Реппэр Kanye West АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2020-07-06

Дуучин, реппэр, продюсер, загвар зохион бүтээгч гээд дуу хөгжим, загварын салбарт нэрд гарсан Kanye West улс төрд хүч үзэхээр болжээ.

АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр буюу долдугаар сарын 4-ний өдөр реппэр Kanye West Твиттер хуудсаараа дамжуулан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан байна. Тэрээр, “Америкчууд бид улсдаа амласан амлалтынхаа хүрээнд бурхандаа итгэж, алсын хараагаа нэгтгэж ирээдүйгээ бүтээх цаг нь болжээ. Би Америкийн Нэгдсэн улсын ерөнхийлөгчид өрсөлдөнө! #VISION2020” хэмээн жиргэжээ.

Тэгвэл "Tesla" компанийн гүйцэтгэх захирал Elon Musk түүнийг дэмжиж буйгаа илэрхийлэн "Би чамайг бүрэн дэмжинэ" хэмээн жиргэсэн байна.

Одоогийн байдлаар Kanye West АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Мөн энэ нь түүний ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн анхны тохиолдол биш билээ. Тодруулбал, 2015 оны "MTV Video Music Awards" шагнал гардуулах ёслолын үеэр тэрээр 2020 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж байсан. Гэвч 2019 оны арваннэгдүгээр сард "Fast Company Innovation" үйл ажиллагааны үеэр 2020 онд бус 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн зарлаад байсан юм. Тэрээр хэлэхдээ: 

- "Би 2024 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ.

Та нар яагаад инээгээд байгаа юм? Би маш олон ажлын байрыг бий болгоно. Би гүйхгүй, алхана.

Та нар үүнийг сонсоод "Kanye лав галзуурсан байх" гэх байх. Африк гаралтай Америк гурван хүн тутмын нэг нь шоронд байна. Бүхий л алдартай өнгөт арьстнууд шоронд орж байсан. Яагаад гэвэл тэд үзэл бодлоо илэрхийлэх юу ч хэлж чаддаггүй. Тэд зүгээр л айж байгаа" хэмээж байсан юм. 

Өдгөө 43 настай реппэр Kanye West дэлхий даяар 140 сая гаруй цомог борлуулж, "Grammy" хөгжмийн наадмаас 21 шагнал хүртээд байна. Тэрээр энэ оны дөрөвдүгээр сард албан ёсоор долларын тэрбумтан болсон гэдгээ зарласан юм. 

Эх сурвалж: Forbes, The Guardian News

#Kanye West #Сонгууль