Хэцүүхэн замыг туулсан ч амжилтад хүрч чадсан Кпоп одод


Э.Цовоо | YOLO.MN
2020-07-17

Дэлхийн сая сая залуусын хайр, хүндэтгэлийг хүлээн амжилтад хүрч чадсан одод Кпоп хөгжмийн ертөнцөд олон бий. Тэдний зарим нь амандаа "алтан халбага" зууж төрсөн буюу угаасаа л хөрөнгө чинээтэй айлд төрсөн гэгддэг ч бараг боломжгүй гэмээр нөхцөл байдлаас өнөөдрийн энэхүү өндөрлөгт хүрсэн алдартнууд цөөнгүй. Тиймээс хичээж л чадвал өөрийн хүчээр амжилтад хүрч болдог гэдгийг нотолсон Кпоп оддыг танилцуулж байна. 

IU

IU-г бага байхад гэр бүлд нь санхүүгийн асуудал тулгарч дүүгийнхээ хамтаар эмээгийндээ амьдрахаар болжээ. Гэтэл эмээгийнх гэрээр дүүрэн ялаа, жоом зэрэг хорхой шавжтай, хүн амьдрах аргагүй нөхцөл байдалтай байсан учир хамаатныхаа айлд амьдрахаар шийдсэн гэдэг. Амжилтад хүрэх хүртлээ IU хэд хэдэн энтертайнментийн шалгаруулалтад оролцож байсан ч нааштай хариу сонссонгүй. Үүний зэрэгцээ тэднийг гэртээ байлгадаг байсан хамаатны ах нь хааяа гэртээ согтуу ирээд тэдэн рүү уурлаж "Эд нар одоо болтол манай гэрээс яваагүй л байгаа юм уу? Хүссэн болгон нь дуучин болчихдог гэж санаа юу?" хэмээн доромжилдог байжээ. Харин IU энэ бүхнийг шүд зуун тэвчиж, сүүлдээ зүгээр л унтчихсан юм шиг дүр үзүүлэн хэвтдэг байв. 

Удалгүй тэрээр “Loen” энтертайнментийн сонгон шалгаруулалтад тэнцсэн ч дуучин болох хүртлээ эмээ болон дүүтэйгээ дуу бичлэгийн студид хоног төөрүүлдэг байсан гэнэ. Энэ бүхний эцэст IU БНСУ-ын хамгийн алдартай эмэгтэй дуучдын нэг болсон бөгөөд хамгийн баян эмэгтэй алдартнуудын гуравт бичигддэг болжээ.

BIGBANG - TAEYANG

Big Bang хамтлагийн гишүүн Taeyang-ийн бага нас мөн л хэцүүхэн өнгөрсөн. Гэр бүл нь хоногийн хоолоо ч залгуулах мөнгөгүй байсан учир зарим өдрүүдэд хоосон хонох тохиолдол ч гардаг байв. Taeyang 12 настайдаа БНСУ-ын алдарт “YG” энтертайнментад бэлтгэгдэгчээр элсэн орж, улмаар Big Bang хамтлагийн гишүүн болж урлагийн ертөнцөд хөл тавьж чадсан ч түүний амьдрал дардан байсангүй. Big Bang хамтлагийн таван гишүүн нэгэн умгар өрөөнд амьдардаг байсан ба маш олон цагаар бэлтгэл сургуулилт хийдэг байсан ч хоол авч идэх мөнгөгүй байжээ. 

Ингээд 2008 онд "Haru Haru" хэмээх уран бүтээлээ гаргаснаас хойш хамтлагийн нэр хүнд зөвхөн БНСУ-д гэлтгүй дэлхий даяар алдарших болсон билээ. Taeyang өдгөө БНСУ-ын хамгийн чинээлэг эрэгтэй алдартнуудын жагсаалтын зургаадугаар байранд бичигдэх болжээ. Мөн тэрээр 2018 онд жүжигчин Min Hyo-Rin-тэй гэрлэсэн юм. 

DARA

Дээрх оддын адилаар 2NE1 хамтлагийн гишүүн асан Dara-гийн гэр бүл ч мөн санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, Филиппин улсад нүүж очжээ. Удалгүй аав нь өөр гэр бүлтэй болсон гэдгээ мэдэгдэж, Dara-г ээж дүү нартай нь хаяад явсан гэдэг. Явах явахдаа хамаг хөрөнгө мөнгөө аваад явсан тул Dara хэсэг хугацаанд сэтгэлийн гүн хямралд өртөж байв. 

