Монголын хип хопын өнөө цагийн төлөөллүүдийг "Straight Outta Ulaanbaatar"-аас


О.Дорж | YOLO.MN
2020-08-04

Англи гаралтай гэрэл зурагчин Alex de Mora өнгөрсөн оны аравдугаар сард Монголын хип хоп урлагийн өнөө цагийн төлөөллүүдийг баримтжуулахаар "Straight Outta Ulaanbaatar" хэмээх гэрэл зургаас бүтсэн ном болон баримтат киног бүтээсэн нь олон нийтэд цацагджээ. 

Хөгжмийн голлох урсгалуудын нэг болох хип хоп урсгал нь Монгол улсад Коммунизмын он жилүүд дууссаны дараачаас буюу 1990-ээд оноос эхлэн эрчимтэй дэлгэрсэн. АНУ-ын хип хоп дуунууд манай улсын телевизийн сувгуудаар эгшиглэх болсноор монгол залуус 2 Pac, The Notorious B.I.G, Snoop Dogg, Wu-Tang зэрэг уран бүтээлчдээс урам зориг, үлгэр жишээ аван өөрсдийн бүтээлээ туурвих сэдлээ олсон гэдэг. 

Гэрэл зурагчин Alex de Mora-гийн баримтат кино реппэр Big Gee-гийн дүрс, өгүүллээр эхлэх аж. It's Nice That сайтад "Уг баримтат кинонд үе үе гарч ирж буй хүн бол Монголын хамгийн алдартай реппэр Big Gee. "Замын хөдөлгөөний аюулгүй байдал" аянаас эхлээд KFC түргэн хоолны сүлжээ рестораны рекламд тоглох түүнийг энэхүү баримтат кинонд бусад уран бүтээлчдээс илүү олон давтамжтайгаар гаргахгүй бол алдас болохоор байлаа. Реппэр Big Gee Фэйсбүүк хуудсан дээр улсынхаа ерөнхийлөгчөөс ч илүү олон like-тай гээд бод доо. Түүнийг хүн бүр таньдаг. Түүний ийн алдар нэрд хүрсэн нь гэр хороололд өсөж торнин, дийлэнх иргэдийнхээ үзэж туулсан саад бэрхшээлүүдийн тухай реп хийдэгтэй нь холбоотой мэт санагдав" гэж бичсэн байлаа. Уг кинонд реппэр Big Gee-гээс гадна D-Lob, Fla, Mrs M, Зөгий, Maberrant, Boom T, AMG, Mop G нар дүрслэгдэнэ. 

Харин гэрэл зургийн номд дээрх уран бүтээлчдээс гадна Tsetse, Vandebo, Lil Thug E, Wolfizm, Chin Hustle, Gezeg, Baachka, Munk Tugrik, Ice Top - Kobe, Eyes Cool нар багтсан байв. Мөн Монголын соёлын өвөрмөц байдлыг харуулах зургууд ч багтжээ. Ном A4 хэмжээтэй 104 хуудсаас бүрдэх ба 250 хувь хэвлэгдэн гарсан байна. Энэхүү бүтээл хэдэн арван жилийн дараа түүхийн үнэт өв болж ч мэдэх юм.

БАРИМТАТ КИНО

Ингээд "Straight Outta Ulaanbaatar" гэрэл зургийн номд багтсан зургуудаас хүлээн авна уу. 

Та бүхэнд сонирхуулан хэлэхэд гэрэл зурагчин Alex de Mora нь Pusha T, Big Sean, Denzel Curry, Kehlani, Neymar зэрэг алдартнуудын зургийг авч байсан туршлагатай нэгэн юм. 

"Straight Outta Ulaanbaatar" гэрэл зургийн номд багтсан зургуудыг үзэх бол ЭНД дараарай. 

Эх сурвалж : Alex de Mora, It's Nice That

#Хип хоп #Монгол #Залуус #Гэрэл зураг