“The Simpsons” цувралын зөгнөлүүд БОДИТ БАЙДАЛ дээр биеллээ олсон нь


АНУ-ын "The Simpsons" цуврал 1989 оны арванхоёрдугаар сарын 17-нд нэгдүгээр бүлгээ цацсанаас хойш өнөөдрийг хүртэл 694 анги бүхий 32 бүлгийг олны хүртээл болгоод байна. Энэхүү цувралд гарсан зарим үйл явдлууд бодит амьдрал дээр биеллээ олсон нь хуйвалдааны онолчид олон улсын нууц баримтууд уг цувралын зохиолчдын гарт орсон хэмээн сэжиглэхэд хүргэсэн юм. Эдгээр онолуудад итгэдэг хүмүүс байхад 384 анги гарсан юм чинь зарим үйл явдлууд нь биелэлгүй л яах вэ дээ гэж үздэг ч хүмүүс бий. Ингээд 31 жилийн турш үргэлжилж буй "The Simpsons" цувралын ямар үйл явдлууд бодит амьдралд биеллээ олоод байгааг харцгаая. 

1. ДОНАЛЬД ТРАМП АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН НЬ

"The Simpsons" цувралын одоогоос 20 жилийн өмнө буюу 2000 онд гарсан нэгэн ангид АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоныг харуулдаг. Энэ нь 16 жилийн дараа биеллээ олсон билээ.

2. ГУРВАН НҮДТЭЙ ЗАГАС

Харин хоёрдугаар улирлын 4-р ангид ер бусын гурван нүдтэй загас гардаг. Хожим 2011 онд Аргентинаас 3 нүдтэй загас олджээ.

3. МИКЕЛАНДЖЕЛОГИЙН ДАВИДЫН ХӨШӨӨ

"Itchy and Scratchy and Marge" хэмээх ангид алдарт Давидийн хөшөөг хэт "нүцгэн" байна хэмээн орон нутгийн музейд тавихыг эсэргүүцэж хувцас өмсгөдөг. Тэгвэл 2016 оны долдугаар сард ОХУ-ын суртал ухуулагчид Санкт-Петербург хотын төвд Сэргэн мандалтын хөшөөний дуураймлыг хувцаслах талаар санал хураах үед зөгнөл бодитоор биелсэн юм.

4. THE BEATLES ХАМТЛАГААС ИРСЭН ЗАХИДАЛ

Цувралын нэгэн ангид "The Beatles" хамтлаг фэнүүдийнхээ хэдэн арван жилийн өмнө өөрсдөд нь хаяглан бичиж байсан захидлуудад хичээнгүйгээр хариу бичиж байгаагаар гардаг. Гэтэл 2013 оны есдүгээр сард тус хамтлагийн хоёр шүтэн бишрэгч 50 жилийн өмнө илгээсэн захидлынхаа хариуг дуучин Пол МакКартнигээс авчээ. 

5. УХААЛАГ ЦАГ

1994 онд гарсан нэгэн ангид ухаалаг цагийг дүрсэлдэг бол 2015 онд "Apple" компани анхны ухаалаг цагаа танилцуулж байсан билээ. 

6. ЛОНДОНГИЙН ШИЛЭН ЦАМХАГ

1995 онд цацагдсан "Lisa's Wedding" ангид хожим 2014 онд баригдсан Лондонгийн шилэн цамхгийн өндөр, хэлбэр, байршлыг нь яг бодит мэт дүрсэлсэн нь үнэхээр итгэмээргүй тохиолдол байв.

7. РОБОТ НОМЫН САНЧ

Мөн л "Lisa's Wedding" ангид номын санчдыг роботоор орлуулж байгаа үйл явдал гардаг. Тэгвэл энэхүү анги цацагдсанаас 20 гаруй жилийн дараа Аберистайтын их сургуулийн робот, техникийн ангийн оюутнууд явдаг номын санч роботын загварыг зохион бүтээсэн бол Сингапурын эрдэмтэд робот номын санчдаа туршаад эхэлжээ. 

8. ЭБОЛА ВИРУС

Эбола вирусийн тархалтыг үйл явдал болохоос 17 жилийн өмнө буюу 1997 оны есдүгээр бүлгийн 3-р ангид зөгнөсөн байв.

9. "WALT DISNEY" КОМПАНИ “20th CENTURY FOX” КОМПАНИЙГ ХУДАЛДАЖ АВСАН НЬ

Цувралын аравдугаар бүлгийн 5-р ангид дэлхийн томоохон кино компаниудын нэгт тооцогдох "Walt Disney" компани “20th Century Fox” компанийг худалдан авч буй үйл явдал гардаг. Үзэгчдийн хувьд өрсөлдөгч компаниудыг ийн харуулсан нь хэзээ ч байж боломгүй мэт үйл явдал байлаа. Харин 2019 онд "Walt Disney" компани "The Simpsons" цувралыг бүтээсэн “20th Century Fox” кино компанийг 52.4 тэрбум ам.доллараар худалдаж авсан юм.

10. TOMACCO

1999 онд гарсан нэгэн ангид Хомер цөмийн энергийг ашиглан улаан лооль болон тамхины ургамлаас Tomaccо-г гарган авдаг. Энэ ангийг үзсэн цувралын шүтэн бишрэгч Rob Baur өөрийн Tomacco-ны үйлдвэрийг байгуулах санааг олсон байна. Ингээд 2003 онд Rob үйлдвэрээ байгуулсан бөгөөд кино зохиолчид түүнийг оффис дээрээ урьж, бүтээгдэхүүнийг нь амсаж үзсэн түүхтэй. 

