Өнөөдрөөс эхлэн эдгээр ХУДАЛ ҮГСИЙГ өөртөө бүү хэлээрэй


Дийлэнх хүмүүс эерэг гэхээсээ илүүтэйгээр сөрөг бодлуудад автаж, өөрсдөдөө худал хэлдэг. Бидний өөрсдөдөө хэлдэг, дотроо боддог зүйлсийн ихэнх нь худал байдаг бөгөөд олон жилийн турш өөрийгөө хуурч мэхэлсээр байгаагаа өөрсдөө ч анзаардаггүй. Үүнийг сэтгэл судлалын шинжлэх ухаанд “танин мэдэхүйн гажуудал” гэж нэрлэдэг. Худал зүйлд итгэх нь таны сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд ч зогсохгүй сэтгэл зүйн хувьд сул, дорой нэгэн болгодог. Тиймээс сэтгэл зүйгээ зөв удирдаж, хүчтэй байхыг хүсэж байгаа бол дараах үгсийг өөртөө бүү хэлээрэй. 

1. "БИ ХАНГАЛТТАЙ САЙН БИШ"

Бид энэ яваа насандаа "би тийм ч мундаг биш" гэх үгийг өөртөө нэг бус удаа хэлдэг. Өөртөө ингэж хэлэх нь өөрийнхөө хүсэл мөрөөдлийг нурааж байна гэсэн үг юм. Мөн "би тийм ч ухаантай биш", "би бусад шиг сэтгэл татам биш", "би тийм ч амбицтай нэгэн биш" гэх зэргээр өөрийгөө дүгнэх нь таны аливааг хийж бүтээх итгэл найдвар болон ажлын бүтээмжийг тань үгүй хийдэг байна. 

Хэрэв та дээр дурдсан үгсийг өөртөө хэлдэг бол яг одооноос хэлэхээ больж, юу ч тохиолдсон бай "би хангалттай сайн байна", "болж байна" хэмээх өөрийгөө урамшуулж байгаарай. 

2. "ХҮМҮҮС НАМАЙГ ЧАДАХГҮЙ ГЭСЭН БОЛОХООР БИ ЧАДАХГҮЙ БАЙХ"

Та "чи хэзээ ч амжилтад хүрч чадахгүй" гэж хэлэх хүмүүстэй бишгүй олон удаа тааралдана. Тэд таны хийж бүтээсэн зүйлсийг үгүйсгэж болох ч тэдний хэлсэн үг бүрийг өөртөө хүндээр тусган авч хямрах хэрэггүй. Бусдын хэлсэн үг бүрийг өөр дээрээ тусгаж аваад байвал ирээдүйд бие даан шийдвэр гаргах, хамт олонтой болох зэрэгт тань сөргөөр нөлөөлнө. 

Өөрийн бодол өөртөө зөв учир өөртөө итгэж, таныг дэмжих хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрэй.

3. "БИ ТЭВЧИЖ ЧАДАХГҮЙ НЬ"

Бид "үүнийг дахин тэвчиж чадахгүй" гэдэг бодлоос "үүнийг дахиж хэзээ ч хийхгүй" гэсэн бодол руу шуудхан шилждэг. Хүмүүс нэг удаагийн сэтгэл санааны тав тухгүй байдлыг даван туулах чадвар, сэтгэлийн тэнхээ дутмагаас өөрийнхөө бүхэл амьдралын хүсэл мөрөөдлийг үл тоон буруу шийдвэр гаргахад хүрдэг. 

Тиймээс аливаад хүлээцтэй хандаж, аливаад амархан бууж өгөх хэрэггүй.

4. "МИНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ СУЛ ДОРОЙ"

Дийлэнх хүчирхэг сэтгэл зүйтэй хүмүүс өмнө нь ямар нэгэн байдлаар сэтгэл гутрал, сэтгэл түгших гэх зэрэг ямар нэгэн сэтгэлзүйн асуудалтай нүүр тулгарч, түүнийгээ даван туулсан хүмүүс байдаг. Та сул дорой болохоор л сэтгэл гутралд өртөөд, түгшээд байгаа юм биш. 

Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг яг л бие махбодын эрүүл мэндтэй л адил чухал зүйл. Тиймээс бие махбодын хувьд эрүүл байхын тулд өдөр бүр дасгал хийдэг шиг сэтгэл зүйгээ чанга, хүчирхэг байлгахын тулд ч өдөр бүр сэтгэлзүйгээ дасгалжуулах хэрэгтэй. "Би сул дорой", "амархан гомддог" зэрэг үгс таныг улам л сул дорой болгоно уу гэхээс хүчтэй нэгэн болохгүй нь тодорхой. 

5. "НАДАД ХАНГАЛТТАЙ ХҮЧ ЧАДАЛ БАЙХГҮЙ"

Хүн өөрөө өөртөө "би хангалттай хүчтэй нэгэн биш" гэж хэлэх нь өөрийгөө ангал руу түлхэж байгаатай л адил. Бүх хүнд сэтгэлийн хүч бий. Гагцхүү өөрийн хүч чадлыг хадгалахын тулд орчноо зөв бүрдүүлэх нь чухал. Та хоолны дэглэм барьж байгаа бол хөргөгчиндөө амттан бүү хадгал. Амттан байхгүй бол та тэвчиж чадна. 

6. "БИ ХЭТЭРХИЙ ИХ ШАРХАЛСАН"

Сэтгэлийн шарх эдгэрэх хугацаа хүн бүрд харилцан адилгүй. Гэхдээ сэтгэлийн шархыг өөрийн сайн сайхан явахгүй байгаагийн шалтгаан болгох хэрэггүй. Ингэж бодсоноор шархаа улам сэдрээж, итгэл найдвараа бага багаар алдсаар байх болно. Шарх бол таныг доош татах зүйл биш, харин ирээдүйдээ улам хүчтэй нэгэн байхад тань туслах, чиглүүлэх багш юм. 

7. "БИ БУСДААС ӨӨР" 

Бусдаас өөр байгаадаа гутрах, гомдлох хэрэггүй. Өөрийн сул талаа давуу тал болгон ашиглаж, бусдаас өөр байгаагаа ашигтайгаар эргүүлэх олон боломж бий. Ухаантай хүн олон боломжгүй дотор байгаа ганц боломжийг олж хардаг бол мунхаг хүн дүүрэн боломжин дотор байгаа ганц боломжгүйг олж хардаг гэдэг шүү дээ. Тиймээс сайн баг хамт олны хүчээр бие биенийхээ дутууг нөхөх, өөрийн хичээл зүтгэлээр бусдаас өөр байдлаа давуу тал болгон ашиглах боломжтой шүү.  

Эх сурвалж: Business Insider 

#Хувь хүний хөгжил #Сэтгэл зүй