Арабын Нэгдсэн Эмират Улс Марс гараг руу сансрын хөлгөө илгээлээ


Арабын Нэгдсэн Эмират Улс сансар судлалын түүхэнд тодоор бичигдэх үйл явдлын нэгээхэн хэсэг боллоо. Өөрөөр хэлбэл тэд Марс гарагийг судлахаар анх удаа “Hope” нэртэй сансрын хөлгөө хөөргөөд байна. 

Анх 2014 оны долдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсын ерөнхийлөгч Халифа Бин Заид Аль-Нахъяан Марс руу сансрын хөлөг хөөргөх болсноо зарласан юм. Тус хөлөг нь Марсын агаар мандлыг судлахын зэрэгцээ Эмират улсын инженерүүдийн мэдлэгийг дэлхий дахинд таниулах зорилготой билээ. “Hope” нэрт энэхүү сансрын хөлөг нь 1.35 тонн жинтэй бөгөөд 2.9 метр урт, 2.37 метр өргөн куб хэлбэртэй юм. Тус хөлөг нь 900 ваттын чадалтай 2 нарны зай хураагуурын тусламжтайгаар ажиллахын зэрэгцээ 1.5 метрийн урттай сансрын антенаар дэлхийтэй холбогдох ажээ.

“Hope” хөлгийг энэ сарын 19-нд H2-A тийрэлтэт пуужингаар Япон улсад байрлах Танегашима сансрын төвөөс хөөргөсөн юм. Хөлгийг долдугаар сарын 14-нд хөөргөх товтой байсан боловч цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас хоёр ч удаа хойшлуулсан ажээ. Арабын Нэгдсэн Эмират Улсын инженерүүдийн мэдээлснээр “Hope” 2021 оны хоёрдугаар сард буюу АНЭУ байгуулагдсаны 50 жилийн ойгоор Марсын агаар мандалд судалгааны ажлаа эхлүүлэх юм.

Тус төслийн удирдагч Омран Шараф "BBC" агентлагт өгсөн ярилцлагадаа:

- “Марс руу хөөрсөн хөлгүүдийн тал нь замдаа үйл ажиллагаагаа зогсоодог. Манай хөлгийн хувьд ч энэ нь боломжтой зүйл. Гэхдээ Арабын Нэгдсэн Эмират Улсын хувьд энэхүү төсөл нь шинэ мэдлэгийг бий болгох, туршлага хуримтлуулах, ирээдүйн сансар огторгуйн судалгаанд Эмират улсын инженер, нисгэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой” гэжээ.

“Hope” хөлгийн гол зорилго нь Марс гарагийг бүрхэн байгаа тоосонцрууд тус гарагийн уур амьсгалд хэрхэн нөлөөлж байгааг, мөн агаар мандалд буй устөрөгч болон хүчилтөрөгчийн атомуудын харилцан үйлчлэлийг судлах ажээ. Эдгээр мэдээллүүдийг цуглуулснаар бид Марс гараг хэрхэн усны нөөцөө алдсан талаар мэдэх боломжтой болох юм.

Одоогийн байдлаар Марс гарагийг олон улсын найман төхөөрөмж судалж байгаа бөгөөд “Hope” хөлөг ес дэх нь болж байгаа аж. Мөн БНХАУ болон АНУ энэ сард Марс руу сансрын хөлөг илгээх төлөвлөгөөтэй байна. Арабын Нэгдсэн Эмират Улсын судлаачид Марсын агаар мандлын бүрэн зургийг анх удаа гаргаж өдөр тутмын болон улирал тутмын өөрчлөлтүүдийг нь судлах юм.

Эх сурвалж: BBC, Space News

#Сансар #Сонин хачин