Zero Waste буюу байгальд ээлтэй хэрэглээний соёлд суралцах нь


Бид ирээдүй хойч үедээ эх дэлхийгээ ногооноор нь өвлүүлэн үлдээх эсэх нь зөвхөн бидний амьдралын хэв маягаас л шалтгаална. Учир нь бидний өдөр бүр хэрэглээндээ ашигладаг зүйлсийн ихэнх нь байгальд ээлгүй материалаар хийгдсэн байдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд дэлхийн маш олон орны хүмүүс өдөр тутмын хэрэглээгээ өөрчилж "zero waste" буюу байгальд ээлтэй амьдралын хэв маягт шилжээд байна.

"Zero waste" гэдэг нь ямар ч хог хаягдал гаргахгүйгээр байгальд ээлтэй амьдрах хэрэглээний соёл юм. Бид хог хаягдалгүй амьдарснаар байгаль орчноо хамгаалаад зогсохгүй өөрсдийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж боломжтой. Уншигч та ч бас ийм амьдралын хэв маягт шилжихэд тийм ч их зүйл шаардахгүй билээ.

БИД ЯАГААД ZERO WASTE АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ СОНГОХ ЁСТОЙ ВЭ?

Дэлхийд жил бүр 3,5 сая тонн гялгар уут хаягдал болдог бөгөөд хөрсөнд шингэхийн тулд дор хаяж 1,000 жил зарцуулдаг. Танаас хойших 9 үеэс ч илүү урт насалдаг гээд бод доо. Тиймээс хүн бүр хувьдаа хог хаягдалгүй амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь бидний эх дэлхийгээ хайрлаж буй хамгийн зөв арга зам юм. Дэлхийн банкнаас 2019 онд хийсэн судалгаагаар Монгол улсын нэг иргэн өдөрт 2,6 кг хог хаягдал гаргадаг гэжээ. Огт хог хаягдалгүй амьдрах боломжгүй ч энэ хэмжээг бууруулах бүрэн боломжтой. Бид нэг л эх дэлхийтэй шүү дээ.

Ингээд та бүхэнд хэрхэн хог хаягдалгүй, байгальд ээлтэй хэрэглээний соёлд суралцах талаар зөвлөмжүүдийг хүргэж байна.

1. ХЭРЭГЛЭЭГЭЭ ӨӨРЧЛӨХ

Өдөр тутамдаа хэрэглэдэг хэрэглээгээ байгальд ээлтэй зүйлээр орлуулах. Хамгийн энгийн жишээ бол кофе шоп ороод нэг удаагийн хуванцар савтай бүтээгдэхүүн худалдаж авахын оронд өөрийн гэсэн төмөр соруул, усны сав, кофены аяга, халбага сэрээгээ цүнхэндээ авч явж хэвшээрэй. Ингэснээр нэг удаагийн хуванцар сав байгальд хаягдахаас сэргийлж чадах юм. Мөн дэлгүүр орохдоо гялгар уутнаас татгалзан даавуун тор ашиглах, нүүр цэвэрлэгч хөвөнгөө хуучин хэрэггүй болсон даавуун хувцсаараа орлуулах, модон шүдний сойз хэрэглэх гээд хэрэглээгээ бага багаар өөрчлөөрэй.

2. ОНЦ ШААРДЛАГАГҮЙ БОЛ БҮҮ АВ

Заримдаа хүн өөрийн мэдэлгүйгээр өөрт хэрэггүй зүйлсэд мөнгө үрэх нь элбэг байдаг. Хог хаягдлын гол эх үүсвэрүүдийн нэг нь бидний хувцас. Иймд тйим ч их таалагдаагүй хувцас, хэрэглэлд болж өгвөл битгий мөнгөө үрээрэй. Үүнийхээ оронд эдэлгээ удаан, байгалийн гаралтай хувцас сонгохыг санал болгож байна. Эрүүл мэндэд ч ашигтай, мөнгөнд ч хэмнэлттэй шүү дээ.

НЭГ УДААГИЙН ХЭРЭГЛЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ

Нэг удаагийн хэрэглээнд аяга, таваг, сэрээ, цаас, сойз, гялгар тор гэх мэтчилэн олон зүйл багтдаг. Эдгээрээс аль болох татгалзаж олон удаа хэрэглэх зүйл аваарай. Жишээ нь, ариун цэврийн газарт гараа угаахдаа нэг удаагийн цаасаар арчилгүйгээр цүнхэндээ овор багатай гарны алчууртай явж хэвших гэх мэт.

ХОГ ХАЯГДЛАА АНГИЛЖ ХАЯХ

Хог хаягдлаа ангилж хаяхын хамгийн том давуу тал нь байгальд удаан шингэдэг хортой бодисыг дахин боловсруулах боломжтой хогноос тусгаарлах юм. Манай улсад гялгар тор, шил, лааз, хуванцар савыг дахин боловсруулж байгаа билээ. Та ч бас хогоо залхууралгүйгээр ангилан тушааж байгаарай. Хэрвээ хогоо хаана тушаахаа мэдэхгүй байгаа бол Plastic Center Mongolia төвд хандаарай. Мөн өөрт ойр байрлах түүхий эд авах цэгүүдэд ч тушаах боломжтой.

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

Үргэлжлүүлэн интернет ашилан мод тарих талаар бяцхан зөвлөмж хүргэе. Та өмнө нь Ecosia байгальд ээлтэй хайлтын системийн талаар сонсож байсан уу? Тус хайлтын системийг ашиглаж буй хэрэглэгч 45 удаагийн хайлт хийх тутамд нэг мод таригддаг байна. Тиймээс яг одоо мод тарих үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулаарай.

ZERO WASTE ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИХ НЬ

Зөвхөн хувь хүн бүр хог, хаягдлаа багасгах гэж хичээх нь хангалтгүй билээ. Дэлхийн маш олон оронд "zero waste" амьдралын хэв маягийг дэмжсэн байгальд ээлтэй бүтээгдэхүүн, хэрэглээний зүйлс худалдаалдаг газрууд байдаг. Ингэснээр хүмүүсийн амьдралын хэв маяг, хэрэгцээнд эерэгээр нөлөөлж чаддаг байна. Тухайлбал, Канадын Ванкувер хотод орших нэгэн дэлгүүрт эхнэр, нөхөр хоёр байгальд ээлтэй ахуйн бүтээгдэхүүнүүдийг өөрсдийн гараар хийж зардаг аж. Тэд хулс модоор хийсэн шүдний сойз, эмэгтэйчүүдийн дахин ашиглах боломжтой ариун цэврийн хэрэгсэл, байгалийн гаралтай саван, цэвэрлэгч бүтээгдэхүүн зэрэг хийдэг бөгөөд үйлчлүүлэгчид зөвхөн өөрсдийн саваа авчран хэрэглээндээ таарсан хэмжээгээр авдаг байна.

Бидэнд ч бас өөрсдөө сэтгээд бүтээх боломж бололцоо бүрэн бий. Гагцхүү бидний байгаль эхээ хайрлан хамгаалах сэтгэл л хэрэгтэй байна.

Ашигласан материалууд: Remodelista, Дэлхийн банкны 2019 оны судалгаа

#Zero Waste #Амьдралын хэв маяг #Зөвлөгөө