А.Буянбилэг: “Битгий Сонс” подкастын нэг дугаарын үеэр УНТЧИХСАН


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2020-08-22

Сүүлийн үед залуус бидний дунд "Битгий сонс", "Идэрээгийн подкаст", "Zolo Show", "The Keks" зэрэг олон чанартай монгол подкастууд трэнд болж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн ярилцлагын буландаа эдгээр подкастуудын ерөнхий продюсер, эвлүүлэгчээр ажилладаг А. Буянбилэгийг урьж оролцууллаа. 


YOLOСайн байна уу? ”Битгий Сонс” болон “Идэрээгийн Подкаст”-ыг шимтэн сонсогчид өөрийг тань сайн мэдэх байх. Харин мэдэхгүй уншигчдад маань зориулан өөрийгөө танилцуулаач?

- Намайг Ариунболдын Буянбилэг гэдэг. Би та бүгдийн сайн мэдэх “UB Comedy” клуб болон “Podcast Solutions” студид продюсерээр ажилладаг. Ирээдүйд комедиан болох хүсэлтэй залуу байна. 

YOLO“UB Comedy” клубын “Open Mic”-ээр комеди хийдэг байсан гэж сонссон. “UB Comedy”-д хэрхэн элсэж орсон бэ?

- Анх комедиан Батаа ахын хийсэн шууд дамжуулалт/live/-ыг үзэж байтал “Манайд зураглаач, эвлүүлэгч хэрэгтэй байна. Сонирхож байгаа залуус холбогдоорой” гэсэн юм. Тухайн үед бичлэг эвлүүлэх, янзлах ямар ч туршлагагүй, камернаас өөр ямар ч тоног төхөөрөмжгүй нэгэн байлаа. Гэхдээ л зориглоод ажлын ярилцлагад нь ороод үзэхээр шийдсэн. Тэр үеийн сандрал, айдас одоо хүртэл мэдрэгддэг /инээв/. “Зөндөө хүн байгаа байх даа” , “Намайг бараг авах юм уу даа” гээд л баахан юм бодоод очсон чинь надаас өөр хэн ч байгаагүй. Тэгээд хүн байхгүйг хараад тухайн үедээ их баярлаж байсан ч хожим сонсох нь ээ хүмүүс надаас түрүүлж ирээд уулзчихсан байсан юм байна лээ /инээв/. Гэхдээ азаар ч юм уу “UB Comedy”-д нэгдэж чадсан. Мэдээж ямар ч анхан шатны мэдлэггүй, камерын асаах товч нь ч хаана байдгийг мэдэхгүй намайг шууд зураглаачаар аваагүй. Эхний гурван сар сандал, ширээ зөөгөөд, дараагийн гурван сар тайзны ард DJ хийсэн. Ингээд нийт зургаан сарын турш эргэн тойрны хүмүүсээсээ суралцаж ирсний эцэст зураглаач болсон. 


YOLOАнх камерын товчлуур нь хаана байдгийг ч мэдэхгүй байсан гэлээ шүү дээ. Энэ бүгдийг чамд хэн зааж сургасан бэ?

- Батаа ах надад бичлэг хийх, эвлүүлэг хийх гээд бүгдийг эхнээс нь зааж сургасан. Надад яг л төрсөн дүү шигээ ханддаг юм. Энэ бүгдийг чин сэтгэлээсээ зааж сургасанд их баярлаж явдаг.

YOLOАнх “UB Comedy”-д нэгдэхэд ямар санагдаж байсан бэ?

- Би өөрөө их ичимхий хүн л дээ. Тэр бүр юу мэдэрч байгаагаа илэрхийлээд байдаггүй ч дотроо яг л мөрөөдөл дундаа амьдарч байгаа юм шиг санагддаг байсан. Миний хамгийн ихээр хүндэлж биширдэг хүмүүс тэнд байсан учраас анх ажилд орохдоо зүгээр л шоконд орчихсон. Өөртөө ч итгээгүй. Ажилд орсноо хамгийн түрүүнд ээждээ хэлтэл ээж маань бараг надаас ч их баярласан даа. Анх гэрийнхэн маань намайг удаан цагаар ажилладаг, их орой тардаг ажилд орлоо гээд ойлгохгүй байх гэж бодож байсан ч харин эсрэгээрээ дэмжсэн. 

YOLO: Чиний үндсэн мэргэжил юу вэ? Ирээдүйд мэргэжлээрээ ажиллах уу? 

- Би МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын салбар сургуульд Дипломатч мэргэжлээр суралцдаг. Би яг одоо л өөрийнхөө хүсэж мөрөөдөж явдаг ажлаа хийж байгаа болохоор ирээдүйд мэргэжлээрээ ажиллахгүй гэж боддог. Ер нь хүн дуртай юмаа хийж байж л амжилтад хүрдэг гэдэгт итгэдэг болохоор хоббигоо хөгжүүлээд л амьдарна даа.


