Бөмбөлөгний машинтай болсон оцон шувууд цагийг зугаатай өнгөрөөж байна


Дэлхий нийтээрээ хөл хорионы дэглэмийг сахиж буй энэ цаг үед амьтны хүрээлэнгийн амьтад ч мөн хөл хорионд орсноос ялгаагүй нөхцөл байдалд байгаа билээ. Тэгвэл "Little Surprises" хэмээх компанийн хамт олон Английн баруун өмнөд хэсэгт орших "Newquay" амьтны хүрээлэнд буй оцон шувуудыг хөгжөөхийн тулд тус хүрээлэнд хөөсөн бөмбөлөгний машин бэлэглэжээ. 

Жуулчдын тоо цөөрч хүмүүс амьтны хүрээлэнд зочлохоо больсноос хойш тус хүрээлэнгийн оцон шувуудын амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөн өдрийг уйтгар гунигтайгаар өнгөрөөх болсон аж. Оцон шувууд яг л бидэнтэй адил "нийгмийн амьтад" бөгөөд шувуудын дотроос хамгийн идэвхтэй амьдралын хэв маягтайд тооцогддог. Энх тунх цагт тэд өдөрт л гэхэд хэдэн мянган зочид хүлээн авч үзүүлбэр үзүүлдэг байсан бол одоо зөвхөн хооллож цаг нөхцөөх болсон гэнэ. 

Тиймээс тэднийг зугаацуулах, оюун санааны болоод бие махбодын хувьд эрүүл, идэвхтэй байлгахын тулд хөөсөн бөмбөлөгний машиныг хүрээлэнд суурилуулсан байна. Уг машиныг суурилуулснаас хойш оцон шувууд агаарт хөөрөн замхарч буй хөөсөн бөмбөлгүүдийг гайхан харж, араас нь хөөн тоглож эхэлсэн байна. Энэ төхөөрөмж тэдэнд маш их аз жаргал авчирч буй мэт харагдаж байгаа биз? 

Хүрээлэнгийн хамгаалагчдийн хэлж буйгаар оцон шувууд махчин амьтдын төрөлд багтдаг тул элдэв зүйлсийн араас хөөх дуртай байдаг аж. Тиймээс хөөсөн бөмбөлөг тэднийг хөгжөөхөөс гадна байгалийн рефлексийг нь өдөөж, шаардлагатай дасгал хөдөлгөөнийг хийлгэдэг болж таарах нь. 

Харин хүрээлэнгийн менежерийн хэлж буйгаар "Оцон шувууд эргэлдэж, бөмбөлгийг хагалахын тулд хөөцөлдөн сэлэхийг харах үнэхээр инээдтэй байсан. Уг дүр зургийг харж байгаа хүмүүсийн хувьд зугаатай ч энэ нь нөгөө талаасаа амьтдыг асран хамгаалах хөтөлбөрийн нэгэн чухал хэсэг юм". 

Эх сурвалж: Bored Panda

#Амьтад #Оцон шувуу #Амьтны хүрээлэн