Спортын ертөнцөд: “Формула 1”-ийн 2020 оны шинэхэн улирал эхэллээ


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-07-08

Та бүхэндээ спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэх "Спортын ертөнцөд" цуврал нийтлэлийн энэ долоо хоногийн дугаарыг хүргэхэд бэлэн боллоо.

“ФОРМУЛА 1”-ИЙН 2020 ОНЫ ШИНЭ УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ

Дэлхийн хамгийн шилдэг авто спортын уралдаан “Формула 1”-ийн 2020 оны шинэ улирлын эхний Гранпри тэмцээн өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Австри улсын Шпильберг хотод болж өнгөрлөө. Энэ оны гуравдугаар сарын 15-нд “Формула 1”-ийн шинэ улирал эхлэх товтой байсан боловч "COVID-19" цар тахлын улмаас хойшлоод байсан юм. Ийнхүү 4 сар хойшлогдсоны эцэст “Формула 1” эргэн ирлээ.

Зургадугаар сарын 4-ний өдөр байрлах тогтоох уралдаан явагдсан бөгөөд Мерседес багийн Финлянд нисгэгч Валттери Боттас хамгийн хурдан тойргийг 1:02.939 гэсэн үзүүлэлттэйгээр хийж Австрийн Гранприг 1-р байрнаас эхлүүлэхээр болсон. Харин түүний багийн хамтрагч, дэлхийн 6 удаагийн аварга Льюис Хамилтон удаалсан боловч шар туг өргөх үед хурдаа сааруулж чадаагүй учир гурван байраар ухарч 5-р байрнаас эхэлсэн юм. Ред Булл багийн залуу нисгэгч Макс Ферстаппен 1:03.477 гэсэн үзүүлэлтээр 2-р байранд орсон бол та бидний сайн мэдэх дэлхийн 4 удаагийн аварга, Феррари багийн нисгэгч Себастиан Феттел 11-р байрнаас Австрийн Гранприг эхлүүлжээ.

Нийт 71 тойргийн эцэст байрлах тогтоох уралдаанд 1-р байранд шалгарсан Валттери Боттас бүх нисгэгчдийг тэргүүлэн Австрийн Гранпригийн аваргаар тодорлоо. Ингэснээр тэрбээр 25 оноотой болж нисгэгчдийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Энэ нь түүний карьерын найм дахь түрүү болж байгаа бөгөөд Австрийн Гранприд хоёр дахь удаагаа түрүүлж байна.

Харин Ред Булл багийн залуу нисгэгч Макс Ферстаппенийг аналистууд энэ Гранприд хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэж үзэж байсан боловч 11-р тойргийн үеэр машинд нь асуудал үүссэнээр энэ удаагийн Гранприг дуусгаж чадсангүй. Харин 2 болон 3-р байранд Феррари багийн нисгэгч Шарль Леклер, МкЛарен багийн Ландо Норрис нар тус тус орж 18 болон 16 оноотой боллоо. Дэлхийн 6 удаагийн аварга Льюис Хамилтон маань 2-р байраар уралдаанаа дуусгасан боловч торгуулийн улмаас 4-р байр луу ухарч ердөө 12 оноог авсан аж.

БАЙЕРН МЮНХЕН КЛУБ УЛИРЛЫН ХОЁР ДАХЬ ЦОМОО ӨРГӨЛӨӨ

Герман улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “DFB-Pokal” тэмцээний 77 дахь удаагийн шигшээ тоглолт өнгөрсөн долоо хоногийн ням гарагт болж өнгөрлөө. Байер Левекузен болон Байерн Мюнхен клубүүдийн хооронд болсон тус тоглолтод Байерн Мюнхен клуб өрсөлдөгчөө 4:2-ийн харьцаатайгаар буулган авч 2019-2020 оны улирлын “DFB-Pokal” тэмцээний аваргаар тодорлоо.

Тоглолтын эхний гоолыг 16 дахь минутад Байерн Мюнхен клубийн хамгаалагч Давид Алаба чөлөөт цохилтоос оруулсан юм. Энэхүү гоолоос ердөө найман минутын дараагаар Герман жигүүр Серж Гнабри Байерн Мюнхен клубийн хоёр дахь гоолыг хийсэн. Мөн түүнчлэн Байерн Мюнхен клубийн супер од Роберт Левандовский 59 болон 89 минутад гоолдон дубль хийж нийт 6 гоолтойгоор тус тэмцээний мэргэн буучаар тодорлоо. Харин Байер Левекузен клубээс 64 дэх минутад Свен Бендер, 90+5 минутад Германы шигшээ багийн ирээдүй Кай Хаверц торгуулийн цохилтоос тус тус гоолдсон байна.

