Спортын ертөнцөд: Ливерпүүл клубийн 30 жилийн хүлээлт дууслаа


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-07-04

Та бүхэндээ спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэх "Спортын ертөнцөд" цуврал нийтлэлийн энэ долоо хоногийн дугаарыг хүргэхэд бэлэн боллоо.

ЛИВЕРПҮҮЛ КЛУБИЙН 30 ЖИЛИЙН ХҮЛЭЭЛТ ИЙНХҮҮ ДУУСЛАА

"COVID - 19" цар тахлын улмаас олон сарын турш завсарлага авсны эцэст Европын томоохон лигүүдийн 2019-2020 оны улирал эргэн ирээд байгаа билээ. Бундеслигт Байерн Мюнхен клуб 30 дахь удаагаа түрүүлэх нь тодорхой болсон бол дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгийн лиг болох Английн Премьер лигийн энэ улирлын аварга ч мөн өнгөрсөн долоо хоногт тодорлоо. Энэ бол ЛИВЕРПҮҮЛ клуб. Тус клуб хамгийн сүүлд 1990 онд Английн дээд лигт түрүүлж байсан ба ийнхүү 30 жилийн дараа дахин дээд лигийн аваргаар тодорч байгаа юм. 

Английн Премьер лигийн 31-р тойргийн тоглолтууд өнгөрсөн долоо хоногт явагдсан. 31-р тойргийн хүрээнд Ливерпүүл клуб Кристал Паластай учраа таарсан бөгөөд 4:0-ийн харьцаатайгаар бут ниргэсэн юм. Ийнхүү 86 оноотой болсноор жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байсан Манчестер Сити клубээс 23 онооны зөрүүтэй болсон билээ. Хэрэв Манчестер Сити клуб энэхүү тойрогт оноо алдвал Ливерпүүлийн аваргын цом баталгаажих байсан юм.

Зургаадугаар сарын 26-ны өдөр Манчестер Сити клуб Челси клубын талбайд зочлон тоглож 2:1-ийн харьцаатайгаар хожигдсоноор тэд Ливерпүүл клубийг гүйцэх ямар ч боломжгүй болсон тул 2019-2020 оны аваргаар Ливерпүүл клуб тодорлоо. Түүнчлэн тэд Премьер лигийн анхны цомоо өөрсдийн хамгийн том өрсөлдөгч Манчестер Сити клубийн цэнгэлдэх хүрээлэнд гардан авахаар болсон юм.

Түүхийн хуудаснаа Английн дээд лиг 1992 онд “Премьер лиг” хэмээх нэртэй болсон байдаг. Энэ цаг үеэс хойш Ливерпүүл хотын баг нийтдээ 8 менежер, 240 тоглогч сольж, 1151 лигийн тоглолт, 1975 гоол хийснийхээ эцэст анх удаагаа Премьер лигийн аваргаар тодорлоо. Ливерпүүл клуб нь 1892 онд байгуулагдсан бөгөөд аваргуудын лигт 6 удаа, английн дээд лигт 19 удаа түрүүлж байсан Английн түүхэн дэх шилдэг клубүүдийн нэг яахын аргагүй мөн билээ.

Сүүлийн жилүүдэд тус клубийн амжилт эрс муудаад байсан ч 2015 онд Герман мэргэжилтэн Юрген Клоппыг клубдээ авч ирснээр өнгөрсөн жилийн хувьд л гэхэд аваргуудын лигт 6 дахь удаагаа түрүүлж, лигийн хоёрдугаар байранд жагсаж, топ түвшиндээ эргэн ирж чадсан юм. 

Харин энэ улиралд тэд 30 жилийн турш хүсэн хүлээсэн Премьер лигийн аваргын цомоо өргөхөөр боллоо. Ливерпүүл клубийнхандаа баяр хүргэе!

МЕРСЕДЕС БАГИЙН ШИНЭ ӨНГӨ ТӨРХ

“Формула 1” уралдааны хүчирхэг багуудын нэг болох Мерседес баг 2020 оны улиралд уралдах машиныхаа цоо шинэ өнгө төрхийг танилцууллаа. Энэхүү машины өмнөх загваруудаасаа ялгарах гол онцлог нь саарал өнгөний оронд карбон хар өнгөтэй болсон явдал юм. Саарал өнгө 1930-аад оноос хойш Мерседес багийн бэлэг тэмдэг байсан бөгөөд тэд түүхэндээ анх удаа уг өнгөөс татгалзаж байгаа нь энэ билээ. Тэд карбон хар өнгийг зүгээр ч нэг шалтгаанаар сонгоогүй ажээ. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргууд маань уг өөрчлөлтөө арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон хүйсийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн үйлдэл гэж тайлбарлаж байгаа аж. 

