"Riverdale" цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-06-30

Бид өмнөх дугаараараа хайрын түүхийг хөгжилтэйгөөр өгүүлэх “What’s Wrong with Secretary Kim” цувралын талаар сонирхолтой баримтуудыг бэлтгэн хүргэсэн билээ. Харин энэ удаагийн дугаараараа Riverdale хотод өрнөх нууцлаг үйл явдлуудын тухай өгүүлэх “Riverdale” цувралыг онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 7/10
Киноны үнэлгээ /RottenTomatoes/: 86%
Эхний анги цацагдсан огноо: 2017 оны нэгдүгээр сарын 26
Нийт бүлгийн тоо: 4
Үйл явдал: Riverdale хот тайван, аюулгүйгээрээ алдартай хот байлаа. Нэгэн өдөр хотын дэргэдэх нуурын эргээс цогцос олдсоноор нууцлаг хэргүүд ар араасаа тохиолдоно. Ингээд ахлах сургуулийн сурагчид болох Archie, Betty, Jughead, Veronica нар эдгээр хэргийн учрыг тайлахаар өөрсдийн мөрдлөгөө эхлүүлдэг. Гэвч Riverdale хот хүн амины хэргээс илүү олон нууцыг өөртөө хадгалж байлаа. 

ДҮРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Цувралын дүрийн сонгон шалгаруулалтын үеэр жинхэнэ холион бантан болсон гэдэг. Тухайлбал кино багийнхан анх жүжигчин Cole Sprouse-д Archie Andrews-ийн дүрд тоглохыг санал болгож байжээ. Тухайн үед Cole энэхүү саналаас шууд татгалзсан ч Jughead Jones-ийн дүр маш их таалагдсан учраас цувралд тоглохоор шийдсэн байна. 

Өнөөгийн залуусын дунд "13 Reasons Why" цувралын Hannah-ийн дүрээрээ алдаршсан жүжигчин Katherine Langford Betty-гийн дүрд тоглохоор сонгон шалгаруулалтад оролцож байжээ. Түүнээс гадна Veronica-гийн дүрд тоглосон жүжигчин Camila Mendes, Madelaine Petsch, "Chilling Adventures of Sabrina" цувралын Sabrina буюу жүжигчин Kiernan Shipka нар ч мөн энэхүү дүрд тоглохоор шалгуулж байсан аж. 

ЦУВРАЛ ДЭЭР ОГТ ҮГ ДУУГАРААГҮЙ ДҮР

Цувралд ямар ч үг хэлдэггүй ч яалт ч үгүй гол зангилаа болсон дүр бол Jason Blossom юм. Хэдий тэрээр энэхүү цувралд нэг ч үг хэлдэггүй ч үзэгчдийн дунд маш алдартай гэнэ. 

RIVERDALE ЦУВРАЛ ЦАГ ХУГАЦААГААР АЯЛАХ УУ?

"Riverdale" цувралыг "Archie" комик зохиолоос сэдэвлэн бүтээсэн билээ. Энэхүү комик 1942 оноос өнөөдрийг хүртэл үргэлжилж буй юм. 

Харин кино багийнхны зарим гишүүд уг комик зохиолоос "Riverdale" цувралыг сэдэвлэн бүтээхдээ нэг бол цаг хугацаагаар аялдаг үйл явдал бүхий цуврал эсвэл бүрэн хэмжээний кино болгон бүтээх саналтай байсан ч дийлэнх нь цувралаар хийх хүсэлтэй байсан тул нууцлаг төрлийн цуврал болон бүтжээ. 

Мөн энэхүү цувралын үйл явдал яг хэдэн оны үед өрнөж байгаа нь тодорхойгүй байдгийг анзаарсан уу? Жишээлбэл киноны ерөнхий засал чимэглэл, машин, байшин барилгууд хуучны өнгө аястай ч дүрүүд сүүлийн үеийн техник технологиудыг ашиглаж байгаа нь маш их эргэлзээг төрүүлж байгаа юм. 

"POP'S" ЦАЙНЫ ГАЗРЫГ АНДУУРСАН НЬ

Гүзээлзгэнэ, шоколадтай амтат шэйкүүд, арааны шүлс асгарам бургер, шарсан төмс, тухтай буйдантай "Pop's" цайны газарт зураг авалт хийхийн тулд кино багийнхан маш чадварлагаар ажилласан. Тэдний хичээл зүтгэл бүр дэндүү байсан ч гэж хэлж болно. Нэгэн удаа кино зураг авалтын үеэр маш их өлссөн жолоочид "Pop's" цайны газрыг жинхэнэ цайны газар гэж бодоод ороод ирсэн гэдэг. 

ARCHIE-ГИЙН БЭРТЭЛ

Цувралын нэгдүгээр бүлэг дээр Cheryl нуурын усанд живж, Archie түүнийг аврахаар нуурын мөсөн давхаргыг нударгаараа цохидог хэсгийг санаж байна уу? Тухайн зураг авалтын үеэр жүжигчин KJ Apa жинхэнээсээ гараа хугалан бэртэл авч байжээ. Тэрээр "Tv Line" сайтад өгсөн ярилцлагадаа: 

- "Хэдийгээр зураг авалтын үеэр мөсөн дээр хөөсөнцөр тавьчихсан байсан ч би жүжиглэлтэндээ улайраад хөөсөнцрийг хэт хүчтэй цохиод гараа хугалж байсан. Эхэндээ юу ч мэдрээгүй ч 20 минутийн дараачаас маш хүчтэй өвдөж, гараа хугалсан гэдгээ мэдсэн. Гэхдээ тухайн үед хэнд ч хэлэлгүй нуусан" гэжээ. 

