Хумсны салоноор үйлчлүүлэхдээ ЗААВАЛ АНХААРАХ ёстой зүйлс


Сэтгүүлч Э.Цовоо | YOLO.MN
2020-07-29

Ихэнх эмэгтэйчүүд гар болон хумсандаа өндөр ач холбогдол өгдөг гэвэл нэг их буруудахгүй болов уу. Сайхан хумстай явах нь өөртөө итгэх итгэлийг нь улам нэмэгдүүлдэг учир сардаа нэг юм уу хоёр удаа хумсны салоноор үйлчлүүлж, хумсаа гоёдог. Гэвч салоноор үйлчлүүлэхдээ зайлшгүй анхаарах ёстой хэд хэдэн зүйлс бий. Эдгээр нь таны эрүүл мэндтэй шууд холбоотой учир дараах зөвлөмжүүдийг анхааралтай уншаарай. 

АРИУН ЦЭВЭР

Та үйлчлүүлэх гэж буй салоныхоо үүдээр орсон цагаас эхлээд л ямар нэгэн бохир зүйл байгааг анзаарсан, аль эсвэл нэг л тухгүй санагдсан бол шууд л өөр салоныг зориорой. Тухайн газрын булан тохой, тэр ч бүү хэл ариун цэврийн өрөө нь цэвэрхэн байвал сайн. 

БАГАЖ, ХЭРЭГСЭЛ

Үйлчлүүлж буй салоны тань гоо сайханч таны нүдэн дээр цоо шинэ, ариутгагдсан багаж задлан хэрэглэхгүй л бол үйлчилгээ авахаа шуудхан зогсоогоорой. Нэн ялангуяа хумсны мах авагч, хуурай, алчуур зэрэг нян, бактери дамжих боломжтой багаж, хэрэгслүүдийн ариун цэврийг хамгийн түрүүнд тавих хэрэгтэй. Ихэнх салонууд хумсны хуурайгаа ариутгах эсвэл шинийг задлалгүйгээр өмнөх үйлчлүүлэгчид хэрэглэж байсан хуурайгаа дараагийн үйлчлүүлэгчдээ ашиглаж байгаа харагддаг. Хэрвээ танд ч мөн энэ асуудал тохиолдвол маникюрчиндаа шаардлага тавьж хумс, арьсанд тань хүрч буй бүхий л багаж, хэрэгслүүдийг ариутгахыг шаардаарай. 

ХУМСНЫ БУДАГ

Хумсны будаг ч мөн хадгалах горим, хугацаатай байдаг. Тиймээс таны будуулах гэж буй будагны хугацаа хэзээ дуусахыг зайлшгүй нягтлаарай. 

Үүнээс гадна хумсны будгаар ч мөн төрөл бүрийн нян, өвчин дамжих боломжтой. Жишээлбэл таны будуулах гэж буй будгаар өмнө нь хэн нэгэн үйлчлүүлэгч будуулсан байлаа гэж бодъё. Тухайн үед үйлчлүүлэгчийн хумсны мах нь шалбарсан, гэмтсэн байсан бол хумсны будаг бохирддог. Тиймээс хамгийн аюулгүй сонголт бол өөрийн гэсэн будгаар будуулах. Тэр будгаар зөвхөн та л хумсаа будаж байгаа тул гаднаас өвчин тусах, бохирдох гэсэн асуудалгүй. 

МАНИКЮРЧИН

Хэчнээн нэр хүндтэй салоноор үйлчлүүлж байсан ч танд үйлчилж буй маникюрчин хэр туршлагатай нэгэн бэ гэдгийг тодруулаарай. Танд дадлагажигч, анхлан суралцагч ч үйлчилж байх магадлалтай. Тиймээс мэргэжлийн сургалтад хамрагдсан эсэх, сертификат авсан эсэх, хэдэн жилийн турш ажиллаж байгаа зэргийг нь нягтлаарай. 

ПЕДИКЮР

Хөлийн хумсандаа үйлчилгээ авахдаа ч дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй. Гэхдээ бас нэгэн чухал зүйл бий. Педикюр хийж эхлэхээс өмнө хөлийг тань усанд угааж иллэг хийдэг. Тухайн угаалтуурыг нь сайтар шалгаад үзээрэй. Учир нь өмнөх үйлчлүүлэгчийн илүүдэл арьс, хир буртаг нь угаалтуурт үлддэг учир дэлхий нийтийн жишгээр дараагийн үйлчлүүлэгчид үйлчлэхээс өмнө заавал ариутгал, цэвэрлэгээ хийсэн байх ёстой юм. 

ЗАР СУРТАЛЧИЛГААНД БҮҮ ХУУРТ

Олны танил хүмүүс аль нэг салоныг юу гэж ч сурталчилсан бай, тухайн салонд бүрэн дүүрэн найдаж болохгүй. Тэд тухайн газрыг сурталчилсныхаа хариуд тодорхой хэмжээний цалин, урамшуулал авдаг тул юу гэж ч хэлж магадгүй. Тиймээс дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлж бодит байдалд өөрийн нүд, мэдрэмжээр дүгнэлт хийгээрэй. 

Эх сурвалж: Cosmopolitan

#Гоо сайхан #Салон #Эрүүл ахуй #Анхааруулга