YOLOАнх зураглаачаар ажиллаж эхлэхэд хүндрэлтэй зүйл хэр их тохиолддог байсан бэ?

- Би анхан шатны ч мэдлэггүй байсан болохоор бүх л зүйл хэцүү санагдсан. Тухайн үедээ "би яагаад юу ч мэддэггүй, чаддаггүй юм бол оо" гээд өөртөө их гутарна. Бас гурван сарын турш ширээ сандал зөөхдөө "би ер нь яагаад тоостой ширээ сандалтай зууралдах ёстой юм" гэж ч бодож байсан. Гэхдээ бодоод байхад би өөрөө л бэрхшээл байсан юм байна лээ. Сүүлд нь миний хийх ёстой зүйл бол сурч хөдөлмөрлөх гэдгийг ухаарсан. Өөрөөр хэлбэл өөрийгөө хэн ч биш гэдгийг мэдрээд хичээж эхэлсэн. 

YOLOХэр их загнуулдаг байсан бэ?

- Өө нэг их загнуулдаггүй байсан. Огт цалин авахгүйгээр ажилладаг байсан болохоор угаасаа загнадаггүй байсан даа /инээв/.

YOLOЭвлүүлэг хийхээс гадна дуу зохиож, дуулах авьяастай гэж сонссон. Урлагийн хүч сорих бодол бий юу?

- Анх дуу гаргана гэхээс айж хулчийдаг байсан ч одоо бол гаргана л гэж боддог болсон. Яг энэ айдсынхаа талаар Батаа ахад "Дуугаа цацахаас айгаад байна. Яах уу?" гэтэл "Тэгвэл битгий цац л даа" гэдэг юм. Энэ л үг намайг шууд өөрчилсөн гэж хэлж болно. Зүгээр л зориглоод хийхэд болох байтал айдсаасаа болоод хийж чадахгүй байсан юм билээ. "Хийвэл бүү ай, айвал бүү хий" гэдэг үг ч бий. Тиймээс ирээдүйд дуугаа гаргана. Миний мөрөөдөл бол Гинжин ахтай дуу хийх. Одоо үүнийгээ мөрөөдөл биш зорилго болгох гээд хичээж явна даа.


YOLOДуулах болсон шалтгаан нь юу вэ? 

- Анх 15 настай байхдаа хөдөө явах замд өөрийн мэдэлгүй аавын минь тухай бодлууд орж ирэхээр нь тэдгээрийгээ утсан дээрээ бичиж эхэлсэн. Дараа нь бичсэн шүлгээ уншсан чинь их боломжийн санагдсан учраас энэ чадвараа илүү хөгжүүлэхээр хичээж байна. Гэхдээ би өөрийгөө хэнээс ч илүү шүүмжилж голдог учраас одоогоор дуугаа цацаж амжаагүй байна. 

YOLOАнхны цалин гэдэг үрэхээс ч хайран, их амттай байдаг шүү дээ. Анхны цалингаараа юу хийж байсан бэ?

- Анхны цалингаа авчихаад ээж рүүгээ залгаад "Дүү та хоёр юу авмаар байна. Би бүгдийг нь авч өгье" гэж хэлж байснаа их тод санадаг юм. Хэдийгээр хүссэн бүхнийг нь авч өгөх хэмжээний цалин аваагүй ч KFC-гээс дуртай хоолыг нь авч өгөхөөр цалин авсан учир KFC авч өгсөн. Гэртээ очоод ээж, дүү хоёроо анхны цалингаараа авч өгсөн зүйлийг маань идэж байгааг хараад уйлах шахсан. Өрөвдөлтэй, гунигтай кино үзээд ч уйлдаггүй би тэр үед бараг уйлах гэж байсан шүү. 

YOLO”UB Comedy”-д орсны дараа тохиолдож байсан хөгжилтэй явдлаасаа хуваалцаач?

- Одоо бодоход хөгжилтэй байх. Тэр үедээ үнэхээр аймаар байсан л даа. Би “Битгий сонс” подкастын 29 дэх дугаарын бичлэгийн үеэр унтчихсан юм. Тухайн үед дүрс солих ёстой байсан ч 5 гаруй минут дуг хийчихсэн байсан. Сэрээд Батаа ах руу харсан чинь "Юу хийгээд байгаа юм бэ" гэсэн харцаар харчихсан сууж байсан. Тухайн үед үнэхээр айсан ч гэсэн одоо бодоход их хөгжилтэй. Ер нь тэнд байнга л хөгжилтэй зүйл болж байдаг даа.