ARCHIE + BETTY

Хэдийгээр Archie Veronica-тай, Betty Jughead-тэй үерхдэг ч жүжигчин KJ Apa Archie Betty хоёрыг хамт байлгахыг хүсдэг талаараа нэгэн ярилцлагад дурдаж байжээ. Киноны эх зохиол болох "Archie" комик зохиолд дүрслэгдэх Archie, Betty хоёрын харилцаа Америкчуудын дунд их алдартай тул тэднийг нийлүүлэхийг хүсдэг аж. 

Харин жүжигчин Camile Mendes-ийн хувьд Jughead, Veronica хоёрын зан ааш, байгаа байдал зэрэг нь хоорондоо яг тохирох гэнэ. 

2 ДОЛОО ХОНОГТ 1 УДАА

Archie-гийн дүрийн салшгүй нэгэн хэсэг бол түүний улаан үс. Гэвч жүжигчин KJ Apa төрөлхийн хар бор өнгийн үстэй учир энэхүү дүрийг бүтээхийн тулд 2 долоо хоногт тутамд 1 удаа үсээ улаанаар будуулах шаардлага гардаг байна. Улаан өнгийн үстэй хүний хөмсөг мөн л улаан өнгөтэй байж таарах тул хөмсгөө ч бас будуулдаг гэнэ. 

Мөн жүжигчин KJ Apa энэхүү цувралд тоглохын тулд үсээ тогтмол будуулдаг цорын ганц жүжигчин биш. Жүжигчин Lili Reinhart цайвар бор өнгийн үстэй бол Cole Sprouse шаргал өнгийн үстэй юм. 

БОДИТ АМЬДРАЛ ДЭЭРХ ҮЕРХЭЛ

Жүжигчин Cole Sprouse болон Lili Reinhart нар 2018 оноос үерхэж эхэлсэн ч энэ оны тавдугаар сард хоёр тийш болсон билээ. Хэдийгээр талууд энэхүү мэдээллийг албан ёсоор батлаагүй ч тэдний ойр дотны хэд хэдэн хүмүүс энэхүү мэдээллийг батлаад байгаа юм. 

Мөн жүжигчин Camila Mendes болон Charles Melton нар 2018 онд үерхэж эхэлсэн ч 2019 оны сүүлээр хоёр тийш болсон билээ.

ИХ СУРГУУЛИЙН ТАНИЛУУД

Дээр дурдсанчлан жүжигчин Cole Sprouse энэхүү цувралд хамтран тоглосон жүжигчидтэйгээ харьцуулахад хамаагүй туршлагатай нэгэн. Тэрээр "The Suite Life of Zack and Cody" цуврал албан ёсоор зогссоны дараа өөрийн боловсролдоо анхаарахаар шийдэж Нью-Йоркийн их сургуульд археологийн чиглэлээр суралцах болсон юм. Тэгвэл яг тухайн үед жүжигчин Camila Mendes ч мөн тус сургуульд суралцаж байсан бөгөөд хэд хэдэн удаа тааралдаж байсан талаараа нэгэн ярилцлагын үеэр хэлж байсан удаатай. 

JUGHEAD-ИЙН ШҮТЭН БИШРЭГЧИД

Жүжигчин Cole Sprouse 13 настайдаа өөрийн ихэр ах Dylan Sprouse-ийн хамтаар "The Suite Life of Zack and Cody" (2005) цувралын гол дүрүүдэд тоглож байсан билээ. Тэгвэл "Riverdale" цувралын ихэнх жүжигчид багадаа түүний тоглосон цувралыг үзэх дуртай байжээ. 

CHERYL BLOSSOM-ИЙН АЙДАС 

Cheryl Blossom бол өөртөө маш итгэлтэй, шийдэмгий охины дүр. Харин түүний дүрд тоглосон жүжигчин Madelaine Petsch их уснаас айх айдастай ч кинонд устай холбоотой хэд хэдэн үзэгдлүүд гардаг. Тэрээр энэхүү дүрд тоглохын тулд айдсаа даван туулж, тухайн хэсгүүдийг маш чадварлагаар бүтээж чадсан билээ. Аргагүй л жүжигчин хүний ур чадвар шүү. 

СҮРДҮҮЛЭХ ЗАХИДАЛ 

Харин Toni Topaz-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Vanessa Morgan цувралын шүтэн бишрэгчдээс сүрдүүлэх захидал хүлээж авч байсан гэдэг. Учир нь цувралын хоёрдугаар бүлгийн нэгэн ангид Jughead болон Toni нар үнсэлцэж буй хэсэг гардаг бөгөөд зарим үзэгчид энэхүү хэсгийг үзээд ихэд ундууцан, Betty болон Jughead нарын үерхлийг нурааж, голоор нь орсон учраас "ална, гэмтээнэ" гэх утга бүхий сүрдүүлэх захидлуудыг илгээж байсан гэнэ. 

Эх сурвалж: Marie Claire

#Бидний мэдэхгүй баримтууд #Riverdale