Энэ долоо хоногийн онцлох жүжигчин: Jason Momoa


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-06-25

Урт буржгар үс, нүүрэн дээрх сорви хийгээд хэн ч сүрдэм биерхүү байдал нь хөгжилтэй, хүүхэд шиг араншинтай нь эсрэгцэж байдаг жүжигчин Jason Momoa-г та бид “Aquaman” (2018), “Game of Thrones” (2011-2019) зэрэг бүтээлүүдээр нь сайтар мэдэх билээ. Тэгвэл энэ удаагийн “Artist of the Week” булангаараа бид та бүхэнд түүний карьер болоод хувийн амьдралын талаар сонирхолтой мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байна!

Joseph Jason Namakaeha Momoa нь 1979 оны наймдугаар сарын 1-ний өдөр АНУ-ын Хавай мужид мэндэлжээ. Тэрээр хүүхэд насаа ээжийнхээ хамтаар АНУ-ын Айова мужийн Норволк хотод өнгөрөөж, Хавайн их сургуулийг төгссөн байдаг.

Тэрээр өсвөр насны хөвгүүн байхаасаа л өндөр, биерхүү нэгэн байсан бөгөөд одоогоор 193 см өндөртэй. Тиймдээ ч түүнийг 19 настайд Eric Chandler болон Takoe Kobayashi зэрэг дизайнерууд моделиор ажиллах санал тавьж байсан гэдэг. Улмаар Jason тэдний саналыг хүлээж авч 2009 онд Хавай мужийн “Оны Шилдэг Модель”-оор тодорч байжээ. Ингээд тухайн жилдээ “Baywatch: Hawaii” (1999-2001) цувралын Jason Ioane-ий дүрээр жүжигчний гараагаа эхлүүлсэн бол үүнээс 2 жилийн дараа гарсан “Baywatch: Hawaiin Wedding” (2003) кинонд ч мөн Ioane-ий дүрийг дахин бүтээсэн байна. 

Түүний тоглосон анхны бүрэн хэмжээний кино нь найруулагч Christopher Erskin-ий “Johnson Family Vacation” (2004) байв. Тухайн жилдээ тэрээр "North Shore" цувралын Frankie Seau-гийн дүрийг бүтээсэн бөгөөд цувралын нийт 21 ангид тоглосон. 

2005 оноос Jason “Stargate: Atlantis” цувралын Ronan Dex-ийн дүрд тоглож эхлэв. 5 бүлгийн туршид үргэлжилсэн уг цувралд дүр бүтээхийн тулд тулааны урлагаар хичээллэж эхэлснээс гадна үсээ уугуул Америкчуудын уламжлалт үс засалтын нэг болох dreadlocks засалтаар зассан гэдэг. Түүний энэхүү алхам ч олны анхаарлыг татсан юм. 

Jason Momoa-г тодотгож өгдөг зүйлсийн нэг бол түүний зүүн хөмсөг дээрх сорви. Тэрээр 2008 онд Холливудын нэгэн клубд Dominic Bando гэх залуутай муудалцаж, нүүрээ шар айрагны хагархай шилээр маш гүнзгий зүсүүлж байсан бөгөөд 140 орчим оёдол тавиулсан байна. 

“Stargate: Atlantis” цуврал гарч дууссаны дараа Jason шуудхан л дараагийн ажилдаа орсон нь инээдмийн цуврал болох "The Game" (2009) байв. Гэвч олны анхаарлыг үүнээс ч илүү татсан цуврал бол HBO сувгийн бүх цаг үеийн хамгийн алдартай цувралын нэг “Game of Thrones” (2011-2019) байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Тэрээр уг цувралын Khal Drogo-гийн дүрийг бүтээсэн бөгөөд цувралын туршид дүрээ улам сонирхолтой болгохын тулд өөрийн санал, санаачилгуудыг оруулж байсан гэдэг. Тиймдээ ч Khal Drogo-гийн дүр бол түүний хамгийн чадварлагаар жүжиглэсэн дүрүүдийн тоонд албан ёсоор багтана. Ширүүн, хэрцгий ч гэмээр омгийн ахлагчийн энэхүү дүрээр тухайн жилийнхээ "CinemaCon" шагнал гардуулах ёслолын "Шилдэг Өсөх Ирээдүйтэй Эрэгтэй жүжигчин" шагналын эзэн болж байжээ. 

Jason 2014 онд зохиолыг нь хамтран бичиж, найруулж, тоглосон өөрөө гол дүрд нь тоглосон “Road to Paloma” киногоо олны хүртээл болгосон бөгөөд уг бүтээлд түүний эхнэр Lisa Bonet  ч мөн дүр бүтээснийг дурдах нь зүйтэй байх. Харин түүний супер баатрын замнал нь “Batman v Superman: Dawn of Justice” (2016) кинонд Aquaman-ий дүрийг бүтээснээр эхэлсэн юм. Мөн л 2016 онд тэрээр “The Bad Batch” нэртэй триллер төрлийн кинонд хүний махан идэштний дүрийг бүтээж, “Frontier” (2016) нэртэй 12 ангит цувралын продюсерээр ажиллаад ч зогсохгүй Declan Harp-ийн дүрийг бүтээсэн. Энэ дүр ч кино шүүмжлэгчдээс багагүй өндөр оноог аваад амжсан. 

2017 онд "Justice League" кинонд ахин Aquaman-ий дүрийг бүтээсэн бөгөөд зураг авалтын дундуур Aquaman-ий хувцастай байхдаа ч гитар тоглож үзүүлдэг байсныг нь киноны арын багийнхан дурдаж байсан удаатай. Улмаар 2018 онд Aquaman-ий түүхийг өгүүлэх “Aquaman” бүрэн хэмжээний кино олны хүртээл болсонтой зэрэгцэн Jason-ий шүтэн бишрэгчид хэд дахин нэмэгдэж байсан билээ.

Ингээд ч зогсохгүй тэрээр олон улсын хэмжээнд дэлхийн хамгийн царайлаг эрэгтэйг шалгаруулах олон нийтийн санал асуулгад тэргүүлэн 2018 оны "Хамгийн Царайлаг Залуу"-гаар тодорч байлаа. 

Харин энэ жил Jason шинжлэх ухааны уран зөгнөлт кино болох “Dune”-д Duncan Idaho-гийн дүрийг бүтээж буй юм. 2021 оны хувьд “Sweet Girl”, “Zack Snyder’s Justice League” кинонуудад дүр бүтээнэ хэмээн мэдэгдээд байгаа билээ.

Хувийн амьдралын тухайд жүжигчин Lisa Bonet-тэй гэр бүл болж, одоогоор 3 хүүхдийн хамт амьдардаг. Тэдний хайрын түүх их алдартай гэж хэлж болно. Учир нь Jason 8 настай байхдаа ирээдүйн эхнэр Lisa-г зурагтаар харчихаад шууд л дурлаж байсан гэдэг. Ингээд тэр 2005 онд буюу 25 настайдаа жүжигчин Lisa Bonet-тэй албан ёсоор үерхэж, 12 жилийн дараа гэрлэлтээ батлуулсан билээ. 

Jason Momoa ихэнх үед маш хүчтэй баатар эсвэл хэрцгий балмад нэгний дүрийг бүтээдэг учраас аливаа ярилцлага, нэвтрүүлэгт оролцох бүрд үзэгчид түүнийг үнэн хэрэгтээ хэчнээн зөөлхөн, дулаахан нэгэн байсныг нь гайхан биширдэг. 

Эх сурвалж: Imdb, Wikipedia

#Artist of the Week #Jason Momoa