS хамтлагийн гишүүд хувийн Инстаграм хаяггүй бөгөөд хамтлагийнхаа албан ёсны Инстаграм хаягийг идэвхтэй ашигладаг билээ. Харин тус хамтлагийн гишүүн V хамтлагийнхаа Инстаграмд өөрийн зургаа байршуулж 5 сая гаруй like цуглуулжээ.

Ингэснээр тэрээр ганцаараа авахуулсан зургандаа хамгийн олон like цуглуулсан эрэгтэй Кпоп уран бүтээлчээр тодорсон юм. Түүний зураг ердөө 48 цагийн дотор 5 сая гаруй like, 160,000 гаруй сэтгэгдэл цуглуулжээ.

CLC ХАМТЛАГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

Cube энтертайнментаас CLC хамтлаг шинэ уран бүтээл гаргана хэмээн мэдэгдлээ.

2019 онд “Devil” хэмээх уран бүтээлээ гаргаснаас хойш тус хамтлагийн үйл ажиллагаа түр хугацаанд зогсонги байдалд байсан билээ. Тэгвэл тэд энэ ондоо багтаан шинэ дуугаа гаргахаар болсон байна. Шинэ дууныхаа зураг авалтыг нь хүртэл хийчихсэн байгаа гэнэ. 

KIM YOHAN ҮЕРИЙН УЛМААС ОРОН ГЭРГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСТ ХАНДИВ ӨГЧЭЭ

X1 хамтлагийн гишүүн асан дуучин Kim Yohan үерийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст 10,000,000 вонын хандив өгчээ.

БНСУ-д орж буй аадар борооны улмаас усны түвшин нэмэгдэж, олон айл өрх үерийн гамшигт нэрвэгджээ. Ийнхүү Kim Yohan-ий зүгээс үерийн гамшгийн улмаас гэр оронгүй болсон хүмүүст туслах зорилгоор "Hope Bridge" байгууллагад 10,000,000 вонын хандив өгсөн байна.

Тэрээр энэ оны хоёрдугаар сард "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тахлын голомтод ажиллаж буй хүмүүст туслах зорилгоор хандив өгч байсан юм. Солонгосчууд түүнийг Өмнөд Солонгосын урлагийн ертөнцийн залуу үеийнхэн дунд шинэ өнгө төрх болж байна хэмээн сайшааж байгаа аж.

KANG MIN-HYUK КИНОНД ТОГЛОНО

CN Blue хамтлагийн дуучин Kang Min-hyuk “Not Yet Thirty” хэмээх олон ангит кинонд тоглохоор болжээ.

Наймдугаар сарын 11-ний өдөр FNC энтертайнментаас дуучин Kang Min-hyuk-ийг кинонд тоглохоор болсныг мэдэгдсэн байна. "Not Yet Thirty" олон ангит кино нь 30 нас хүрэх гэж буй эмэгтэйчүүдийн амьдрал, хайр дурлал, карьерыг харуулахыг зорьжээ.

SEOLHYUN-ИЙГ “DAY AND NIGHT” КИНО ТӨСЛӨӨС ХАСАХГҮЙ

AOA хамтлагийн гишүүдийн дунд үүссэн маргалдааны улмаас олон нийт Seolhyun-ийг кинонд тоглохыг эсэргүүцжээ.

Дээр дурдсанчлан AOA хамтлагийн гишүүн Kwon Mina амиа хорлохоор завдахдаа Инстаграм хуудсандаа “Shin Jimin, Han Sung Ho, Kim Seolhyun нар сайхан амьдраарай. Энэ хүмүүс бол үгээр илэрхийлэхийн аргагүй хог новшнууд байгаа юм” гэж бичсэн. Үүнээс болж олон нийт дуучин Seolhyun-ийг Kwon Mina-г дээрэлхэж байсан хэмээн үзэж, тоглож буй "Day And Night" кино багаас нь хасахыг шаарджээ. Харин tvN телевизийн сувгийн зүгээс:

- “Зураг авалт талдаа орчихсон. Дуучин Seolhyun уг киноноос өөрийн биеэр татгалзахгүй л бол бид хуваарийн дагуу зураг авалтаа үргэлжлүүлнэ” хэмээн тайлбар өгчээ.

AKMU ЕСДҮГЭЭР САРД ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

YG энтертайнментийн зүгээс AKMU хамтлаг есдүгээр сард шинэ уран бүтээл гаргана гэж мэдэгджээ.

AKMU хамтлаг 2019 онд "SAILING" хэмээх цомгоо гаргаснаас хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй билээ. Тэгвэл YG энтертайнментийн зүгээс AKMU хамтлаг есдүгээр сараас эхлэн шинэ уран бүтээлээ гурван өөр хугацаанд олны хүртээл болгоно гэдгийг мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд