“Weightlifting Fairy Kim Bok-Joo” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-07-28

Бид өмнөх дугаарт “To All The Boys I’ve Loved Before” киноны талаар сонирхолтой баримтуудыг бэлтгэн хүргэсэн билээ. Харин энэ удаа оюутан залуусын хүсэл мөрөөдөл, хайр дурлалын түүхийг гэгээлгээр өгүүлэх “Weightlifting Fairy Kim Bok-Joo” цувралыг онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 8.4/10
Киноны үнэлгээ /MyDramaList/: 8.8/10
Эхний анги цацагдсан огноо: 2016 оны арван нэгдүгээр сарын 16
Нийт ангийн тоо: 16
Үйл явдал: Kim Bok-Joo бол хүндийн өргөлтийн тамирчин. Тэрээр анхны хайртайгаа ч учраагүй яваа бөгөөд хайр дурлалын тал дээр маруухан нэгэн. Нэгэн өдөр царайлаг эмч залуу түүний амьдралд хувь тохиолоор гарч ирнэ. Гэвч тэрхүү залуу нь Bok-Joo-гийн багадаа найзалдаг байсан усан сэлэлтийн тамирчин Joon-Hyung-ийн ах нь байлаа. Ийнхүү тэдний дунд хөгжилтэй, романтик үйл явдлууд өрнөх болно.

БОДИТ ТҮҮХЭЭС СЭДЭВЛЭСЭН

Энэхүү цувралыг 2008 оны Бээжингийн Олимпийн алтан медальт хүндийн өргөлтийн тамирчин Jang Mi-Ran-ий түүхээс сэдэвлэн бүтээжээ. Тэрээр улсдаа ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн, алдартай нэгэн. Гэвч цуврал эхлэхээс өмнө энэ тамирчны дүрд загвар өмсөгч жүжигчинг тоглуулахаар болсонд үзэгчид ихээр ундууцаж байсан ч цуврал эхлэхэд үзэгчдийн бодол өөрчлөгдөж, жүжигчин Lee Sung-Kyung-ийг дүрээ сайн бүтээжээ чадлаа хэмээн магтаж байсан юм.

5КГ НЭМСЭН

Жүжигчин, загвар өмсөгч Lee Sung-Kyung нь энэхүү цувралд дүр бүтээхийн тулд 5 кг нэмсэн ажээ. Багаасаа л туранхай байсан түүний хувьд жин нэмэх нь бага зэрэг асуудалтай байсан ч жин нэмснийхээ дараа өөрийгөө илүү эрүүлээр мэдрэх болсон байна. Тэрээр “Section Tv” сувагт өгсөн ярилцлагадаа:

- "Жин нэмэхийн тулд маш их хоол идээд л байсан чинь сүүлдээ хоолонд донтчихсон. Ингэж огцом жин нэмэхэд биеийн зарим хэсэгт язралт үүсээд бага зэрэг сэтгэлээр унаж байлаа. Язралтыг арилгах хэцүү шүү дээ. Гэхдээ Kim Bok-Joo дүрийнхээ талаар бодохоор язралт, жин нэмэх зэрэг нээх асуудал биш мэт санагдсан" хэмээжээ.

Мөн жүжигчин Cho Hye-Jung нь Jung Nan-Hee хэмээх өхөөрдөм, бондгор охины дүрийг бүтээхийн тулд 7 кг нэмсэн аж. Тэрээр нэгэн ярилцлагадаа:

- "Тухайн үед жин нэмэх үнэхээр хэцүү байсан. Найруулагч намайг харах болгондоо өшөө илүү таргал хэмээдэг байлаа. Мэдээж би эмэгтэй хүн болохоор тухайн үед жин нэмсэн өөрийгөө толинд ч харах хүсэлгүй болчихсон байсан" хэмээжээ

DO YOU LIKE MESSI?

