Apple, Google компаниуд Fortnite тоглоомыг "app store"-оос хаслаа


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2020-08-14

Apple, Google компаниуд дэлхий даяар 350 сая хэрэглэгчтэй Fortnite тоглоомыг Apple Store болон Google Play Store-оос хаслаа. Fortnite тоглоомыг бүтээгч Epic Games компани тоглоомын аппликейшнийхээ төлбөрийн аргыг өөрчилсөн нь ийм шийдвэр гарахад хүргэжээ.

Apple компани App Store-оос худалдаж авсан тоглоом бүрээс 15-30 хувийн ашиг хүртдэг. Epic Games уг алдагдлыг тойрохын тулд шинэ хувилбартаа Apple Store-оор дамждаггүй төлбөрийн арга оруулсан байна.

Apple-ын төлөөлөгч "Epic Games компани App store-ийн дүрмийг хүлээн зөвшөөрч аппликейшнаа байрлуулдаг. Харин тэд дүрэм зөрчсөн" хэмээжээ.

Хятадын Tencent компани 40 хувийг нь эзэмшдэг Epic Games компани уг үйлдэлд дургүйцлээ илэрхийлсэн мэдэгдэл гаргаж, Apple компанийг салбартаа хэт давамгайлах гэсэн оролдлого хийж байна гэсэн бөгөөд "FreeFortnite" гэх сурталчилгааны бичлэгийг олон нийтэд цацсан байна.

Google ч мөн төлбөрөөс зугтаасан Epic-ийн үйлдлийн дараа аппликейшнийг хассан бөгөөд Google-ийн төлөөлөгч Дэн Жэксон "Fortnite тоглоомыг Google Play Store-т эргүүлж авчрах тухай хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжийг бид хүлээн авна" хэмээжээ.

Эх сурвалж: The Verge, Cnet, The Guardian

#Fortnite #Apple #Google