Кпопын эргэн тойронд: Согтуудаа live хийсний улмаас хамтлагаасаа гарахаар болжээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-08-10

Yolo.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

СОГТУУДАА ШУУД ДАМЖУУЛАЛТ ХИЙСЭН HONGBIN ХАМТЛАГААСАА ГАРНА

VIXX хамтлагийн дуучин Hongbin энэ оны эхээр Twitch хаягаараа шууд дамжуулалт хийж шуугиан тариад байсан билээ.

Дуучин залуу шууд дамжуулалтын үеэр согтуу байсан төдийгүй SHINee, INFINITE, EXO зэрэг хамтлагуудын талаар таагүй зүйлс хэлсэн юм. Тэрээр: 

- “SM энтертайнмент та нарт дохио зангаа, алхам бүрийг чинь заадаг. Харин манай хамтлагийнхан бүхнийг өөрсдөө хийдэг” хэмээн EXO хамтлагийн тухай дурджээ. Үүгээр ч зогсохгүй INFINITE хамтлагийн дууг сонсохдоо “Би байсан бол ийм бүжиг дэглэсэн хүнийг зодох байсан. Ийм гоё хэсэг яагаад ийм бүжигтэй байгаа юм?” гэжээ.

Энэ үйл явдлын дараа хүмүүс түүнийг ахмад хамтлагууддаа хүндэтгэлгүй хандсан хэмээн шүүмжилсэн юм. Харин Hongbin өөрийн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж хэсэг хугацаанд хамтлагийн үйл ажиллагаанаас завсарласан аж.

Гэвч энэ сарын 7-ны өдөр Jellyfish энтертайнментаас Hongbin-ийг хамтлагаасаа гарахаар болсныг мэдэгджээ. Jellyfish энтертайнмент: 

- "Юун түрүүнд VIXX хамтлагийг хайрладаг шүтэн бишрэгчдэд нь талархаж байгаа ч гунигтай мэдээ дуулгах гэж байгаадаа харамсаж байна. Hongbin 7 жилийн дараа ийнхүү хамтлагаасаа гарахаар боллоо. Jellyfish энтертайнмент болон VIXX хамтлагийн гишүүд ярилцсаны эцэст Hongbin-ий шийдвэрийг хүндэтгэхээр шийдлээ" гэв.

TREASURE: “BLACKPINK ХАМТЛАГ БОЛ БИДНИЙ БАХАРХАЛ”

YG энтертайнментийн хөвгүүдийн шинэ хамтлаг болох TREASURE хамтлаг энэ сарын 7-ны өдөр “Boy” хэмээх шинэ уран бүтээлээ олны хүртээл болгожээ.

Тэд тус өдөр хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд BLACKPINK хамтлагийн тухай ярьсан байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр Bang Ye Dam: “BLACKPINK хамтлаг бол бидний бахархал. Тэд биднийг тайзан дээр гаргах хамгийн том хөдөлгөгч хүч болсон. Бид дэлхийн өнцөг булан бүрд байгаа шүтэн бишрэгчдэдээ аз жаргал бэлэглэдэг хамтлаг болохыг хүсэж байна” гэжээ.

TWICE ХАМТЛАГ ШИНЭ ЦОМОГ ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Наймдугаар сарын 5-ны өдөр JYP энтертайнментийн төлөөлөгч TWICE хамтлаг шинэ цомог гаргах тухай цуурхалд хариу өгчээ.

- “Энэ мэдээ үнэн. TWICE хамтлагийн гишүүд шинэ цомог дээрээ ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч бүх зүйл тодорхой болсны дараа дахин мэдээлэл өгөх болно”

Харин өмнөд Солонгосын хэвлэлүүдээр тус хамтлагийг аравдугаар сард шинэ уран бүтээл гаргана хэмээн мэдээлжээ.

HYOLYN ШИНЭ ДУУ ГАРГАНА

Sistar хамтлагийн гишүүн асан дуучин Hyolyn шинэ дуу гаргахаар болжээ.

Тэрээр наймдугаар сарын 19-нд “Say My Name” хэмээх мини-цомог гаргахаар бэлдэж байгаа аж.

KANG DANIEL САЯ ГАРУЙ ЦОМОГ БОРЛУУЛЖЭЭ

Konnect энтертайнментаас дуучин Kang Daniel нэг сая гаруй хувь цомог борлуулсан гэдгийг мэдэгджээ.

Kang Daniel 2019 оны долдугаар сард “color on me” хэмээх анхны бие даасан цомгоо гаргаж байжээ. Мөн энэ онд “CYAN”, “MAGENTA” хэмээх мини-цомгууд гаргасан бөгөөд түүний цомгууд нийтдээ сая гаруй хувь борлогджээ.

SUZY ОЛОН АНГИТ КИНОНД ТОГЛОНО

Дуучин, жүжигчин Suzy "tvN" телевизийн сувгийн “Startup” нэртэй олон ангит киноны гол дүрд тоглохоор болжээ.

Уг киноны гол дүрд Suzy болон жүжигчин Nam Joohyuk нар тоглох бөгөөд хэдэн залуус старт ап компанид ажилд орж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зорьж буй тухай өгүүлэх юм байна.

“Startup” киноны найруулагчаар "Hotel Del Luna" олон ангит киноны найруулагч Oh Chung Hwan ажиллах бол зохиолыг “Pinocchio” киноны зохиолч Park Hye Ran бичжээ.

Эх сурвалж: All Kpop, Soompi

#Кпопын эргэн тойронд