Бидний мэдэхгүй зүйлс: Хүний хэл


Миау | YOLO.MN
2022-04-18

Хэл бол бидний өдөр тутмын амьдралдаа хамгийн ихээр ашигладаг ч хамгийн бага анхаарал хандуулдаг эрхтэн гэж хэлж болно. Ингээд хэлтэй холбоотой найман сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1. ХЭЛ ХЭЗЭЭ Ч ЯДАРДАГГҮЙ

Хэл бол ясны тусламжгүйгээр хөдөлж чаддаг цорын ганц булчин. Биеийн бусад хэсгийн булчингууд олон цагийн турш зогсоо зайгүй ажиллаж хөдөлбөл маш ихээр ядарч булардаг. Гэвч энэхүү булчинд маань ядарна гэсэн ойлголт байхгүй аж. 

Мөн хэл 8 үндсэн булчингаас бүрддэг бөгөөд үүний 4 нь хэлбэрээ, үлдсэн 4 нь байрлалаа өөрчлөх үүрэгтэй байдаг байна. 

2. ХЭЛ БҮХЭН ДАХИН ДАВТАГДАШГҮЙ

Яг л хурууны хээний адилаар хэлэн дээрх хээ ч мөн дахин давтагдашгүй шинж чанартай. 

3. ХЭЛЭЭ БӨӨРӨНХИЙЛЖ ЧАДАХ УУ?

Дийлэнх хүмүүс хэлээ "U" хэлбэрт оруулж чаддаг бол үлдсэн хэсэг нь хэчнээн хичээгээд ч чаддаггүй. Бидний хувьд хэлээ бөөрөнхийлж чаддаггүй хүмүүс албаар чадахгүй байгаа юм шиг дүр эсгэж байгаа мэт санагддаг ч үнэхээр л бөөрөнхийлж чаддаггүй гэнэ. 

Үүнийг тухайн хүний генийн мэдээлэлтэй холбож ойлгож болох ч эцэг эх нь хэлээ бөөрөнхийлж чаддаггүй байхад хүүхэд нь чаддаг байх тохиолдлууд байдаг учир 100 хувь гентэй нь холбон тайлбарлах боломжгүй байдаг аж. Зарим эрдэмтэд хүний хэлээ бөөрөнхийлж чаддаг эсэх нь тухайн хүн ямар хэлээр ярьж байгаагаас хамаарна гэж үздэг ч аливаа үндэстэн даяараа хэлээ бөөрөнхийлж чаддаг эсвэл чаддаггүй тохиолдол байхгүй учраас үүнд ч итгэх боломжгүй. 

4. ХЭЛ ТАРГАЛДАГ

Бид хэлээ тогтмол ажиллуулдаг болохоор масс нь нэмэгдэх боломжгүй гэж бодож байвал та эндүүрчээ. Тэгвэл бид жин хасах эсвэл нэмэх тохиолдолд хэлний масс ч мөн дагаж өөрчлөгддөг байна. 

5. ХЭЛНИЙ ХЭСЭГ БҮР ӨӨР ӨӨР АМТЫГ МЭДЭРДЭГ

Хүн үндсэн дөрвөн төрлийн амтыг хэлнийхээ өөр өөр хэсгээр ялгаж амталдаг гэсэн ойлголт бидний дунд түгээмэл дэлгэрсэн байдаг. 

Тэртээ 1901 онд Германы эрдэмтэн Davig Hanig докторын судалгааны ажлаа хүний хэлний зарим хэсэг бусад хэсгээсээ илүү мэдрэмтгий байдаг талаар бичжээ. Гэвч хүмүүс түүний судалгааны ажилдаа ашигласан график зургийг буруугаар ойлгосны улмаас өнөөдрийн энэхүү ойлголт үүссэн байна. 

Харин 1974 онд АНУ-ын эрдэмтэн хүн хэлнийхээ аль ч хэсгээр ямар ч амтыг ялгах боломжтойг нотолсон байдаг. Хэлийг ийнхүү 4-5 хэсэгт хуваадаг нь хэлний аль хэсэг нь ямар амтыг илүү нарийн амталж мэдэрдэгт л орших аж. Жишээлбэл бид хэлнийхээ аль ч хэсгээр исгэлэн амтыг мэдэрч чаддаг ч арын буюу хоолойн талын хэсгээрээ илүү нарийн мэдэрдэг байна. 

6. АЛИВАА ЗҮЙЛД ХЭЛЭЭ ХҮРГЭЭД Л ЮУ БАЙГААГ НЬ МЭДЭХ БОЛОМЖГҮЙ

Та нүдээ аньж байгаад ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнд хэлээ хүргээд л ямар амттай, ямар бүтээгдэхүүн байгааг нь таах боломжтой гэж бодож байвал мөн л эндүүрчээ. Бид хамар буюу үнэрлэх чадварынхаа тусламжтайгаар л хэлээрээ мэдэрсэн зүйлээ таньж чаддаг. Харин хамраа чимхэж байгаад хэлээрээ долоовол ямартай ч чихэрлэг зүйл үү исгэлэн зүйл үү гэдгийг нь ялгаж чадахаас биш яг нарийн хэлж чадахгүй аж. 

Үүнийг ойлгомжтой болгох өөр нэгэн жишээ бол ханиад хүрэх. Бид ханиад хүрч хамар битүүрэхэд амтлах мэдрэмж ч дагаад мууддаг нь үүнтэй холбоотой. 

7. БИЕИЙН ХАМГИЙН ХУРДАН ЭДГЭДЭГ ЭРХТЭН

Хүний биеийн хамгийн хурдан эдгэдэг эрхтэн бол хэл. Энэ нь ямар ч төрлийн бэртэл гэмтэл авсан бай шүлс болон өвөрмөц эд эсүүдийнхээ тусламжтайгаар биеийн бусад хэсэгтэй харьцуулахад их хурдан эдгэдэг байна. 

8. ХЭЛ - БИЕ

Таны биеийн ерөнхий үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг хэлний тань өнгийг хараад л мэдэх боломжтой. Тиймээс хэл тань цайвар ягаан өнгөтэй байгаа бол танд баяр хүргэе! 

Харин хэт цайвар бол мөөгөнцөр, хөхдүү бол зүрх судас, сааралдуу бол хоол боловсруулах тогтолцоонд асуудал үүссэн байх магадлалтай гэж тайлбарладаг. Гэхдээ ямартай ч сүүлийн үед таны хэлний өнгө хэвийнээс өөр өнгөтэй байгаа бол эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. 

Эх сурвалж: Bright Side

#Та үүнийг мэдэх үү #Хэл #Хүний бие #Сонин хачин