Сүүлийн үед зөвхөн АНУ-д ч гэлтгүй дэлхий даяар "Black Lives Matter" буюу арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөн өрнөөд байгаа билээ. Африк гаралтай америк эр Жорж Флойд тавдугаар сарын 25-ны өдөр орон нутгийн цагдаа нарын гарт амиа алдсанаар энэ бүх хөдөлгөөн өрнөх үндэс тавигдсан юм.

Дэлхийн 6 удаагийн аварга Мерседес багийн нисгэгч Льюис Хамилтон 2 долоо хоногийн өмнө Лондон хотод болсон тайван жагсаалд оролцсон бөгөөд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг байр суурьтай байгаагаа тухайн үед мэдэгдэж байв. Түүний хэлснээр энэхүү өөрчлөлт нь хэдий том биш боловч багийн зүгээс хийж чадах хамгийн боломжит зүйл ажээ.

Ж.Р.СМИТ ЛЭЙКЕРС БАГТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Дэлхийн хамгийн шилдэг сагсанбөмбөгийн холбоо болох NBA-ийн 2019-2020 оны улирал долдугаар сарын 31-нээс АНУ-ын Флорида мужид байрлах "Walt Disney" компанийн эзэмшлийн спорт цогцолборт үргэлжлэхээр болсон билээ. Аналистууд тамирчдыг олон сарын туршид гэрийн хорионд байсан учир бэртэл гэмтэл авах өндөр магадлалтай гэж үзсэн тул лигийн зүгээс багуудад дахин 2 тоглогчтой гэрээ байгуулах боломжийг олгосон юм. 

Флорида мужид үргэлжлэх 2019-2020 оны улиралд Лос Анжелес Лейкерс багийн хамгаалагч Эвери Брэдли гэр бүлийнхнийхээ эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах шалтгааны улмаас оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. 

Ингээд гараанд нэг тоглогчийн орон тоо сул үлдсэн тул Лейкерс баг туршлагатай шидэгч Ж.Р.Смиттэй гэрээ байгууллаа. Ингэснээр 2016 онд аварга авч байсан Леброн Жеймс болон Ж.Р.Смит гэсэн хослолыг бид дахин нэг удаа харахаар болж байна. Түүнчлэн самбарын тоглогчийн асуудалтай байсан Лос Анжелес Клипперс баг Жоаким Ноатай 2 жилийн гэрээг байгуулжээ. Лос Анжелес хотын 2 баг хүчээ ийнхүү зузаатгаж чадлаа.

МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭТЭЙ ХӨЛБӨМБӨГЧИН ЖАНСЕРИК

"COVID-19" цар тахлын улмаас хоёр ч удаа эхлэх товоо өөрчлөөд байсан 2020 оны дээд лиг долдугаар сард эхлэхээр болсныг Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ) мэдэгдсэн билээ. Лиг эхлэхтэй зэрэгцэн зуны шилжилт хөдөлгөөний цонх зургаадугаар сарын 22-ны өдөр нээгдсэн бөгөөд нөгөөдөр буюу долдугаар сарын 3-нд дуусах юм. Энэхүү солилцоо наймааны цонхоор Монголын рекорд наймаа хийгдсэн нь Дэрэн клубийн залуу довтлогч М.Жансерикыг SP Falcons клуб 20 сая төгрөгөөр худалдан авсан явдал юм. Ийнхүү М.Жансерик Монголын хамгийн өндөр үнэд хүрсэн хөлбөмбөгчин боллоо.

2020 оны Монголын хөлбөмбөгийн шинэ улирал өнөөдөр 18:00 цагаас “Супер цом”-ын төлөөх Улаанбаатар Сити болон Хаан Хүнс Эрчим клубуудын хоорондох тоглолтоор эхлэх юм. УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу тус тоглолт үзэгчгүй явагдах бөгөөд та бүхэн энэхүү тоглолтыг "SPS" телевизээр хүлээн авч үзээрэй. 

Эх сурвалж: BBC , NBA, Skysports, ESPN

#Спортын ертөнцөд