Өдрийн хоолоо өөрсдөө бэлдэцгээе!


Миау | YOLO.MN
2020-08-12

Тун удахгүй хичээл орох гэж байгаа болохоор оюутан, сурагчид маань дор бүрнээ догдолж суугаа байх. Гэхдээ энэ үеэр залуусын маань өөрсдийн мэдэлгүй гаргадаг нэгэн том алдаа бол шарсан хуурсан, ширхэгийн, түргэн хоол иддэг явдал. Энэ төрлийн хоол хүнсийг тогтмол хэрэглэснээр цусан дахь холестериний хэмжээ нэмэгдэх, хоол боловсруулах эрхтэн өвчлөх, жин нэмэх зэрэг маш олон сөрөг талтай.

Үүний оронд өөрийн гараар бэнто бэлдэж эрүүл мэнд болон мөнгө санхүүгээ хэмнэх бүрэн боломжтой юм шүү. Хүсвэл найзуудтайгаа ярилцаж байгаад бэнтогоо бэлдэж ирээд завсарлагааны цагаараа хамтдаа идэж болох юм. Ажил хийдэг залуус маань ч мөн адил гадуур хооллохын оронд бэнтогоо бэлдээд ирж болно шүү дээ. Ингээд бэнтог хэрхэн бэлдэх болон бэлдэхэд юуг анхаарах талаар бяцхан зөвлөгөө өгье.

БЭНТО ГЭЖ ЮУ ВЭ?

Маш энгийнээр бэнто гэдэг нь гэртээ бэлтгэсэн өдрийн хоол юм. Солонгос олон ангит кино болон анимэ дээрээс сурагчид цайны цагаараа найзуудтайгаа суугаад гэртээ бэлдсэн бэнтогоо идэж байгааг бишгүй л үзсэн байх. 

Бэнтог бэлдэх тогтсон харьцаа бий. Өөрөөр хэлбэл савны тал буюу 50 хувь нь нүүрс ус, 25 хувь нь уураг агуулсан бүтээгдэхүүн байх бол үлдсэн 25 хувь нь хүнсний ногоо болон жимс жимсгэнээс бүрдсэн байх ёстой гэсэн алтан дундаж харьцаа бий.

Гэхдээ чи бэнтогоо өөртөө зориулж хийж байгаа учраас ямар нэгэн дүрэмд захирагдах шаардлагагүй. Хамгийн гол нь шим тэжээлтэй байх ёстойг анхаараарай.

БЭНТО ХИЙХИЙН ТУЛД...

1. УРЬДЧИЛАН ТӨЛӨВЛӨ

Ямар ч ажлыг эхлүүлэхэд төлөвлөгөө чухал байдаг. Тиймээс юун түрүүнд бэнтогоо ямар саванд хийж явах, ямар ямар орцуудыг ашиглахаа төлөвлөж бичээрэй.

Мөн амралтын өдрүүдэд нь ирэх долоо хоногтоо ямар орц бүхий бэнто хийхээ нэг нэгэнгүй төлөвлөчихвөл тухайн өдрийнхөө өглөө юу хийхээ бодож зогсохгүй амар байдаг. Мэдээж ажлын 5 өдрийн турш өдөр бүр нэг төрлийн хоолоо идээд байвал уйтгартай шүү дээ. Тиймээс бүхий л зүйлээ нарийн төлөвлөөрэй.

2. БЭНТОНЫ САВ СОНГОХ

"Bento Box" буюу бэнтогоо хийх сав чинь хуванцар, шилэн, төмөр гээд ямар ч материалаар хийгдсэн байж болно. Бэнтонд ашиглагдаж буй орцууд ихэвчлэн хүйтнээр нь идэхэд тохиромжтой байдаг учраас хоолоо халааж, халсан хоол нь хуванцар савтай урвалд орж хавдар үүсгэнэ гэсэн эрсдэл бага. Гэхдээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

- Савны таглаа хоолыг асгаруулахгүйгээр барьдаг, бат бөх байх ёстой.

- Дотроо тусгаарлагчтай байвал сайн. Будаа, мах, хүнсний ногоо, жимс гээд олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг нэг дор хийх гэж байгаа учраас тэдгээрийг хооронд нь тусгаарлах боломжтой сав байвал зүгээр. Гэхдээ тусгаарлагчгүй саванд хийсэн ч цэцэгт байцаа, лууван зэрэг хүнсний ногооны тусламжтайгаар хооронд нь тусгаарлаж болдог.

3. ОРЦОО БЭЛДЭХ

Дээр дурдсанчлан бэнто хийх алтан дундаж харьцаа гэж байдаг ч ямар орцууд ашиглах нь чиний өөрийн дур. Гэхдээ зарим хүнсний бүтээгдэхүүнүүд хоорондоо зохицдоггүй гэдгийг санаарай. Жишээлбэл амтат гуа болон сүү, вандуй болон бяслаг, улаан лооль болон бяслагны соус зэрэг бүтээгдэхүүнүүдийг хамтад нь хэрэглэж болдоггүй.

Тиймээс бэнтонд чинь хамтад нь хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд байгаа эсэхийг заавал шалгаарай.

4. ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ АВАХ

Чи аливаа зүйлийг хийвэл тултал хийдэг, гоё ганган зүйлсэд дуртай төрлийн хүн бол бэнтоны савнаас гадна дагалдах хэрэгслүүдийг нь ч мөн цуглуулж болох юм. Үүнд:

- Халбага/сэрээ/савх – Дэлхий нийтээрээ хог хаягдалтай тэмцэж буй энэ үед нэг удаагийн хэрэгсэл хэрэглэхгүйгээр өөрийн халбага, сэрээ, савхаа биедээ авч явж хэвшээрэй.

- Гоёлын хатгуур – Жимс болон ногоогоо хатган идэхэд зориулагдсан хатгуур. 

- Кексний аяга – Энэ нь жимс, ногоог бэнтон дахь бусад хүнсний бүтээгдэхүүнүүдээс тусгаарлах, бэнтоны харагдах байдалд өнгө нэмэх үүрэгтэй.

- Тусгаарлагч – Хэрвээ бэнтоны сав чинь дотроо тусгаарлагчгүй бол резинен, хуванцар материалтай тусгаарлагчаар тусгаарлаж болно. Мөн л бэлдсэн бэнтонд чинь өнгө нэмэх болно.

Ингээд нийтлэлийн төгсгөлд бэнтогоо илүү өнгөлөг, шим тэжээлтэйгээр хийхэд чинь туслах санаануудыг хүргэж байна.

МАШ ЭНГИЙН БЭНТО ЖОР

"ЭГДҮҮТЭЙ" БЭНТО ХИЙХ БОЛ...

КЭТО ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРЬДАГ БОЛ...

МАШ ЭНГИЙН СОЛОНГОС БЭНТОНЫ ЖОР

Илүү их санааг Pinterest сайтаас "Bento box lunch ideas" гэж хайгаад аваарай.

Эцэг эх чинь чамайг эрүүл саруул төрүүлсэн учраас энэ сайхан биеэ эрүүл чигээр нь авч явах бол чиний үүрэг шүү дээ. Шарсан хуурсан, халуун ногоотой хоол идэж ходоодоо үгүй хийх үү гэртээ хийсэн эрүүл хоолоо идэх үү гэдэг сонголт чиний гарт байна. Амжилт хүсье!

#Бэнто #Хоол #Санаа