Кпопын эргэн тойронд: Шилдэг оддоос бүрдсэн хамтлаг байгуулагдана


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-08-03

Yolo.mn сайтын хамт олны зүгээс Кпоп хөгжим сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ШИЛДЭГ ОДДООС БҮРДСЭН ХАМТЛАГ БАЙГУУЛАГДАНА

Долдугаар сарын 30-нд MBC телевизийн сувгийн "Hangout With Yoo" нэвтрүүлгээс "Lee Hyori, Uhm Jung Hwa, Jessi болон Hwa Sa нар уулзалт хийнэ" хэмээн мэдэгдсэн билээ.

Дуучин Lee Hyori "Hangout With Yoo" нэвтрүүлэгт оролцох үеэрээ дуучин Uhm Jung Hwa, Jessi, Hwa Sa нартай хамтарч хамтлаг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Ийнхүү нэвтрүүлгийн багийнхан түүний санааг төсөл болгон хэрэгжүүлэхээр болжээ. Эдгээр дуучдын зүгээс бүгд энэхүү төслийг дэмжиж байгаа аж. Тэд энэ онд багтан уран бүтээл гаргана гэнэ шүү.

Зүүн гар талаас дуучин Uhm Jung Hwa, Lee Hyori, Jessi, Hwa Sa

Хамтлагийн гишүүдийн тухай:

Дуучин Uhm Jung Hwa нь 1969 онд төрсөн бөгөөд Өмнөд Солонгосын урлагийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий дуучдын нэг. Тэрээр 1987 оноос дуулж эхэлсэн ба кино урлагийн ертөнцөд ч байр сууриа олсон алдартай жүжигчин гэдгийг та бүхэн маань мэдэж буй биз. 

Харин дуучин Lee Hyori "Кпопын хатан хаан" нэрээрээ олонд танигдсан. Тэрээр "Mnet Media" сувагтай гэрээ хийснээр Өмнөд Солонгосын хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучин болсон билээ. 

Реппэр Jessi 1988 онд төрсөн ба P Nation агентлагийн дуучин, алдартай реппэр юм.

Уг хамтлагийн хамгийн залуу гишүүн бол Hwa Sa. Тэрээр 1995 онд төрсөн ба өдгөө өөрийн өвөрмөц дүр төрх, биеийн галбир зэргээрээ олон нийтийн анхаарлыг татаад буй залуу дуучин аж.

SULLI-ГИЙН АМЬДРАЛААР БАРИМТАТ КИНО ХИЙНЭ

MBC телевизийн сувгийн хамт олон дуучин, жүжигчин Sulli-гийн амьдралаар баримтат кино хийхээр болжээ.

Тус баримтат кино нь энэ оны аравдугаар сард гарах бөгөөд Sulli-гийн дуучин болсон цагаас нас барах хүртэл бүхий л онцлох үйл явдлыг харуулах аж. Мөн уг баримтат киног бүтээлцэхэд SM энтертайнментийн уран бүтээлчид, ажилчид болон Sulli-гийн гэр бүлийнхэн туслалцаа үзүүлэхээр болсон байна. 

YOOCHUN ЦОМОГ ГАРГАНА

Дуучин, жүжигчин Park Yoochun шинэ цомог гаргахаар болжээ.

Тэрээр 2019 оны долдугаар сард мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр хоёр жилийн тэнсэн харгалзах ял авсан юм. Тухайн үед Yoochun хэвлэлийн бага хурал хийж, “Хэрвээ гэм буруутай минь тогтоогдвол урлагийн ертөнцийг орхино” хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэсэн хэдий ч дуучин залуу маань энэ оны долдугаар сарын 31-ний өдөр Инстаграм хаягаараа дамжуулан шинэ цомог гаргахаа мэдэгдлээ.

-“Сайн байцгаана уу,

Park Yoochun-ий цомгийг хүсэн хүлээж буй шүтэн бишрэгчдэдээ таатай мэдээ дуулгах гэж байгаадаа баяртай байна.

Одоогийн байдлаар Park Yoochun шинэ цомог гаргахаар ажиллаж байна. Үүнээс гадна Тайланд улсад тоглолт хийж гарын үсэг зурах үйл ажиллагаа зохион байгуулах болно. Баярлалаа” гэжээ.

LEE HI: “БИ LOCO-ГИЙН ЦОМОГ БОЛОН ДУУНУУДАД ДУРТАЙ”

AOMG агентлагийн дуучин Lee Hi "Park So Hyun’s Love Game" нэвтрүүлэгт оролцохдоо цаашид ямар дуучинтай хамтарч уран бүтээл гаргахыг хүсэж байгаа тухайгаа ярьжээ.

Lee Hi:

- "Би LOCO-гийн цомог болон дуунуудад дуртай. Би өмнө нь шууд дамжуулалтын үеэр AOMG агентлагийн уран бүтээлчдийн дууг дуулж байсан. LOCO-гийн дууг ч дуулж байсан. Ер нь түүний дуунуудад дуртай гэдгээ маш олон удаа хэлж байсан" гэжээ.

1THE9 ХАМТЛАГ НАЙМДУГААР САРД ТАРНА

"Under Nineteen" нэвтрүүлгээс төрөн гарсан 1THE9 хамтлагийн гэрээний хугацаа долдугаар сард дуусах ёстой байсан ч "COVID-19" цар тахлын улмаас наймдугаар сар хүртэл хойшлуулсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр 1THE9 хамтлаг цомгийн үйл ажиллагаагаа дуусгаад наймдугаар сарын 8-нд тарах гэж байгаа аж.

1THE9 хамтлаг нь 17 сарын хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан юм.

LOONA ХАМТЛАГ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ САЙТТАЙ БОЛЛОО

LOONA хамтлагийн шүтэн бишрэгчид тус хамтлагийн албан ёсны сайт руу зочилж, хамтлагийн үйл ажиллагааны талаар шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой боллоо.

LOONA хамтлаг АНУ-д үйл ажиллагаа явуулахаар бэлдэж байгаа тул уг сайтыг нээсэн аж. Хамтлагийн шүтэн бишрэгчид сайт руу нэвтрэхийн тулд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд LOONA хамтлагт зориулж захидал бичих боломжтой байна.

Сайт руу хандах бол ЭНД дарна уу.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд