Б.Одгэрэл: Монголоо сурталчилж байна гээд монгол бүсгүй зурах АЛБАГҮЙ


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-07-24

Бид ихэнх уран бүтээлчдийн хийж бүтээсэн зүйлийг нь хараад танихаас хүнийг нь таньдаггүй. Тиймээс залуу уран бүтээлчдийн төлөөллүүдээ урьж эхэлсэн цэг, бүтээсэн бүтээл, зорьсон зорилгынх нь тухай ярилцахаар "Би тэгээс эхэлсэн" хэмээх ярилцлагын цоо шинэ булангаа үүсгээд байна. Ингээд хотын гудамжинд өнгө нэмэх "Хүн байгаль хүйн холбоотой" уран бүтээлийг Экологийн цагдаагийн албатай хамтран бүтээсэн "Arto Crew" багийн ахлагч Б. Одгэрэлийг анхны зочноороо урьж оролцууллаа. 


YOLOУншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу. Уг салбарыг яагаад сонгосон бэ?

- Намайг Б.Одгэрэл гэдэг. СУИС-ийн Дүрслэх дизайн урлагийн сургуульд уран зураач мэргэжлээр суралцдаг. Абстракт, реализм дээр суурилж уран бүтээлээ хийдэг. Зургаа, долоо настайдаа их сахилгагүй хүүхэд байлаа. Өвөө маань нэг өдөр намайг үймүүлээд байхаар нь сатааруулах гээд маркер гаргаж ирээд цаасан дээр арслан зурсан юм. Би түүнийг нь хараад маш их гайхаж, баярлаж билээ. Тэр өдрөөс хойш сууж зурдаг хүүхэд болсон.

Аав маань хувцас загвар зохион бүтээгч хүн. Ааваараа бахархаж, ааваасаа үлгэр дуурайл авдаг байлаа. Дүрслэх дизайн урлагийн сургуульд элсэхдээ бүх мэргэжилд нь шалгалт өгтөл бүгдэд нь тэнцсэн. Уран зургийн ангид орсныхоо дараа зураасан зургийн анги руу шилжих гэсэн ч багшдаа дасчихсан байсан. Бага байхад гэрийнхэн маань дэмждэг байсан ч мэргэжлээ сонгоход минь эсэргүүцсэн. Тэр үед “Би ингээд л зурахаа больчих юм уу, би иймхэн хүн юм уу. Хүмүүсийн хувьд хобби байж болох ч миний хувьд мэргэжил” гэж тэмцсээр өнөөдрийг хүрсэн.


YOLOАнх эхэлсэн түүхээсээ хуваалцаач. Бусдад туршлага, мэдлэг, гарын авлага нь болог.

- “Arto crew” уран бүтээлчдийн багийг анх 2017 онд график дизайн, керамик урлал, уран зураг, геологи, архилеоги, интерьер дизайн чиглэлээр сурдаг зургаан хүн нийлж байгуулсан. Бид эхлэхдээ ажлаа нууцлаг байдлаар явуулахыг эрмэлзсэн. Асрамжийн газар, цэцэрлэгүүдийн өрөөг тохижуулж, нурах шахсан балгасыг сэргээн засварлаж, барилгын ханан дээр урам өгөх үгнүүд бичдэг байлаа. “Бид чадна” ТББ-тай хамтран “Room10” төслийг санаачилж аутизм, дауны синдромтой хүүхдүүдийн цэцэрлэгийг тохижуулж байв. Гэхдээ бид тухайн байгууллагуудаас ажлын хөлс авалгүйгээр “Тэсо”, “М Си Эс” зэрэг байгууллагуудтай хамтран дэмжлэг авч ажилладаг байсан. 

YOLOБусад салбараас ямар онцлог ялгаатай вэ?