YOLOПродюсерээр ажиллахад хэр их ядарч байна. Цаг төлөвлөлтөө хэрхэн хийдэг вэ?

- Миний хувьд ямар ч хүн ямар ч ачааллыг дааж чаддаг юм шиг санагддаг. Гол нь цагаа зөв төлөвлөх юм байна лээ. Өмнө нь би өдрийн турш унтаж байгаад орой нь бүх ажлаа овооруулаад хийдэг байсан. Хэсэг хугацааны дараа ядаргаанд орсон. Оронд нь шөнийн нойроо сайн аваад өглөө нь бүх ажлаа амжуулчихвал хамаагүй амар байдаг юм байна лээ.

YOLOБэлтгэсэн подкастуудыг нь сонсохоор “Манай Буяка сайн залуу”, “Манай Буяка эмэгтэй хүнийг их хүндэлдэг” гээд л их магтдаг шүү дээ. Буяка ер нь хэр сайн залуу вэ?

- Муу залуу гэх нь ч бас хаашаа юм тэ /инээв/. Гэхдээ сүүлд гэр бүлдээ хангалттай цаг гаргаж чадахгүй байгаагаа анзаарсан. Ажил ажил гэсээр гэрийнхэнтэйгээ ч уулзалдахгүй яваад байсан юм. Дөнгөж саяхан л би дүүгийнхээ дуртай дууг мэдсэн. Ах нь байж ганц дүүгийнхээ юунд дуртай ч мэддэггүйгээ их гайхаж, өөртөө урам хугарсан. Тийм болохоор би өөрийгөө сайн залуу гэж хэлж чадахгүй юм байна. 

Харин эмэгтэйчүүдийг хүндлэх зан чанарыг ээж минь надад зааж сургасан. Би ээжтэйгээ өссөн болохоор эмэгтэй хүн юунд гомддог, юунд баярладаг гэдгийг сайн мэднэ. Эмэгтэйчүүд гаднаа их хүчирхэг харагддаг ч дотроо бол үргэлж л бяцхан охин хэвээрээ байдаг юм шиг санагддаг. Харин үеийн залуус маань үүнийг сайн ойлгохгүй, хайртай бүсгүйгээ гомдоогоод байдаг тал ажиглагддаг. 


YOLOАжлын хамт олон нь бодит амьдрал дээр комеди хийдэг шигээ хөгжилтэй хүмүүс байдаг уу? Тайзнаас буухаараа огт өөр зантай болчихдог хүн байдаг уу?

- Тийм хүн байхгүй. Гэхдээ ажил бол ажил, найз бол найз, комеди бол комеди гээд ялгаж салгадаг хүмүүс олон бий. Ажил дээр бол ямар ч найзын харилцаа байдаггүй. Өнөөдөр комеди дээр марзганасан ч маргааш нь ажил 08:00 цагаас эхэлнэ гэсэн бол тэр цагт бэлэн байж л байх ёстой. Бүгдээрээ их зарчимч хүмүүс байдаг.

YOLOЧөлөөт цагаараа юу хийдэг вэ?

- Ажил хийхээсээ өмнө боксоор хичээллэдэг байсан. Харин ажилд орсны дараа бүтэн нэг жилийн хугацаанд надад ямар ч чөлөөт цаг гараагүй. Одооноос өөртөө цаг гаргахаар шийдээд усан сэлэлтээр хичээллэх гэж байгаа. 


YOLOНууц биш бол ойрын зорилгоосоо хуваалцаач?

- Ойрын зорилго гэвэл өөрийн гэсэн комеди бичлэгээ цацуулна. Үүнийг л зорилго болгон ажиллаж байна. Ирээдүйд үнэхээр алдартай комедиан болохыг хүсдэг. Амьдралынхаа сүүлийн мөч хүртэл комеди хийнэ ээ.

YOLOЧамайг хамгийн ихээр дэмждэг хүн чинь хэн бэ? Ярилцлагын төгсгөлд тэр хүндээ зориулан үг хэлээч?

- Анх “Open Mic”-д оролцох тасалбар 1000₮ байсан юм. Тасалбараа худалдаж авах мөнгө ч байхгүй байхад миний өмнөөс тасалбар авч өгсөн Сумба, Өсөхөө найзууд, юу ч мэддэггүй байхад өөрийн мэддэг бүхий л зүйлээ зааж өгсөн Батаа ах, оройтож ирэхэд хоол хийчихсэн хүлээж байдаг ээждээ гээд их олон хүнд талархмаар байна. 

YOLOЯрилцсанд баярлалаа. 

#Подкаст #Битгий сонс #Идэрээгийн подкаст