"Би яг юу хийж, хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна"


Үжин | YOLO.MN
2016-08-29

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би яг юу хийж, хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна

Гадаад харилцааны чиглэлээр явбал ажлын байр хүртээмжтэй эсэх, цалин хэр авах бол гэх мэт зүйлсийг сайн мэдэхгүй юм.

Сайн байна уу. Би одоо 11-р ангид орно.

Мэргэжил сонгох тал дээр жаахан мэдлэг дутуу байна. Математик болон англи хэлдээ маш дуртай. Гадаад харилцааны чиглэлээр явбал ажлын байр хүртээмжтэй эсэх, цалин хэр авах бол гэх мэт зүйлсийг сайн мэдэхгүй юм. Бас гадаадад сурах хүсэлтэй, тэр дундаа Америкт. Зөвлөгөө өгч туслаач? Яг юу хийж, хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна.

ЗӨВЛӨГӨӨ: Мэргэжлийн талаар хэр их судална тэр хэмжээгээр чиний эргэлзээ арилна

Хэрэв үнэхээр таалагдаж байгаа бол тухайн чиглэлээр ажилладаг хүнтэй уулзаж ажлын байр хэр байдаг, хаана сурвал илүү дээр талаар зөвлөгөө авч болох юм.

Сайн байна уу? Чамд тулгараад байгаа асуудал бол сэтгэл зүйн асуудал биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэйг сануулъя. Гэхдээ юун түрүүнд мэргэжлээ сонгохдоо өөрийнхөө хийж чаддаг болон дуртай зүйлээ сайн мэддэг байх хэрэгтэй.

Сонирхож байгаа мэргэжлүүдээ жагсаагаад бүгдийг нь сайтар судалж үзээрэй. Яг юу юу хийдэг болон хэцүү зүйлүүд нь юу байдаг мөн дундаж цалин, ажиллах орчин зэргийг нь ч бас сайн судлах хэрэгтэй. Хэрэв үнэхээр таалагдаж байгаа бол тухайн чиглэлээр ажилладаг хүнтэй уулзаж ажлын байр хэр байдаг, хаана сурвал илүү дээр талаар зөвлөгөө авч болох юм.

Мэргэжлийнхээ талаар хэр их судална тэр хэмжээгээр чиний эргэлзээ арилах болно. Харин дээрх асуудлуудыг шийдэх явцад шантрах, тусламж байхгүй мэт санагдах, ганцаараа хэцүү санагдах үе гарвал сэтгэл судлаачтай уулзаж, тодорхой төлөвлөгөөг хамт боловсруулж ажиллах бүрэн боломжтой шүү. Чамд амжилт хүсье.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #University #Lesson