11. САНАЛ ХУРААЛТЫН АЛДААТАЙ МАШИН

2008 оны нэгэн ангид Хомер АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Barack Obama-д саналаа өгдөг ч санал хураалтын машин саналыг нь өөрчилдөг. Үүнээс 4 жилийн дараа Пенсильвани мужийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах машин Barack Obama-д саналаа өгсөн ард түмний саналыг өрсөлдөгч Бүгд найрамдах намын Mitt Romney-д өгсөн болгож өөрчилж байжээ. 

12. ГРЕК УЛСЫН ЕВРОПЫН ХОЛБООНООС ГАРАХ ШИЙДВЭР

"Politically Inept, with Homer Simpson" гэх ангид гарч буй мэдээний доор "Европ Грек улсыг Ebay сайтаар зарна" гэсэн бичиг урсаж буйг харуулдаг. Энэ анги гарснаас хойш 4 жилийн дараа буюу 2017 онд ХБНГУ-ын Чөлөөт Ардчилсан Намын дарга Грек улсыг өрийн байдал дээр нь үндэслэн Европын Холбооноос гарах тухай бодож эхлэх хэрэгтэй гэж мэдэгджээ.

13. LADY GAGA-ИЙН АГААР ДАХЬ ҮЗҮҮЛБЭР

2012 онд гарсан энэхүү ангид дуучин Lady Gaga тоглолтон дээрээ мөнгөлөг хувцас өмсөн агаар дээр үзүүлбэр үзүүлдэг. Гэтэл 5 жилийн дараа "Super Bowl" тэмцээний завсарлагааны үзүүлбэрийн үеэр дуучин Lady Gaga жинхэнээсээ агаар дээр, мөнгөлөг хувцастайгаар үзүүлбэр үзүүлжээ.

14. “GAME OF THRONES” ЦУВРАЛЫН ЛУУТАЙ ҮЗЭГДЭЛ

Алдарт “Game of Thrones” цувралын 2019 онд цацагдсан сүүлийн бүлэг дээрх аварга луу гэм зэмгүй ард иргэдийг устгаж буй үзэгдэл үзэгчдийг багагүй цочирдуулсан билээ. Яг ийм үзэгдэл “The Simpsons” цувралын 29-р бүлгийн эхний анги дээр гардаг байна.

15. ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ ЦАМХАГ ТЕРРОРИСТ ХАЛДЛАГАД ӨРТСӨН НЬ

Дэлхийн худалдааны байгууллагын хоёр ихэр цамхаг 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр террорист халдлагад өртсөн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэгвэл цувралын 1997 оны “The City of New York vs Homer Simpson” хэмээх ангид Хомерын барьж буй Нью-Йорк хотыг харуулсан сурталчилгааны зурагт Дэлхийн Худалдааны цамхаг болон террорист халдлага болсон сар өдрийг харуулсан байдаг.

16. ВИДЕО ДУУДЛАГА

Дижитал эрин үеийн хамгийн том шийдэл бол дүрс дүрсээ харж ярилцах боломжтой болсон явдал. Тэгвэл үүнийг мөн л цуврал дээр зөгнөж байжээ.

17. ЖҮЖИГЧИН TOM HANKS

Жүжигчин Tom Hanks энэ оны эхээр "COVID - 19" вирусийн халдвар авснаа өөрийн цахим хуудсаар дамжуулан зарлаж байсныг санаж байна уу? Гэтэл тус цувралын 2007 онд гарсан анги дээр жүжигчин Tom Hanks вирус туссан байдалтайгаар гардаг байна.

18. РОБОТЫН ЭРИН ҮЕ

Та бүхэн роботууд дэлхийг эзэлж, хүн төрөлхтнийг боолчилж байгаа зураглалыг харж байгаа байх. Одоогоор энэхүү үйл явдал биеллээ олоогүй ч олохгүй гэхийг үгүйсгэхгүй. 

19. ЛАЗЕР МЭС ЗАСАЛ

Лазер нүдний мэс засал хөгжөөд 20 гаруй жил болж байна. Харин тэд 1994 оны тавдугаар улирлын нэг ангидаа лазераар нүдээ эмчлүүлж буй хүний талаар анх дүрслэн харуулжээ.

20. ТАБЛЕТ

Техник технологийн салбарт таблет гарч ирснээс хойш тийм ч олон жилийн хугацаа өнгөрөөгүй байна. Харин цуврал дээр Симпсоны гэр бүл таблетыг өдөр тутмын хэрэглээндээ аль хэдийнэ нэвтрүүлсэн байдаг.

22. “АЛУУРЧИН” ЗӨГИЙ

"The Simpson" цувралын ертөнцөд аймшигт, үхлийн аюултай зөгийн тухай үйл явдал дүрслэгддэг. Тэгвэл өнгөрсөн жил амь насанд халтай "алуурчин" зөгий Америк нутгийг түйвээсэн байна. "New York Times" сонины газраас мэдээлж буйгаар энэхүү зөгийнд хатгуулбал том, хурц үзүүртэй зүйлд биед шигдэж байгаа мэт мэдрэмж төрдөг аж. 

Эх сурвалж: Business Insider

#The Simpsons #Зөгнөл #Анимэйшн