Кпопын эргэн тойронд: Sunmi-г доромжилсон этгээдэд торгууль ногдуулжээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-07-21

Yolo.mn сайтын хамт олны зүгээс Кпоп хөгжим сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ДУУЧИН SUNMI-Г ДОРОМЖИЛСОН ЭТГЭЭДЭД ТОРГУУЛЬ НОГДУУЛЖЭЭ

Долдугаар сарын 13-ны өдөр БНСУ-ын Чанвон дүүргийн шүүхээс дуучин Sunmi-гийн нэр нэр хүндэд халдаж, цахим орчинд бүдүүлгээр доромжилсон этгээдэд 500,000 вон буюу 415 ам.долларын торгууль ногдуулсан байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Sunmi-гийн Инстаграм дахь зурган дээр 48 настай нэгэн эр "Баарны зугаацуулагч хүүхэн шиг харагдаж байна" гэсэн сэтгэгдэл үлдээжээ. Ийнхүү MakeUs энтертайнментийн зүгээс дуучин Sunmi-гийн нэр хүндэд халдсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн удаа дараа мэдэгдэж байсан учраас сэтгэгдэл бичсэн хүнийг шүүхэд өгсөн аж.

Өмнөд Солонгос улсад цахим орчин ашиглаж алдартай хамтлаг, дуучдын талаар худал мэдээлэл цацах, нэр хүндийг нь гутаан доромжлох тохиолдол цөөнгүй байдаг тул ихэнх энтертайнментууд ийм үйлдэлтэй хатуу тэмцдэг аж.

IRENE КИНОНД ТОГЛОНО

Red Velvet хамтлагийн гишүүн Irene "Double Patty" хэмээх киноны гол дүрд тоглохоор болжээ.

Тус киноны зураг авалт наймдугаар сард эхлэх бөгөөд SM энтертайнментийн зүгээс “Энэ мэдээлэл үнэн. Irene "Double Patty" кинонд нэвтрүүлэгчээр суралцаж буй оюутны дүр бүтээнэ” гэжээ.

JESSI "SIXTH SENSE" НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦОНО

P Nation агентлагийн дуучин Jessi "Sixth Sense" нэвтрүүлэгт оролцох нь батлагдлаа.

"Sixth Sense" нэвтрүүлгийг tvN телевизийн сувгаас санаачлан хийхээр болсон ба "Running Man" нэвтрүүлгийн продюсер Jung Chul Min ерөнхий продюсерээр ажиллах юм байна. Одоогоор тус нэвтрүүлэгт Yoo Jae Suk, Jessi, Jeon So Min, Oh Na Ra нар оролцох нь тодорхой болоод байгаа аж.

ДУУЧИН LEE HI ШИНЭ ТИЗЕР ЗУРАГ ЦАЦЛАА

Дуучин Lee Hi Инстаграм хаяг дээрээ "HOLO" хэмээх шинэ тизер зургийг байршуулжээ.

Тэрээр долдугаар сарын 23-ны өдөр comeback буюу эргэн ирэлт хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ нь түүний YG энтертайнменттай хийсэн гэрээ дууссанаас хойших анхны уран бүтээл аж. 

MUSIC BANK: ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ЯЛАГЧ "IRENE&SEULGI"

KBS телевизийн сувгийн Music Bank хөгжмийн нэвтрүүлгийн өнгөрсөн долоо хоногийн дугаарт Irene, Seulgi нарын "Monster" дуу ялалт байгуулжээ.

Тус дугаарт TEEN TOP хамтлаг "Crazy" дуугаараа эргэн ирсэн ба XRO хамтлаг "Welcome to my Jungle" хэмээх анхны уран бүтээлээ толилуулжээ. Мөн Gfriend, TOO, Giant Pink, SF9, AB6IX, Golden Child, Moon Xion, D1CE, AWEEK, VERIVERY, Woodz, Lee Jin Hyuk гэх мэт олон хамтлаг, дуучид өөрсдийн шинэ дуугаа дуулжээ.

Харин цомын төлөө BLACKPINK хамтлагийн "How You Like That" болон Irene, Seulgi нарын "Monster" дуу өрсөлдөж "Monster" уран бүтээл ялалт байгуулсан байна.

“GANGNAM STYLE” ДУУ 3,7 ТЭРБУМ ХАНДАЛТТАЙ БОЛЛОО

Реппэр PSY-ийн 2012 онд гаргасан "Gangnam Style" дуу одоо ч хит хэвээрээ байна!

Долдугаар сарын 19-ний өдөр PSY Инстаграм хаягаараа дамжуулан "Gangnam Style" дуу 3,7 тэрбум хандалттай болсныг зарласан байна. Уг уран бүтээл нь YouTube дээрх хамгийн өндөр хандалттай Кпоп дуу төдийгүй хандалтын тоогоороо дэлхийд долдугаар байранд жагсаж байгаа аж.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд