Спортын ертөнцөд: NBA эргэн ирлээ!


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-08-05

Спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэх "Спортын ертөнцөд" цуврал нийтлэлийн энэ долоо хоногийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.

NBA ЭРГЭН ИРЛЭЭ

Дэлхийн хамгийн шилдэг сагсан бөмбөгийн холбоо болох NBA-ийн 2019-2020 оны улирал эргэн ирлээ. Таван сар гаруйн хугацаанд улирлын тоглолтуудаа цуцлаад байсан лиг маань долдугаар сарын 31-нээс дахин эхэлсэн юм. "COVID-19" цар тахлын онцгой үед NBA плэйоффт шалгарах боломжтой байсан 22 багт тэнцүү боломж олгохын тулд баг тус бүрийг дахин найман тоглолт хийлгэхээр болсон билээ.

Лиг цуцлагдсанаас хойшхи анхны тоглолтыг Юта Жазз болон Нью Орлеанс Пеликанс багууд хийсэн бөгөөд Юта Жазз баг 106:104-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авч улирлын 41 дэх хожлоо авсан юм. Тус тоглолтод Юта Жазз багийн лидер Донаван Митчелл 20 оноо авсан бол самбарын тоглогч Руди Гобер 14 оноо, 12 удаа самбараас бөмбөг авалт хийжээ. Харин Нью Орлеанс Пеликанс багаас Брандон Инграм 23 оноог авч багаа тэргүүлсэн билээ.

Лос Анжелес хотын хоёр багийн тулаан мөн энэ өдөр явагдлаа. Лос Анжелес Лэйкерс баг 49 хожил, 14 хожигдолтойгоор Өрнөд бүсийг тэргүүлж байсан бол Клипперс хоёрдугаар байрт 44 хожил, 20 хожигдолтойгоор бичигдэж байсан юм. Эхний хэсгээсээ ширүүссэн тус тоглолтод Лос Анжелес Лэйкерс баг 103:101-ийн харьцаатайгаар илүүрхэн улирлын 50 дахь хожлоо авлаа.

Хамгийн сүүлд 2011 онд Коби Брайантаар удирдуулсан Лос Анжелес Лэйкерс баг 50 хожилд хүрч байсан юм. Ингэснээр Лэйкерс 33 дахь удаагаа улиралд 50 болон түүнээс дээш хожил авснаар мөнхийн өрсөлдөгч Бостон Селтикс багтай тэнцлээ.

Тус тоглолтод Энтони Дэвис 34 оноо, 8 самбараар багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 16 оноо, 8 самбар, 7 оновчтой дамжуулалт гэсэн олон талт тоглолтыг үзүүлсэн. Харин Лос Анжелес Клипперс багаас Пол Жорж 30 оноо, Кавай Леонард 28 оноог тус тус авсан юм. Ингээд олон сар хүлээсний эцэст NBA эргэн ирлээ.

РАФАЭЛ НАДАЛ, РОЖЕР ФЕДЕРЕР НАР “US OPEN 2020” ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХГҮЙ

Талбайн теннисний 2020 оны хоёр дахь их дуулга “US Open 2020” тэмцээнд дэлхийн чансаанд хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж буй шороон талбайн хаан Рафаэл Надал оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Тэрбээр дэлхий даяар 18 сая хүнд халдварлагдаад буй коронавирусийн улмаас энэхүү шийдвэрийг гаргасан аж. Өдгөө 34 настай Испани теннисчнээс гадна Рожер Федерер ч мөн өвдөгний бэртлийн улмаас тус тэмцээнд оролцохооргүй болжээ.

“US Open 2020” тэмцээн 2020 оны наймдугаар сарын 31-нээс эхлэн АНУ-ын Нью-Йорк хотод үзэгчгүйгээр зохион байгуулагдах юм. Хэдийгээр “US Open” нь улирлын сүүлчийн их дуулга байдаг боловч "COVID-19" цар тахлын улмаас “Wimbledon” цуцлагдаж, “French Open” есдүгээр сард зохиогдохоор болсон учир 2020 оны хоёр дахь их дуулга тэмцээн болж байгаа билээ.

ФЕРРАН ТОРРЕС МАНЧЕСТЕР СИТИД ГАЗАРДЛАА

Испанийн шигшээ баг болон Валенсиа клубийн жигүүрийн довтлогч Ферран Торрес Английн шилдэг клубуудын нэг болох Манчестер Ситид нэгдлээ. Манчестер Сити клуб Ферраныг Валенсиа клубээс 23 сая еврогоор худалдан авч таван жилийн гэрээг хийгээд байна.

Өдгөө 20 настай жигүүрийн довтлогч өнгөрсөн улиралд Валенсиа клубийн төлөө 44 тоглолтод оролцож, 6 гоолыг оруулаад байсан юм. Энэхүү наймаа нь Сити клубын энэ зуны анхны наймаа болсон бөгөөд мэргэжилтнүүд түүнийг энэ зун Байерн Мюнхен клуб рүү явсан Лерой Санэг орлуулахаар авчирсан гэж үзэж байна.

"Бүх л тоглогчид довтолдог багийн нэг хэсэг байхыг хүсдэг. Манчестер Сити бол дэлхий дээрх хамгийн шилдэг довтолгоотой багуудын нэг. Би Манчестер Сити клубийн нэг хэсэг болсондоо маш их баяртай байна. Би энд шилдэг нь болох болно" гэж Ферран Торрес хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Мөн Манчестер Сити клуб Борнмут клубийн төвийн хамгаалагч Натан Акэд 40 сая еврогийн санал тавиад байгаа юм.

ЛЬЮИС ХАМИЛТОНЫ ДАХИН НЭГ ТҮРҮҮ

Тийм ээ! Льюис Хамилтоны дахин нэг түрүү. Наймдугаар сарын 2-ны өдөр Их Британи улсын “Silverstone” авто тойруулгад “Формула 1”-ийн 2020 оны улирлын дөрөв дэх Гран при тэмцээн буюу Их Британийн Гран при болж өнгөрлөө. Льюис Хамилтон улирлын эхний Гран при тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарсны дараагаар ийнхүү 3 Гран при дараалан аваргаар тодорч байна.

Тэрээр уралдааны эхлэлээс төгсгөл хүртэл тэргүүлэн дуусгасан билээ. Хамгийн сүүлийн буюу 52 дахь тойрогт түүний урд талын дугуй хагарсан боловч дэлхийн зургаан удаагийн аварга маань туршлага заан маш амжилттайгаар уралдаанаа өндөрлүүллээ.

Ийнхүү тэрээр 88 оноотойгоор нисгэгчдийн хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байна. Түүний ард багийн анд Валтерри Боттас 58 оноотойгоор бичигдэж байгаа бол гуравдугаар байрт Ред Булл багийн нисгэгч Макс Верстаппен 52 оноотойгоор жагсаж байна. 2020 оны улирлын дараагийн Гран при тэмцээн наймдугаар сарын 9-ний өдөр мөн Их Британи улсад зохион байгуулагдах бөгөөд “Формула 1”-ийн 70 жилийн ойг тохиолдуулан “70th Anniversary Grand Prix 2020” нэртэйгээр явагдах юм.

Эх сурвалж: BBC, Skysports, ESPN

#Спортын ертөнцөд