Цувралын чимэг дүр болсон Jung Nan-Hee найзууддаа “Эрэгтэй хүнийг найрах хамгийн шилдэг арга бол Do you like Messi? гэж асуух юм” хэмээн зөвлөдөг шүү дээ. Энэхүү хэсэг цацагдсанаас хойш Өмнөд Солонгос улсад “Do You Like Messi?” гэх өгүүлбэр сайн хүндээ сэтгэлээ илчилдэг трэнд өгүүлбэр болсон гэнэ. Мөн Аргентиний хөлбөмбөгчин Lionel Messi-гийн цахим хуудас нэг хэсэгтээ л “Do You Like Messi?” гэх сэтгэгдлээр дүүрсэн гэдэг. 

БОДИТ АМЬДРАЛ ДЭЭРХ ҮЕРХЭЛ

Жүжигчин Lee Sung-Kyung болон Nam Joo-Hyuk нар цуврал цацагдсанаас хойш дөрвөн сарын турш олон нийтэд нээлттэйгээр үерхсэн. Үзэгчид ч тэдэнд маш их дуртай байсан тул энэ мэдээг тун эерэгээр хүлээж авч байсан билээ. Харамсалтай нь хосууд хэт ачаалалтай цагийн хуваариасаа болоод салсан бөгөөд зүгээр л найзууд хэвээр үлдэхээр шийдсэн гэдэг. Мөн тэд одоо ч Инстаграм хаягаараа нэг нэгнээ дагадаг ба үерхдэг байхдаа авахуулсан зургууд нь ч байдаг.

ТӨСӨӨЛӨӨГҮЙ ДҮРҮҮД

Уг цувралд маш олон алдартнууд "cameo" буюу зочин дүрээр тоглосон билээ. “Cameo” буюу зочин дүр гэдэг нь цувралд 2-3 минут үзэгдээд өнгөрдөг дүрийг хэлдэг. Хэдий зочин дүрүүд кинонд чухал үүрэг гүйцэтгэдэггүй ч ихэвчлэн алдартнууд байдаг учир үзэгчид “cameo” дүрүүдэд дуртай байдаг ажээ.

Харин энэхүү цувралд бид бүгдийн сайн мэдэх жүжигчин Lee Jong-Suk тахианы газраар үйлчлүүлж буй царайлаг оюутны дүрээр гардаг. Тэрээр Lee Sung-Kyung-тай 13 жилийн турш нөхөрлөж ирсэн сайн найзууд билээ.

Түүнчлэн жүжигчин Nam Joo-Hyuk-ийн хамгийн сайн найз, жүжигчин Kim Ji-Soo ч мөн энэхүү цувралд уригдан тоглосон бөгөөд тэрээр Bok-Joo-тай хамт ажилладаг залуугийн дүрийг бүтээдэг.

Мөн БНСУ-ын хамгийн шилдэг охидын хамтлаг гэгддэг “Girls' Generation” хамтлагийн гишүүн Seohyun болон жүжигчин Kim Seul-Gi нар зочин дүрээр оролцсон юм.

"Girls' Generation" хамтлагийн гишүүн Seohyun
Жүжигчин Kim Seul-Gi

НАСНЫ ЗӨРҮҮ

Дөнгөж 21 нас хүрч буй оюутан охины дүрийг бүтээсэн жүжигчин Lee Sung-Kyung нь өдгөө 30 настай бол жүжигчин Nam Joo-Hyuk түүнээс дөрвөн насаар дүү. Харин 21 настай уран гимнастикчийн дүрийг бүтээсэн жүжигчин Kyung Soo-Jin 33 настай бол жүжигчин Lee Jae Yoon нь 36 настай юм.

ХООЛ ИДЭХ УРЛАГ

Цувралыг үзэх явцад танд өөрийн эрхгүй солонгос хоол идмээр санагдах болно. Уг цувралд жирийн цувралууд дээр гардгаас ч илүү олон хоолны үзэгдэл гардаг тул үзэхээр шийдсэн бол хорхойгоо дарах амттанаа бэлдээрэй. Мөн доорх бичлэгийг үзээд Bok-Joo болон түүний найзуудын хоол идэх аргаас суралцаарай. 

Эх сурвалж: Naver, Soompi

#Бидний мэдэхгүй баримтууд #Weightlifting Fairy Kim Bok-Joo