Байерн Мюнхен клуб ийнхүү 20 дахь удаагаа Германы лигийн цомын аваргаар тодорлоо. Өнгөрсөн жил тэд мөн л РБ Лейпциг багтай шигшээ тоглолтод шалгаран тоглож 3:0-ээр бут ниргэсэн билээ. Энэхүү цом нь Байерн Мюнхен клубийн 2019-2020 оны улиралд хүртэж байгаа хоёр дахь цом бөгөөд тэд энэ жилийн Бундеслигийн аваргаар мөн тодорсон билээ. 

“СУПЕР ЦОМ”-ЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТОД "ХААН ХҮНС ЭРЧИМ" КЛУБ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

Өнгөрсөн улирлын МХБХ-ны дээд лигийн аварга “Улаанбаатар сити” болон холбооны цомын аварга “Хаан Хүнс Эрчим” клубуудын хооронд “Супер цом”-ын төлөөх тоглолт долдугаар сарын 1-нд явагдсан билээ. Энэхүү тоглолтод “Хаан Хүнс Эрчим” клуб өрсөлдөгчөө 4:0-ийн харьцаатайгаар буулган авснаар найм дахь удаагаа “Супер цом”-ын эздээр тодорч байна.

Тус тоглолтод “Хаан Хүнс Эрчим” клубийн тоглогч Ц.Түмэнжаргал тоглолтын 3, 33, 61 дэх минутад гоолдон, хет-трик хийсэн бол тоглолтын 26 дахь минутад Ц.Энхтөр гоол хийсэн юм. Өнгөрсөн жил “Супер цом”-ын төлөө “Атлетик 220” болон “Эрчим” клубүүд тоглосон бөгөөд “Хаан Хүнс Эрчим” клуб мөн л өрсөлдөгчөө 4:2-ийн харьцаагаар буулган авч байсан юм. Энэхүү тэмцээн 2012 оноос хойш нийт 9 удаа зохион байгуулагдсан бол Эрчим клуб найман удаа цомын эздээр тодорч үнэмлэхүй амжилт үзүүлээд байна.

Монголын хөлбөмбөгийн 2020 оны улирал дөрөвдүгээр сард эхлэх товтой байсан боловч "COVID-19" цар тахлын улмаас хойшлогдон энэ сарын 1-ээс эхэлж байгаа билээ. Улирлын нээлтийн тоглолт “СП Фалконс” болон “Дэрэн” клубуудын хооронд явагдсан бөгөөд “СП Фалконс” өрсөлдөгчөө 1:0-ийн харьцаатайгаар буулган авч 3 оноог өөрсдийн болгосон юм. Тоглолтын цорын ганц гоолыг тоглолтын 32 дахь минутад М.Төгөлдөр оруулсан.

ЛЭРОЙ САНЭ БУУРЬ СЭЛГЭЛЭЭ

Германы шигшээ баг болон Английн Манчестер Сити клубийн жигүүрийн довтлогч Лэрой Санэ өнгөрсөн долоо хоногт буурь сэлгэж Бундеслигийн аварга Байерн Мюнхен клубд нэгдлээ. Энэхүү наймаа 2019-2020 оны улирлын эхэнд яригдаж байсан боловч 24 настай довтлогч маань өвдгөндөө маш хүнд гэмтэл авч бүтэн улирал тоглох боломжгүй болсноор наймаа хийгдээгүй өнгөрсөн юм. Ийнхүү бүтэн 10 сар хүлээсний эцэст энэхүү наймаа хийгдэж Лэрой Санэ 45 сая еврогоор Германд газардлаа. Тэрбээр Байерн Мюнхен клубтэй таван жилийн гэрээ байгуулсан бөгөөд долоо хоногт 385'000 фунт стерлингийн цалинг авах ажээ.

- “Байерн Мюнхен бол том зорилготой том клуб. Би шинэ шинэ сорилтуудад бэлэн байна. Мөн шинэ багийнхантайгаа хамт бэлтгэл хийхийг тэсэн ядан хүлээж байна. Би Ханси Флик дасгалжуулагчийг 21-ээс доош насны шигшээ багт ажиллаж байх үеийг нь санаж байна. Бид маш сайн харилцаатай байсан” гэж Байерн Мюнхен клубийн шинэ цэрэг Лэрой Санэ хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Анх 2016 онд Лэрой Санэ Германы Шальке 04 клубээс Манчестер Сити клубд нэгдсэн бөгөөд түүнээс хойш Манчестер Ситигийн төлөө 135 тоглолтод оролцож 39 гоол, 45 гоолын дамжуулалт өгсөн. Лэрой Санэ Манчестер Сити клубийн хамтаар Премьер лигийн аваргаар 2 удаа, FA Cup-ийн аваргаар 1 удаа тодорсны зэрэгцээ Английн шилдэг залуу тоглогчийн шагналыг 2018 онд хүртэж байсан юм. Ийнхүү амжилтаар дүүрэн 4 жилийг Англид өнгөрөөсний дараа тэрбээр Германд буцаж ирэхээр боллоо. Байерн Мюнхен клубд Герман довтлогч маань 10 номерийг зүүх юм.

Эх сурвалж: BBC , Skysports, ESPN, MFF

#Спортын ертөнцөд