"Жинхэнэ хайр эсэхийг яаж мэдэх вэ?"


Үжин | YOLO.MN
2016-08-30

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Жинхэнэ хайр эсэхийг яаж мэдэх вэ?

Гэхдээ би түүнийг санаж байна. Энэ жинхэнэ хайр уу?

Сайн байна уу? Би одоо төгсөх ангид орох сурагч. Нэгэн хөвгүүнтэй хэдэн жилийн өмнө анх үерхэж байсан. Тэр үедээ би түүнд сайн байгаагүй. Харин салсныхаа дараа өөрийгөө түүнд хайртай болчихож гэж бодоод буцаад нийлсэн. Удалгүй байнга зарим зүйл нь ядаргаатай санагдаад хэд хэдэн удаа салж нийлсэн. Одоо бид салсан байгаа юм. Гэхдээ би түүнийг санаж байна. Энэ жинхэнэ хайр уу? Эсвэл...?

ЗӨВЛӨГӨӨ: Жинхэнэ хайр гэдэг зүгээр л хамт байхыг хүснэ гэсэн үг биш

Ганц хоёр удаагийн таалагдахгүй үйлдлээс нь болоод л бүхий л харилцаагаа орхиод байвал хоёулаа ч мөн зөв харилцааг бий болгож чадахгүйд хүрнэ гэдгийг анхаараарай.

Сайн байна уу? Жинхэнэ хайр гэдэг зүгээр л хамт байхыг хүснэ гэсэн үг биш юм. Анхаарал халамж тавих, хоорондоо нээлттэй ярилцах, хүндэтгэх, алдаа дутагдлыг нь хүлээн зөвшөөрөх, зөвхөн өөртөө биш нөгөө хүндээ ч мөн сайн сайхныг хүсч байж энэ хайр болдог. Та хоёрын хувьд бие биенийхээ сул талыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бололтой. Нэгэнт чадахгүй юм чинь гээд шууд сална гэсэн үг биш, харин ч эхлээд хоорондоо ярилцаж болно, өөрөөр хэлбэл асуудлыг шийдэх оролдлого хийгээрэй. Хэрэв үнэхээр л бие биедээ сайн болсон бол алдаа дутагдалд нь ч бас хүлээцтэй хандаарай.

Өсвөр насныхан ч гэлтгүй насанд хүрэгчдийн хувьд ч гэсэн хайртай бол үргэлж л сайн сайхан байж, бүх зүйлс ямар ч зөрчилгүй сайхан болж бүтэх юм шиг санадаг. Харин ч хайр байгаа бол удаан хугацаанд хамт байж, тэр хооронд олон ч асуудлуудтай тулгарч, тулгарсан асуудлыг дээр хэлсэнчлэн хамт ярилцсаны үндсэн дээр давж туулах байдлаар харилцаа оршин тогтнож, энэ ч байдлаас болоод бие биенийгээ илүү сайн ойлгодог юм шүү.

Тиймээс ганц хоёр удаагийн таалагдахгүй үйлдлээс нь болоод л бүхий л харилцаагаа орхиод байвал хоёулаа ч мөн зөв харилцааг бий болгож чадахгүйд хүрнэ гэдгийг анхаараарай.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers