"Kingdom" цувралын бүрэн хэмжээний кино гарна


Э.Цовоо | YOLO.MN
2020-07-27

"Netflix" компанийн захиалгаар бүтсэн анхны солонгос бүтээл болох "Kingdom" цувралын эхний хоёр бүлэг кино шүүмжлэгчдээс багагүй өндөр үнэлгээ авсан. Хоёрдугаар бүлгийг жүжигчин Jun Ji-hyun учир битүүлгээр төгсгөсөн тул үзэгчид түүнийг гуравдугаар бүлэгт голлох үүргийг гүйцэтгэнэ хэмээн таамаглаад байсан юм. Тэгвэл тэрээр цувралын нэмэлт анги болох "Kingdom:Asin" хэмээх бүрэн хэмжээний кинонд тоглохоор болжээ. 

"Kingdom: Asin" нь "Kingdom" цувралын эхний хоёр бүлэгт гарсан түүхээс арай өөр үеийн түүхийг өгүүлнэ. Өөрөөр хэлбэл жүжигчин Jun Ji-hyun-ий тоглох Asin хэмээх дүр Чусоний үед хэрхэн өсөж торниж, зомби нараас амьд үлдэж чадсан талаар харуулах аж. 

70 минутын турш үргэлжлэх энэхүү киноны зураг авалт ирэх аравдугаар сард эхлэх төлөвтэй байна. Жүжигчдийн хувьд "Kingdom" цувралын жүжигчний бүрэлдэхүүнээс зөвхөн ахмад Min Chi Rok-ын дүрийг бүтээсэн жүжигчин Park Byung Eun л тоглож байгаа юм. Бусад дүрүүдийн хувьд цувралын гуравдугаар бүлгийн бэлтгэл ажилдаа орсон тул уг кинонд тоглох боломжгүй гэв. 

Хэдийгээр "Kingdom" цувралын гуравдугаар бүлэг хэзээ нээлтээ хийх талаар баттай мэдээлэл гараагүй ч нэгдүгээр бүлэг нь 2019 оны нэгдүгээр сард, хоёрдугаар бүлэг нь 2020 оны гуравдугаар сард нээлтээ хийсэн тулд гуравдугаар бүлэг нь 2021 оны эхний улиралд нээлтээ хийх боломжтой гэж таамаглаж байгаа юм. Мөн цувралын зохиолыг бичсэн зохиолч Kim Eun-hee "The Hollywood Reporter" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Үзэгчид маань дэмжвэл цувралаа 10-р бүлэг хүртэл нь хөгжүүлсэн ч болно" гэсэн билээ. 

Эх сурвалж: All Kpop

#Kingdom #Netflix