- “Arto crew” маань интерьерийн зөвлөгөө өгөх, сургалт явуулах гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа явуулдгаараа онцлог. Одоогоор манай сургалтад 150 гаруй хүн хамрагдсан байна. Бид ханын зурагтаа төдийлөн үг үсэг оруулалгүйгээр илүү уран зургийн хэв маягийг барьж зурдаг. Зөвшөөрөлтэй ч бай, зөвшөөрөлгүй ч бай хүний эд зүйл, ханан дээр зурахыг вандализм гэж нэрлэдэг. Үүнээс хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь бусдыг уриалсан хандлагатай графит урлаг юм. Автограф хэмээх гарын үсэгтэй төстэй сараачиж зурдаг урлаг бас бий. Үүнийг мэдэхгүй хүмүүс ингэж будаг цацахыг хэн ч чадна шүү дээ гэдэг. 

YOLOДөнгөж эхэлж буй залуу хүмүүс өндөр үнээр оффис түрээслэн ажиллах хэцүү. Ажлын өрөөгөө хэрхэн тохижуулсан бэ?

- Цар тахлын хямралаас үүдэн урлангаа хаасан. Одоо гэрийнхээ нэг өрөөг урлан болгож ажиллаж байна. 

YOLOХамгийн хайртай, урам авдаг бүтээл тань юу вэ?

- Одоогоор тийм бүтээл хийгээгүй байна.

YOLOШантрах үе бишгүй л байсан байх. Шантралаа, сэтгэлийн зовнилоо хэрхэн ялан дийлдэг вэ?

- Шантарсан үедээ нүдээ аниад алхах дуртай. Тэгж явахдаа манайхан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг их үл ойшоодгийг анзаардаг. Нүдээ аниад алхаад үзвэл хараагүй хүмүүст зориулсан зам нь дундаа тасарчихсан эсвэл гөлийсөн байдаг. Бас заримдаа контикийг бүлээн сүүтэй идэж тайвширдаг. Шантарсан үедээ өөрийгөө эрхлүүлээд, чөлөөтэй тайван л байх нь зүйтэй.

YOLOЯмар эсэргүүцэлтэй тулгарсан, аль эсвэл одоо ч тулгарч байгаа вэ?

- Японы соёлыг таниулах үүднээс Чингэлтэй дүүрэгт “Гейша” зурсан. Монголоо сурталчилж байна гээд заавал монгол бүсгүй зурах албагүй. Ямар улсын ямар хүн зурсан гэдэг нь чухал. Бүтээлдээ кой загасыг зурснаар хүмүүс уг загасыг түлхүү сонирхох болсон мэт санагддаг. Кой загас нь арга билгийн загас бөгөөд Япон улсын бэлгэдэл юм. Гэвч энэ тэргүүтэй хэд хэдэн зургийг маань хүмүүс арилгасан. Уран бүтээлч бүтээл дээрээ гарын үсэг тавьсан мөчөөс тухайн зүйл оюуны өмч болдог. Даанч зарим хүмүүс ухамсаргүй байна. Ухамсартай болохоороо “Яах гэж арилгав даа” гэж харамсах байх гэж бодож байна. 


YOLOЦаашдын зорилго юу вэ?

- Бид зүгээр зураад зогсохгүй урлагаар бусдыг эмчлэх зорилготой. Түүнчлэн хувцас загварын салбарт хүч үзэн, панк төрлийн хувцас урлахаар бэлдэж байна. "COVID-19" цар тахлын улмаас сургалтын үйл ажиллагаагаа түр зогсоосон. Хэтийн зорилго гэвэл Соёлын яамны сайд болно гэж боддог. Монголд үндэстнийг илэрхийлэх хэв шинж бараг байдаггүй. Байгаа нь үндэсний хувцас, монгол гэр, хөгжим л байна. Барилга байгууламжийн интерьер нь ч нөгөө л нэг европ хэв маяг. Гудамжинд явж буй машинууд дунд монгол машин байхгүй. Хэрэглэж байгаа зүйлсэд нь ч монгол юм цөөхөн. Баригдаж буй барилга дээр нь монгол хүн ажиллаж байвал их юм. Үүнийг өөрчлөхийг хүсдэг.

YOLOЯрилцсанд баярлалаа. 

#Би тэгээс эхэлсэн #Зураач