Зун дуусахаас өмнө заавал үзэх таван К-ДРАМА


Э.Цовоо | YOLO.MN
2020-08-13

БНСУ-ын кино урлаг сүүлийн жилүүдэд маш хурдацтайгаар өсөн дэвшиж байгаа билээ. Энэ жилийн эхээр найруулагч Bong Joon-ho-гийн найруулсан "Parasite" (2019) кино Оскарын наадмаас дөрвөн ч том шагналын эзэн болоод байсан бол багагүй олон цувралууд АНУ-ын "Netflix" кино компанийн санхүүжилтээр олны хүртээл болоод байна. 

Ийнхүү зуны амралт дуусаж, хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан уншигч залуус та бүхэндээ энэ зуны хамгийн өндөр үзүүлэлттэй 5 К-Драмаг танилцуулж байна. 

WAS IT LOVE?

Цувралын анги бүр сэтгэл догдлом, сонирхолтой түүхийг харуулдгаараа онцлог. "Running Man" нэвтрүүлэгт оролцон үзэгчдийн хайрыг булаасан жүжигчин Song Ji-Hyo болон олон царайлаг эрэгтэй жүжигчид энэхүү кинонд дүр бүтээсэн учир кино нээлтээ хийхээсээ ч өмнө асар өндөр хүлээлтийг үүсгээд байсан юм. Түүнчлэн ганц бие ээжүүдийн сэдвийг хөндсөнөөрөө онцлог бүтээл болсон. 

Киноны үнэлгээ /IMDb/: 7.8/10
Киноны үнэлгээ /MyDramaList/: 8.3/10
Эхний анги цацагдсан огноо: 2020 оны долдугаар сарын 8
Нийт ангийн тоо: 16
Үйл явдал: Noh Ae-Jung бол ганц бие ээж. 14 жилийн турш хүнтэй болзолгүй зөвхөн ажил болон хүүхдэдээ анхаарал тавьсаар ирсэн түүний амьдралд нэгэн өдөр алдартай номын зохиолч, амжилттай яваа залуу жүжигчин, биеийн тамирын багш, компанийн захирал гэх дөрвөн залуу гарч ирснээр гол үйл явдал өрнөнө. 

FLOWER OF EVIL

"Flower of Evil" нь энэ зуны хамгийн өндөр хүлээлттэй цувралуудын нэг байсан бөгөөд жүжигчин Lee Joon-Gi болон Moon Chae-Won нарын хамтарсан хоёр дахь уран бүтээл юм. Сэтгэл түгшээсэн гэмт хэрэгт төрлийн кинонд дуртай бол энэ цувралыг заавал үзэхийг санал болгож байна. 

Киноны үнэлгээ /IMDb/: 9/10
Киноны үнэлгээ /MyDramaList/: 9/10
Эхний анги цацагдсан огноо: 2020 оны долдугаар сарын 29
Нийт ангийн тоо: 16
Үйл явдал: Baek Hee Sung бол сайхан сэтгэлтэй, ухаалгийн дээр эмнэлгийн захирлын хүү учир хүмүүс түүнийг "төгс нөхөр" гэлцэнэ. Эхнэр Cha Ji-Won нь цагдаа бөгөөд өөрийгөө энэ хорвоогийн хамгийн азтай бүсгүй гэж боддог нэгэн. Гэвч нэгэн өдөр тэрээр өөрийн хайртай төгс нөхрөө цуврал алуурчин байсныг олж мэдсэнээр хосуудын амьдралд томоохон өөрчлөлт гарах болно. 

DINNER MATE

Бидний "Crash Landing On You" киноны Seo Dan-ий дүрээр нь сайн мэдэх жүжигчин Seo Ji Hye гол дүрд нь тоглосон "Dinner Mate" цуврал инээдмийн, романтик төрлийн кинонд дурлагсдад таалагдана гэдэгт итгэлтэй байна. Сонирхуулан хэлэхэд энэхүү цувралын эхний ангид "Crash Landing On You" киноны Goo Seung Jun Seo Ji Hye-гийн найз залуугийн дүрийг бүтээдэг. 