Ийнхүү сэтгэлийн хямралаасаа гарсныхаа дараа тэрээр Филиппин улсад жүжигчин, дуучин болж, төрсөн нутагтаа эргэн ирж 2NE1 хамтлагийн гишүүн болсон юм. Та бүхэнд сонирхуулан хэлэхэд түүний эрэгтэй дүү Thunder нь MBLAQ хамтлагийн гишүүн байсан билээ. 

YUNHO

Дуучин Yunho-г бага байхад гэр бүлийнхэн нь галт тэрэгний буудлаар хэсүүлчилж хоног төөрүүлдэг байжээ. Yunho дуучин болох чин хүсэлтэй төдийгүй өөрийгөө чадварлаг дуучин болж чадна гэдэгтээ ч мөн итгэдэг байв. Хэдийгээр гэр бүлийнхэн нь түүний энэхүү мөрөөдлийг эсэргүүцсэн ч тэрээр хэд хэдэн цагийн ажил хийн өөрийгөө хөгжүүлж БНСУ-ын түүхэн TVXQ хамтлагийн гишүүн болж чадсан юм. 

SHINEE - TAEMIN

SHINee хамтлагийн гишүүн Taemin ядуу гэсэн шалтгааны улмаас бага байхдаа үеийнхээ хүүхдүүдэд их дээрэлхүүлдэг байжээ. Tүүний ангийнхан бүгд MP3 тоглуулагчтай байсан ч Taemin-ий ээж аав түүнд MP3 авч өгөх боломжгүй байсан тул тэр зүгээр л чихэвч зүүгээд MP3-тай юм шиг царайлдаг байсан гэдэг. Гэвч тэрээр дөнгөж 14 насандаа SHINee хамтлагт элсэн өдгөө ийн алдарт хүрч чаджээ. 

BTS - V

"Дэлхийн хамгийн царайлаг 100 залуу" санал асуулгыг хэд хэдэн удаа тэргүүлж чадсан дуучин бол BTS хамтлагийн гишүүн V юм. Тэрээр бага байхаасаа л өөрийгөө тариаланч болох хувь тавилантай гэж боддог байсан ч нэгэн удаа найзыгаа дагаад "Big Hit" энтертайнментийн сонгон шалгаруулалтад оролцсон ч найз нь биш, V тэнцэж байсан гэдэг. Ийнхүү тэрээр Ази төдийгүй дэлхийд нэрээ гаргаад буй BTS хамтлагийн гишүүн болж чадсан юм. 

BLACKPINK - LISA

Blackpink хамтлагийн гишүүн Lisa Тайланд улсын иргэн бөгөөд багаасаа л урлагт хайртай нэгэн байжээ. Бага насаа бүжигт зориулсан түүний амьдрал жаргалтай байсан. Ийнхүү тэрээр "YG" энтертайнментийн сонгон шалгаруулалтад хамт оролцсон залуусаас цор ганцаараа шалгарч, дуучин болох гараагаа эхлүүлсэн юм. Гэвч бүх зүйл түүний хүсэж мөрөөдөж байсан шиг аз жаргалтай байгаагүй ч тэрээр маш олон саад бэрхшээлийг даван туулж чаджээ. 

Lisa солонгос хэл мэдэхгүйн дээр таньж мэдэх хүн ч байсангүй. Улмаар гэр бүл, нутаг усаа санасны улмаас шинэ орчинд дасан зохицох бэрхшээлтэй /homesickness/ тулгарч байлаа. Удалгүй Blackpink хамтлаг Кпоп ертөнцөд хөл тавьж, олон олон амжилтын эзэд болсон ч зарим сонсогчид түүнийг "кпопын стандартад тохирохгүй царайтай", "том хамартай", "гадаадын иргэн" гэх зэргээр гоочилж эхэлжээ. Гэсэн ч тэрээр огт бууж өгөлгүйгээр өөрийн авьяас чадвараа нотлон харуулж чадсан ба одоогоор тэрээр Инстаграм хуудаснаа БНСУ-ын хамгийн олон дагагчтай эмэгтэй алдартай болжээ. 

Эх сурвалж: KoreaBoo

#Кпоп #Алдартан