"13 Reasons Why" цувралын ЖҮЖИГЧИД үнэнч үзэгчдэдээ тэтгэлэг олгоно


Өсвөр насныханд зориулагдсан "13 Reasons Why" цуврал нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулсаар хамгийн сүүлчийн бүлгээ энэ сарын эхээр цацсан билээ. Үзэгчид хэдийгээр хайртай дүрүүддээ баяртай гэж хэлэх цаг болсон нь харамсалтай ч тэдний үлдээж буй "гайхалтай" бэлгийн эзэн болох боломжтой болсон нь гайхалтай юм. Өөрөөр хэлбэл "13 Reasons Why" цувралын жүжигчид үнэнч үзэгчдэдээ тэтгэлэг олгохоор шийдсэн байна. 

Тухайлбал цувралын дөрөвдүгээр бүлэг цацагдахын өмнө "13 Reasons Why" сангаас сэтгэцийн эрүүл мэндийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй, манлайлагч, үе тэнгийнхнийхээ эрүүл мэндийн төлөө сайн үйлс хийсэн 10 шилдэг сурагчийг сонгон авч, тус бүр 5,000 ам.долларын сургалтын тэтгэлэг олгохоор болжээ. Энэхүү кино сурагчдын амьдрал, мэдлэг туршлага, нийгмийн идэвхэд нь хэрхэн эерэгээр нөлөөлснийг тэтгэлэг авсан залуусын эсээнээс харж болох юм. 

Мөн одоо үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан тэтгэлэг авах болзол хангасан сурагчид маань төгсөлтийн баяртаа оролцох боломжгүй болсон тул киноны гол дүрийн жүжигчид сурагчдадаа баяр хүргэж, төгсөлтийн мэндчилгээ илгээжээ. 

Zach Dempsey-ийн дүрд тоглосон жүжигчин Ross Butler:

- "Юуны өмнө бүх сурагчдадаа зоригтой байсанд нь талархаж байна. Өөр шигээ байдалд орсон бусдадаа туслахын тулд нууцаа хуваалцана гэдэг хэн бүхэнд байдаггүй сайн чанаруудын нэг билээ. Мөн маш олон сурагчдаас шалгарч, тэтгэлэг авахаар болзол хангасан та бүхэндээ баяр хүргэе. Чи өөрийн зүрх сэтгэлдээ үнэнч, шударга байж чадсан учраас сонгогдсон юм шүү. Цаашид ч бусдын зүрх сэтгэлийг дулаацуулан ганцаардлаа даван туулахад нь тусална гэж найдаж байна. Баярлалаа" хэмээн бичжээ. 

Харин Justin Foley-ийн дүрд тоглосон жүжигчин Brandon Flynn: 

- "Та бүхний хийж буй бүх зүйлд маш их талархаж байна. Аав минь надад "Бүхий л зүйлийг хамгийн сайнаараа хий. Чиний хийсэн зүйл хэн нэгэнд хэзээ нэгэн цаг эерэгээр нөлөөлөх болно" гэж хэлдэг байсан. Та бүхэн аавын минь хэлсэн үгийг бодит болгож, маш олон хүний амьдралд эерэгээр нөлөөлж чадлаа" гэжээ. 

Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн сурагчдын нэг Simon:

- "Би энэхүү цувралыг үзээд зарим хүмүүст итгэл найдвар гэдэг зүйл ямар их дутагдаж байгааг, мөн энэ тал дээр ямар нэгэн дорвитой зүйл хийх хэрэгтэйг ойлгосон. Ингээд найзуудтайгаа хамтраад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр амиа хорлолтоос сэргийлэх заавар, зөвлөмжүүд боловсруулж эхэлсэн. Мөн би цаашид кино урлагт хөл тавих бодолтой байгаа. Хэрэв тэгж чадвал хийж буй ажилдаа итгэл найдвар болон хүч чадал гэдэг зүйлийн тухай заавал тусгах болно" хэмээжээ. 

Эх сурвалж: Seventeen 

#Netflix #13 Reasons Why