Киноны үнэлгээ /IMDb/: 7.5/10
Киноны үнэлгээ /MyDramaList/: 8/10
Эхний анги цацагдсан огноо: 2020 оны тавдугаар сарын 25
Нийт ангийн тоо: 32
Үйл явдал: Нэгэн бүсгүй удаан хугацааны турш үерхсэн найз залуудаа хаягдаж, сэтгэлээ сэргээхийн тулд Жэжү арал дээрх алдартай хоолны газрыг зорино. Яг энэ үеэр анхны хайраасаа болоод шаналж явдаг нэгэн залуу ч мөн хоол идэхээр тус арлыг зорьдог. Тэд санамсаргүй байдлаар нэг ширээнд хамтдаа хооллож таарах бөгөөд энэ өдрөөс хойш өдөр бүр оройн хоолны цагаар тааралдаж эхэлдэг. 

BACKSTREET ROOKIE

Алдартай комик зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг цуврал нь энэ зуны хамгийн шилдэг инээдмийн киногоор тодроод байгаа билээ. Гол дүрийн жүжигчид хоорондоо 12 насны зөрүүтэй учир үзэгчид дүрийн сонголтод бага зэрэг дургүйцэж байсан ч эхний анги цацагдсаны дараа үзэгчдийн бодол өөрчлөгдөж, жүжигчин Ji Chang-Wook болон Kim Yoo Jung нарыг “өхөөрдөм хос” хэмээн нэрийдэх болсон.

Киноны үнэлгээ /IMDb/: 7.8/10
Киноны үнэлгээ /MyDramaList/: 7.8/10
Эхний анги цацагдсан огноо: 2020 оны зургадугаар сарын 19
Нийт ангийн тоо: 16
Үйл явдал: Choi Dae Hyun бол сүлжээ дэлгүүрийн эзний хүү. Нэгэн өдөр аав нь хүнд бэртсэнээс болоод дэлгүүртээ цагийн ажилтан ажилд авахаас өөр аргагүйд хүрнэ. Удалгүй их сургуулийн үзэсгэлэнтэй оюутан охин Jung Saet Byul тухайн ажилд орохоор  ирдэг. Тэрээр гаднаасаа маш хөөрхөн, сайхан сэтгэлтэй, гэм зэмгүй нэгэн шиг харагдах боловч Choi Dae Hyun түүний үнэн төрхийг мэдэж байлаа. Тэд дөрвөн жилийн өмнө уулзаж байсан бөгөөд Dae Hyun бүгдийг нь нэгд нэгэнгүй санаж байв. Харин Saet Byul түүнийг санаж байгаа болов уу?

IT’S OKAY NOT TO BE OKAY

“Netflix” кино компанийн албан ёсны бүтээл болох уг цуврал нь нээлтээ хийхээсээ ч өмнө маш өндөр хүлээлтийг үүсгээд байсан юм. БНСУ-ын хамгийн "үнэтэй" жүжигчин гэгддэг Kim Soo Hyun 2015 оноос хойш ямар ч олон ангит кинонд тоглоогүй бөгөөд удаан хугацааны дараа “It’s Okay Not To Be Okay” цувралаар эргэн ирсэн. Нууцлаг, аймшгийн, хөгжилтэй, романтик гээд бүхий л мэдрэмжийг өгөх энэхүү киног та заавал сонирхоод үзээрэй.

Киноны үнэлгээ /IMDb/: 9.2/10
Киноны үнэлгээ /MyDramaList/: 9.3/10
Эхний анги цацагдсан огноо: 2020 оны зургадугаар сарын 20
Нийт ангийн тоо: 16
Үйл явдал: Moon Gang-Tae бол сэтгэцийн эмнэлэгт ажилладаг нэгэн. Тэрээр аутизмтай ахыгаа асран багаасаа хэцүү амьдрал туулж өссөн нэгэн. Харин Ko Moon-Young бол алдартай номын зохиолч. Дутагдах, гачигдах зүйлгүй өссөн ч бага насанд нь тохиолдсон нэгэн явдлаас болоод сэтгэлдээ хүнд шарх тээж, дотроо шаналах болсон. Санамсаргүй байдлаар Gang-Tae болон Moon-Young нар учирснаар киноны үйл явдал өрнөнө.

#К-Драма #Зун #Шилдэг